Open iToim app
CEO БЛИЦ:  МОНГОЛ ШУУДАН ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.ТЭЛМЭН
CEO | 10 мин уншина

CEO БЛИЦ: МОНГОЛ ШУУДАН ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.ТЭЛМЭН

Нийтэлсэн 2 өдрийн өмнө
“CEO” блиц ярилцлагын буландаа Монгол шуудан ХК-ийн гүйцэтгэх захирал Гэрэлтийн ТЭЛМЭН-г урилаа. Тэрээр МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг Олон улсын эдийн засгийн харилцааны бакалавр зэрэгтэй дүүргэсэн бол хожим нь БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Сонгюнкван их сургуулийн Бизнесийн сургуульд Менежментийн шинжлэх ухааны магистр зэрэг хамгаалжээ. Орос, Англи, Солонгос хэлээр чөлөөтэй ярих тэрээр хэр олон гадаад хэл эзэмшинэ төдий хэмжээгээр хүний ажлын болон амьдралын боломж нэмэгддэг гэж үздэг байна. Ажлын гараагаа гадаад компаниас эхэлж байсан бол 11 жилийн өмнө Монголдоо эргэн ирснээс хойш худалдаа үйлчилгээ, онлайн старт-ап, санхүү финтек болон шуудан харилцаа гэх мэт чамгүй олон салбарт ажилласан туршлагатай. Г.Тэлмэн нь дөнгөж 30 нас хүрэхдээ Дэд захирлаар нь ажиллаж байсан Монгол Шуудан ХК-даа энэ жил анх удаа сонгон шалгаруулалтаар шалгарч, Гүйцэтгэх захирлаар томилогдон дөрвөн жилийн дараа эргэн иржээ.
-ТАНЫ АЖИЛЛАЖ БАЙСАН ХАМГИЙН ОНЦЛОХ ТӨСЛИЙГ НЭРЛЭВЭЛ...?
-Би Монгол шуудан ХК-д хэрэгжүүлж байсан Бүтээмжийн хорооны төслөө хамгийн их дурсах дуртай. Манай компани 2017 онд ре-брендингийн ажлын хүрээнд компанийн лого, өнгө, төрх, ажилчдын хувцас, хэрэглэл, цүнх гээд олон зүйлээ сольсон. Тэр үедээ л хамгийн гоё, чанартай гээд шууданчийн цүнхийг сольж байсан. Гэтэл тухайн цүнх өөрийн жин нь 2.5 кг  бөгөөд шууданч үүндээ ачаа үүрч явах ёстой гэхээр хэтэрхий хүнд болоод байсан. Би үүнээс аливаа шийдвэрийг гаргахдаа тухайн зүйлийг хэрэглэгч талыг оролцуулахгүйгээр шийдэх нь буруу юм байна гэдгийг ойлгосон. Алдаанаасаа суралцсан гэж хэлж болно. Түүнээс хойш яаж ийм нүсэр бүтэцтэй буюу 1000 хүний асуудлыг шийдэх вэ, зөвхөн удирдлагад байгаа 10 хүн асуудлыг шийдээд байх нь зөв үү гэх асуулт урган гарч, удалгүй Бүтээмжийн хороог санаачилж байсан. Энэ хороо нь сар болгон сэдэв гаргана, тухайн сэдэвт бүх ажилтнууд санал өгдөг байлаа. Хэрэв тухайн сэдэв компанид ач холбогдолтой гэж бид шалгаруулах юм бол түүнд тодорхой хэмжээний баг томилогдож, төслийг сайжруулах урамшуулал, төсөв гаргадаг байлаа. Бүтээмжийн хорооны бүтцээр бид олон жижиг сайжралтуудыг Монгол шуудан ХК-д хийж байсан нь сэтгэлд тод үлдсэн дээ.
-ТУХАЙН ТӨСЛӨӨС ТА ЮУГ ХАМГИЙН ИХ СУРАЛЦСАН БЭ?
