ЭМЯ-аас томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин 45-р долоо хоногийн байдлаар идэвхжилийн түвшинд байгаа. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд амбулаториор 125882 үзлэг хийгдсэнээс 7869 тохиолдол оношлогдсон. Ингэхээр нийт үзлэгийн 6.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийслэлийн түргэн тусламжийн төвд сүүлийн долоо хоногт 10580 дуудлага ирснээс 13.4 хувь нь томуу, томуу төст өвчний дуудлага байна.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Батцоож: Томуугийн тархалт идэвхжиж байгаатай холбоотойгоор Нийслэлийн эрүүл мэндийн газраас дараах арга хэмжээг авч байна. Тухайлбал, Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийг нийт 22 бүст хуваагаад, бүс бүрд амбулатори эсвэл Өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа. Ажиллах цагийн хуваарийн хувьд ажлын өдөр 20.00 цаг хүртэл, амралтын өдөр 10.00-17.00 цагийн хооронд ажиллах зохицуулалттай байна. Нийслэлийн хэмжээнд нийт 1123 ор дэлгэж ажиллаж байна.
ЭХЭМҮТ-ийн Амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг: Одоо Рино, Адино, Сенсцал вирус илүү давамгай тархаж байна. Үүнтэй холбоотойгоор бага насны тэр тусмаа 0-2 хүртэлх насны хүүхдүүд их өвдөж байгаа. Ханиад шуухнаа өрхийн эмчийн хяналтад эмчлэгдэх боломжтой өвчин. Илэрдэг үндсэн шинжүүд нь өндөр халуурах, хоол идэх дуршил багасах, уйлагнаад байнгын тэврүүлэх гэсэн үндсэн зовууриуд илэрдэг. Хатгаа болж хүндэрч байгааг илтгэх үндсэн шинжүүд нь амьсгал олшрох, халуурах, ханиах, цээж хонхолзох зэрэг юм. Цээж хонхолзох шинж гэдэг нь амьсгал авах үед хавирганы нуман доогуур дотогшоо татагдахыг хэлнэ. Амьсгал олшрох шинж гэдэг нь амьсгаадах юм. Амьсгал бүтэн минутад тоолно. 0-2 сартай хүүхэд минутад 60 ба түүнээс дээш амьсгалбал амьсгал олширч байна гэж үзнэ. Хоёр сараас 1 нас хүртэлх хүүхэд миунтад 50 ба түүнээс дээш амьсгалбал амьсгал олширсонд тооцно. Эдгээр шинжүүд илрвэл хамгийн ойрхон буюу өрхийн эмнэлэгтээ хандаарай. Хатгааг өрхийн эмч 3 хоногийн давтамжтай үзэж, хянаад эмчлэгдэх боломжтой өвчин. Харин амьсгалын дутагдлын шинжүүд илэрсэн тохиолдолд эмнэлэгт хэвтэнэ.
Манай тасагт 2 хүртэлх насны хүүхдүүд илүү хэвтэж байгаа. Гэхдээ энэ жил өсвөр насны, сургуулийн насны хүүхдүүд нэлээд хэвтэж байна. Тэгэхээр энэ насны хүүхдүүддээ бас анхаарах хэрэгтэй байна гэсэн үг.
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд халдвар, хамгааллын дэглэмээ сайн баримтлах хэрэгтэй байна.