Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь толилуулж байна.
Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд,
Эрхэм хүндэт Элчин сайд, эрдэмтэн судлаач, зочид төлөөлөгчид өө
Өнөөдөр бид Монгол Улсын ардчилсан засаглалын тулгуур багана болсон парламентын хяналтын тухай, энэ хяналтыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх тухай хэлэлцэхээр чуулаад байна.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль бүсчилсэн, холимог тогтолцоогоор явагдаж, түүний үр дүнд улс төрийн 5 нам, нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ парламент бүрдээд байна. Бид хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх, ард иргэдийн төрдөө итгэх итгэл, хүлээлтийг бодит болгох, шинэ үеийн парламентыг төлөвшүүлэх томоохон зорилтуудыг тавин ажиллаж эхлээд байна.
Энэ хүрээнд Улсын Их Хурлаас батлагдан гарч буй хуулиуд хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргах, хуулийг иж бүрэн зохицуулалттай, тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг зөв тодорхойлох зорилгоор “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд байна.