-Төслийн багийг бүрдүүлэхдээ зөвхөн захирлуудыг биш дунд шатны менежерүүдийг хамруулсан. Бүтээмжийн хорооны хурлыг анх эхлүүлж байхад “Зарим хүн би захирал, би илүү туршлагатай гэдэг байдлаар давамгайлах үзэгдэл их байлаа. Бүтээмжийн хорооны хуралд оролцогч гишүүн нэг бүр ижил тэгш эрхтэй гэдгийг ойлгож, ойлгуулах их чухал байсан.  Бид хурлаа хийж байхдаа цаг хэрхэн өнгөрч байгааг ч анзаарахгүй, бүр тасралтгүй 5-6 цаг хуралдах үеүд ч байлаа. Мөн дараа дараагийн ажил, карьерын шийдвэр гаргалтад энэ төсөл их нөлөөлсөн гэж боддог. Учир нь шийдвэр гаргахдаа бусдыг сонсох хэрэгтэй гэдгийг сайтар ойлгосон. Түүнчлэн, шийдвэр гаргалт зөв бөгөөд хурдан байхын тулд захирал хамгийн мундаг нь байх биш мэдээлэлд ойрхон байгаа хэсгийн оролцоог нь хангахын чухлыг, магадгүй тухайн хүмүүст өөрсдөө тодорхой хэмжээний шийдвэр гаргах эрхийг нь төлөөлөн гүйцэтгүүлэн өгөх ёстой гэх мэт менежментийн олон чухал арга хэрэгслийг амьдрал практик дээр туршиж ойлгосон.
 -ТА ӨНӨӨГ ХҮРТЭЛХ КАРЬЕРЫН ТҮҮХЭЭ ЮУ ГЭЖ, ЭСВЭЛ ЮУТАЙ ЗҮЙРЛЭХ ВЭ?
-Алдаа, онооны төгсгөл үгүй үргэлжлэл гэж тодорхойлмоор юм уу. БНСУ-ын LG компанид ажиллаж байх үед тохиолдсон нэгэн үйл явдал магадгүй миний ажил карьерын эргэлтийн цэг болсон гэж үздэг. 2014 оны зуны нэгэн даваа гарагийн өглөө Монгол дахь төлөөлөгчийн газрын хурал дээр LG компани Монгол дахь үйл ажиллагаагаа хааж, Мьянмар улсад шинээр салбар нээх болж байгаагаа дуулгав. Үндсэндээ бид бүгд ажилгүй болж байгаа гэсэн мэдээ гэсэн үг. Бакалавр, магистраа хамгаалсан бас болоогүй хэдэн гадаад хэлээр ярьж долларын цалинтай өдөр бүр ингээд л өнгөрөх ёстой юм шиг ирээдүйн талаар бодох ч сөхөөгүй тайван амгалан явсан хүний хувьд айхтар цохилт бас ухаарал өгсөн үйл явдал. Хүн тайвширч болдоггүй юм байна, байнгын сурч хөгжиж байх ёстой юм байна, карьер төлөвлөлт гэж зүйл хийж бас өөрийнхөө өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж тасралтгүй суралцах ёстой юм байна гэдгийг дэндүү сайнаар ойлгуулсан үйл явдал. Ингээд дахин нэг компанид ажилд орох нэг бол зориглоод хувийн юм аа хийж үзэх гэсэн сонголтын өмнө ирээд найзтайгаа нэгэн онлайн худалдааны старт-ап компани байгуулав. Энэ төслөө би хамгийн амжилттай болон амжилтгүй төслүүдийн маань нэг байсан гэж бодох дуртай. Хэдийгээр байгуулсан компани маань хамгийн амжилттай компани болж чадаагүй ч энэ төсөл дээр ажиллаж байсан бүх хамтрагчид бизнесийн, менежментийн маш олон зүйлийг суралцан өдгөө тус тусын салбартаа хийж бүтээж амжилттай явааг харах сайхан байдаг. Тэр дундаа би хувьдаа хүн гэдэг чинь уг чанартай энтерпренёр бүтээлч амьтан юм байна гэж өөрийгөө шинээр нээсэн үе юм уу даа. Энэ л үед ажлын хэмжээ биш үр дүнд чиглэхийг, бага нөөцөөр ихийг (more with less) хийх бүтээмжийг, 1000 мерчанттай уулзаад 700-д нь үгүй гэж хариулт авахдаа борлуулалт гэдэг зүйлийн чухлыг гээд менежментийн олон чухал зүйлийг суралцсан.  Үүний дараа Монгол Шуудан ХК-д Дэд захирлаар, Ард Кредит ХК-д Гүйцэтгэх захирал гээд өөр хоорондоо тэс ондоо салбарт корпорацын түвшинд ажиллахад тасралтгүй суралцах, тасралтгүй алдаа оноо хийж явах байдлаар өдий хүрчээ.
