УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна.
Хуулийн төсөлд ураны суурь АМНАТ-ийг таван хувиар тогтоох санал оруулж ирсэн ч өнгөрсөн долоо хоногт Төсвийн байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцэхэд байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ураны суурь АМНАТ-ийг есөн хувь болгох санал гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна. Харин Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар суурь АМНАТ-ийг есөн хувь болгох саналыг дэмжээгүй. Суурь АМНАТ-ийг есөн хувь болговол ураны төсөл цааш явах боломжгүй гэсэн тайлбарыг зарим гишүүн хэлж байгаа юм. Уг саналыг дэмсэн, дэмжээгүй гишүүд үг хэллээ.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: 27 жилийн турш ярьсан ураны төслийг урагшлуулах зорилгоор Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. АМНАТ болон давуу эрхийн хувьцаа, татвар хураамжаар манай улс татвараа хангалттай сайн авна. Суурь АМНАТ 5, тусгай АМНАТ 5, өсөн нэмэгдэх АМНАТ 10 хувь авна. Дээрээс нь ААНОАТ 25 хувь авахаар байгаа. Мөн давуу эрхийн 10 хувийн хувьцаа авч байгаа. Энэ бүхэн нийлээд 51 хувиас дээш гарч байгаа. Монгол Улс энэ төслөөс хангалттай хэмжээнд ашгаа авах бүрэн боломжтой.
Ц.Даваасүрэн гишүүн суурь таван хувийн АМНАТ-ийг 9 болгох гэж байгаа нь ерөөсөө л энэ төслийг зогсоох гэсэн зорилготой. Ийм байдлаар асуудлыг гацаадаг хүмүүсийн үе өнгөрсөн.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлт бол ганцхан Зөөвч-Овоо гэдэг уурхайн төсөлд зориулсан юм биш. Цаашдаа уран олборлох асуудлыг том зургаар нь харах ёстой. Үүний цаана гаднын хөрөнгө оруулалтыг дэмжих үү, үгүй юү гэдэг шийдвэр гаргах гэж байна. Ард түмний төлөө гэж хэлчихээд ард түмэн баялагтаа эзэн байхын эсрэг санал гаргаад сууж байгаа нь харамсалтай. Бид өнөөдрийн үнэ цэнээрээ ч 14 хувийн АМНАТ авна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Нэг рүүгээ ямар их дайрч байна аа. Есөн хувийг ард түмэндээ өгье гэсэн нь юу буруу байгаа юм бэ. Хөрөнгө оруулагч тал АМНАТ-ийг есөн хувь болгоход бэлэн байна гэсэн. Асуудлаа л ярьж сурмаар байна. Хүн ярих хэрэггүй. Хөрөнгө оруулагч тал зөвшөөрсөн байхад өмнөөс нь битгий санаа зов.
Гишүүд үг хэлсний дараа байнгын хорооны дэмжсэн саналыг дэмжихгүй гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.4 хувь нь дэмжсэнээр АМНАТ таван хувь хэвээр үлдлээ. Зарчмын зөрүүтэй санал хураалт дуусч Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.