Эко автомашин импортлогчдын холбоо ТББ, Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо ГҮТББ-аас шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийж, доорх мэдэгдлийг гаргалаа. Мөн тус холбоодоос Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг ард иргэдийг ажил мэргэжлээр нь доромжилсон үгэндээ уучлалт гуйхыг шаардав.
Эко автомашин импортлогчдын холбоо ТББ-ын тэргүүн Ц.Лхагважав: Хууль, тогтоол, журмууд амьдрал дээр хэрэгжих боломжгүй байдалтай байна. Тухайлбал, нийслэлд автомашины дугаар олгохыг зогсоосноос хойш улсын бүртгэлийн системээр олгодог дугаар хар зах дээр үнэтэй болсон. Улсын дугаар хамгийн багадаа 2 сая төгрөгийн үнэтэй болоод байна. Хөдөө орон нутаг оршуулгын цэг юм уу гэсэн яриа хүртэл гараад байгаа. Автомашины бизнес эрхлэгчид түгжрэлийн эсрэг Засгийн газар, УИХ, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, зорилтыг эсэргүүцээгүй. Харин дэмжиж байгаа. Гэхдээ хэрэгжүүлэх арга хууль, журам тогтоол нь амьдралд нийцэж байна уу гэдгийг эргэж хараач ээ. Иргэдийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр болсон юм биш үү. Бид өнөөдрийг хүртэл холбогдох хүмүүст албан бичгээр хандаад, ярьж зөвшилцсөний үүднээс энэ асуудлыг шийдээч гэж хэлж байгаа. Жишээлбэл, түгжрэлийг бууруулахын тулд иргэдэд сонгох хэлбэрээр, эдийн засгийн аргаар, шилжилтийн хугацаатай аргаар шийдэж болно. Ингэхгүйгээр гэнэтийн шийдвэр гаргах нь иргэд болон бизнес эрхлэгчдэд төрийн үйлчилгээний болон үнийн дарамтыг бий болгож байна. Бид эвтэй найртайгаар асуудлыг хэлэлцэж шийдэх байр суурьтай байсан ч НИТХ-ын хуралдааны индэр Хотын дарга Х.Нямбаатар маш ноцтой мэдэгдэл хийсэн. Өөрөөр хэлбэл, автомашины бизнес эрхэлж байгаа хүмүүсийг маш бүдүүлгээр гүтгэж, гутаан доромжилсон. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс хотын даргын мэдэгдэлд маш их эмзэглэж байна. Сонгууль дууслаа, маргааш нь та нар "май шүү" гэдэг шиг үгийг Хотын дарга хэлж болж байгаа юм уу. Эцэг хүн хүүхдүүдээ луйварчин, хулгайч, сайн гэж ялгадаггүй байх. Үүнтэй адилхан хотын дарга хотын иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хангахын төлөө ажиллах ёстой байх. Бид Монголд хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн бизнес хийж байгаа. Бид машин гаднаас оруулж ирж байгаа нь хотын даргын түгжрэлийг бууруулах бодлогыг эсэргүүцэж байгаа юм шиг хандлагыг Х.Нямбаатар дарга өгөөд байгаа нь буруу. Түгжрэлийн асуудал үүссэн нь бизнес эрхэлж байгаа бид, худалдан авч байгаа иргэдийн буруу биш шүү дээ. Өнгөрсөн 30 жилийн төлөвлөлтгүй газар олголт, авлигын үр дагавар. Бид нэр төрөө сэргээлгэхээр Ерөнхий сайдад хандаж, хууль шүүхийн байгууллагаар явна.