-БИЗНЕСТ ХАМТРАГЧ ЯАГААД ЧУХАЛ ВЭ. ТА ХАМТРАГЧАА ХЭРХЭН СОНГОГДОГ ВЭ?
-Хамтрагч маш чухал. “Хурдан явъя гэвэл ганцаараа яв. Хол явъя гэвэл олуулаа яв” гэдэг Африкийн зүйр үг хүртэл байдаг. Үүнтэй адилхан бизнесийн салбарт чи ганцаараа бол хэн ч биш. Тухайн ажлыг хийх зорилго нэгтэй, ур чадварын хувьд өөр хоорондоо ялгаатай хамтрагчтай байх нь зөв юм шиг санагддаг. Тэрнээс биш хамтрагч чинь чиний орлон тоглогч эсвэл чамтай адилхан байх албагүй. 
-ТАНЫ ШИЙДВЭР ГАРГАЛТАД БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ЮУ ВЭ?
-Хамгийн түрүүнд тухайн асуудалтай холбоотой бүх мэдээллийг бүрэн авсан байхыг чухалчилдаг. Мөн олгогдсон цаг хугацаанд багтаж хурдан шийдвэр гаргах нь чухал. Яагаад гэвэл бизнесийн ертөнцөд зөв шийдвэр гаргах гэж байна гээд судлаад байх цаг байдаггүй. Удирдлагын багийн хүний хамгийн чухал суралцах чадвар бол шийдвэр гаргах. Зөв, буруу нь хамаагүй хурдан шийдвэр гаргалт. Буруу байвал засаад л явна. Миний хувьд олгогдсон цаг хугацаанд боломжтой бүх мэдээллийг цуглуулаад, сайн сонсож байгаад хурдан шийдвэр гаргах зарчмыг баримталдаг. 

Амжилттай карьер гэдэг бол тасралтгүй сурч, хөгжих үйл явц юм

undefined
-УРАМ ЗОРИГ АВДАГ ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛЭЭ НЭРЛЭВЭЛ...?
-Нэгдүгээрт, гэр бүл үр хүүхэд. Хоёрдугаарт, аав ээжийнхээ надад итгэдэг итгэлээр нь цэнэглэгддэг. Гуравдугаарт, олон орноор явж гадаад оронд сурч, амьдарч байсан хүний хувьд тусгаар эх оронтой байна гэдэг үнэхээр эрх чөлөө юм билээ. Тусгаар эх орноороо бахархаж, урам зориг авч явдаг.
-АЖИЛТНУУДАА CARE-ЛДЭГ ТУРШЛАГАА ХУВААЛЦВАЛ...?
-Сүүлийн үед ажилтнуудаа care-лэх гэхээр яаж амьдрахыг нь хүртэл заах гээд зарим амжилттай яваа томоохон захирлууд арай хэтрүүлээд байх шиг анзаарагдаад байна. Миний хувьд ажлын харилцаанаас давсан байдлаар халамжлах гэж оролдох нь буруу гэж боддог. Яагаад гэвэл хүн бүрийн амьдрал өөр. Ажил олгогч болон ажилтнуудаас тухайн байгууллага бүрдэж буй. Иймээс ажилтнаа care-лэх гэдгийн цаана эхлээд байгууллагын зорилгоо ажилтнууддаа сайн ойлгуулах нь чухал юм шиг санагддаг. Жишээлбэл, сүүлийн ажил дээр маань FPO буюу нэмэлт хувьцаа гаргах ажил өрнөж байлаа. Маркетингийн ажлын хүрээд тодорхой постер, видео хийгээд ир гэхэд нэг л болж өгдөггүй. Тэгэхээр нь би маркетингийн бүх багаа цуглуулж байгаад FPO  гэж юу юм, манай компани яагаад FPO хийж байгаа юм, ямар ач холбогдолтой вэ гээд хурал хийж дизайнераас эхлээд маркетингийн бүх багийнхандаа ойлгуулах ажлыг хийв. Ажилтнууддаа хийх зүйлийн зорилгоо (Start with Why? гэж ярьдаг даа) сайтар ойлгуулах нь цаг тутам чиглэл өгөөд байх шаардлагагүй ажилтан хүн өөрөө сэтгээд аргыг нь олоод гүйцэтгэх боломж илүү бүрдүүлдэг юм билээ. Тиймээс ажилтнаа халамжлах гэж байгаа бол зорилгоо л сайтар ойлгуулах нь чухал. Хоёрдугаарт, гол нь хүнээ бодох ёстой. Захирал өрөөнд нь орж ирэхэд ажилтнууд сэтгэл зүйн айдасгүй орчинд ажиллаасай гэж боддог. Хүн сэтгэл зүйн хувьд тайван орчинд байхдаа хамгийн бүтээмжтэй, бүтээлч ажилладаг. Энэ нь судалгаагаар батлагдсан. Амжилттай явж байгаа байгууллагууд ажилтнуудынхаа сэтгэл зүйн аюулгүй байдлыг бий болгож чадсан байдаг. Мөн удирдлагын хувьд өнөө цагт зохистой ажлын байр бүрдүүлэхийн тулд хүний эрхийн мэдрэмжтэй байх нь их чухал.
-ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ?
-Би тав тухтай орчинд ороод ирэхээрээ өөртөө сорилтуудыг нэмж авах гэж хичээдэг. Сорилтыг даван гарахын тулд мэдэхгүй зүйл байвал суралцаж, хөгждөг. Иймээс карьерын хувьд айдасгүйгээр аль нэг өөр салбарт шилжиж ажиллаж чаддаг байх. Ганц мэргэжил эзэмшээд түүгээрээ 20-30  жил амьдардаг үе ард өнгөрөөд байна. Дэлхийн том лидерүүд өдрийн 30-40 хувийг шинэ зүйл сурахад, шинэ ажилд өөрийгөө зориулахад зарцуулдаг. Англид хийсэн судалгаагаар хүн амьдралдаа 3 удаа мэргэжлээ сольж, 7 удаа карьераа сольж байна. Тиймээс ажиллаж байхдаа өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх арга барилд суралцах нь чухал гэж хараад байгаа. 
-ТАНЫ ХАМГИЙН САЙН ДАДАЛ ЮУ ВЭ?
-Өмнө нь ярих дуртай, хүн ярьж дуусаагүй байхад өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх гээд байдаг байсан. Харин Солонгост ажиллах явцдаа хүнийг сонсож сурсан. Тэр тусмаа удирдлагын түвшинд ажиллаж байгаа хүн хамгийн сайн сонсогч байх ёстой. Харилцаа гэдэг зөвхөн ярих тухай асуудал биш, сонсох, харах, мэдрэх, биеийн хэлэмж гээд олон зүйл. Би сонсох чадвараа давгүй сайн хөгжүүлж чадсан нь миний хамгийн сайн дадал юм уу гэж боддог. Дараагийн сайн дадал бол алдаагаа хурдан хүлээн зөвшөөрөх, шинэ мэдээлэлд нээлттэй хандах. Мэдээж алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Байнга алдаж байгаа. Гэхдээ алдаагаа “Миний буруу юм байна шүү” гээд ичихгүйгээр, санаа зовохгүйгээр, захирал гээд хуурмаг эго гаргахгүйгээр хүлээн зөвшөөрч шинээр орж ирсэн мэдээлэлд нээлтэй байх чадвар чухал. Алдаанаасаа суралцаж, засах гэж хичээх нь тасралтгүй сайжрахын үндэс байх.
quote photo
Бүү яар гэхдээ бас бүү алгуурла
Монгол шуудан ХК-ийн гүйцэтгэх захирал Г. Тэлмэн
-АЖИЛ, АМЬДРАЛЫН БАЛАНС ЧУХАЛ УУ, ЯАГААД?
-Чухал байлгүй яах вэ. Гэхдээ ажил, амьдралын балансаа тогтвортой авч явдаг уу гэвэл бас үгүй. 11 жилийн өмнө Монголдоо ирээд 10 жилийн дараа тийм болно гээд зорилго тавьсан. Түүндээ хүрэхийн тулд ажилдаа илүү их цаг зарцуулах, гэр бүлийнхэндээ бага цаг гаргах гээд тодорхой золиос шаардсан. Золиос гаргахгүйгээр тухайн амжилтад хүрэх нөгөө талаас бас хэцүү. Гэхдээ одоо дараагийн 10 жилд ажил, амьдралын балансаа тогтворжуулах том зорилготой болсон. Амжилтыг албан тушаал, алдар нэрээр томьёолж болохгүй юм байна гэдгийг ойлгож яваа насандаа яваа юм уу даа.
-ТАНЫ ХОББИ ЮУ ВЭ?
-Миний хобби нэлээд өөрчлөгдөөд явдаг. Бага байхдаа хүүхэлдэйн киноны баатруудыг дуурайж зурах хоббитой байсан. Харин өсвөр насандаа долоо хоногийн зургаан өдөр усанд сэлэлтээр хичээллэдэг байлаа. Өнгөрсөн 10 жилийн хувьд олон нийтийн ажилд оролцох  хоббитой болсон. Өндөр хөгжилтэй орноос буцаад Монголдоо ирэхэд бүх юманд оролцох ч ёстой юм шиг санагдсан. Харин одоо бүх олон нийтийн ажлын албан тушаалаасаа буусан. Ажил, амьдралын баланс тал руугаа буюу эрүүл мэнддээ анхаарах, аялах, гэр бүлдээ илүү цаг зарцуулах хоббитой болох гэж хичээж яваа. 
-КАРЬЕРАА ЭХЛҮҮЛЖ БАЙГАА ЗАЛУУСТ ӨГӨХ ТАНЫ 3 ЗӨВЛӨГӨӨ?
-Манай ментор надад “Хүн эхлээд мэдлэг, хоёрдугаарт санхүү, гуравдугаарт, хүсэл тэмүүллийн төлөө карьераа өөрчилж явдаг” гэж хэлж байсан. Иймээс би дөнгөж карьераа эхэлж байгаа залууст юуны түрүүнд “Мэдлэг, ур чадварыг эрхэмлэ” гэж хэлмээр байна. Заавал том байгууллагад ажиллах  албагүй. Хамгийн гол нь чи хаана байвал сурч хөгжих үү гэдгээ бодоорой. 
Хоёрдугаарт, “Амьдралд бүү яар бас бүү алгуурла” гэж хэлмээр байгаа. Одоо цагт ажиллахгүйгээр азаар, хурдан түргэн амжилтад хүрч болох юм шиг ойлголт яваад байгаа нь их буруу. Амьдралд ч тэр, ажилд ч тэр тийм товчлол (shortcut) байдаггүй. Бүх зүйлд тодорхой цаг хугацаа шаардагдана. Чи ур чадвартай болж байж зах зээлд үнэлэгдэнэ. Тийм болохоор хурдан захирал болох, амжилтад хүрэх гээд яарах хэрэггүй. Нөгөө талаас  “Залуу байна, нас байна хэдэн жил болж байгаад хийе” гээд алгуурлах гээд байдаг буруу тал байна. Гэхдээ цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй. Тийм учраас л “Бүү яар гэхдээ бас бүү алгуурла” гэж хэлмээр байна. 
Гуравдугаарт, хийж байгаа бүх ажлаа хамаг чадлаараа л хийх хэрэгтэй. Залуусыг харахаар “Энэ байгууллага надад нээх таалагдахгүй байгаа болохоор би хичээхгүй байгаа юм” гэдэг. Гэхдээ чи тухайн байгууллагадаа өдөр бүр 9-18 цаг хүртэл амьдралынхаа цагийг нэгэнт л зориулж байгаа шүү дээ. Тэнд байгаа учир шалтгаан чинь тухайн байгууллага биш. Харин чи яах гэж энэ байгууллагад байгаагаа, сурч хөгжих, хийж бүтээх гэдгээ ойлгох нь зөв болов уу. Ийм учраас аль ч байгууллагад ямар ч ажил хийж байсан цагаа нэгэнт зарцуулж л байгаа бол том жижиг гэлтгүй бүх зүйлд бүх хүчээ дайчилж, тултал нь хийх гэж хичээх нь амжилт гаргахад чинь дэмтэй гэж захимаар байна. 
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн