Open iToim app
Анализ | 5 мин уншина

МАН-ын бус манай засаг

МАН-ын бус манай засаг
Нийтэлсэн 2024 оны 11 сарын 15
Монгол Улсын Засгийн газрыг УИХ-д олон, цөөн суудалтай гурван нам хамтарч байгуулсан хэрнээ зөвхөн МАН-ын засаг юм шиг сөрөх хандлага түгээмэл байсаар байна. Ялангуяа, засгийн бүрэлдэхүүнд албан ёсоор ажиллаж байгаа АН-ын жирийн гишүүдээс эхлээд удирдах албаны хүмүүс ч “МАН-ын засаг, Л.Оюун-Эрдэнийн танхим хариуцлагагүй ажиллаж байна” гэх эсэргүүцэл шүүмжлэл гаргасаар байгаа. Энэ бол өрөөлийг чиглэсэн шүүмж бус өөрсөд рүүгээ үсчүүлсэн шүлс гэдгийг тэд ойлгохгүй байна.
Яагаад гэвэл хамтарсан Засгийн газраас гарч буй бодлого, шийдвэр бүхэн нэг намын буюу МАН-ын хүсэл зориг, хүч түрэмгийлэл огтоос биш. АН ч, ХҮН нам ч ялгаагүй ял, гавъяа бүхнээ яг тэнцүү хариуцах эрх хийгээд үүрэгтэй ил тод үйл ажиллагаа. Бүр тодруулж хэлбэл, бүх дарга нь албан ёсны гэрээнд гарын үсэг зурцгаасан. Ингэхдээ “Засгийн газраас аливаа шийдвэр гаргахад яамдын болон сайдын тооны харьцаанаас үл хамааран гурван нам ижил тэнцүү буюу 33.3 хувийн эрх, үүрэгтэй байна” гэсэн заалтыг удирдлага болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, МАН, АН, ХҮН нам гурваас аль нэг нь дур мэдэн шийдвэр гаргахгүй. Эрсдэлтэй алхам байлаа ч гурвуулаа гар гараасаа хөтлөлцөөд урагшаа эсвэл хойш алхана гээд тохирчихсон гэсэн үг.
Тэгэхээр Засгийн газраас олон нийтэд танилцуулж байгаа шийдвэр хийгээд УИХ дээр батлуулахаар оруулж ирж буй асуудлуудыг мөн л гурван намын нэгдсэн бодлого гэж ойлгох нь зүй. Зарчим ийм атал Засгийн газрын өрөөсөн гар, хөл буюу өвч биенийх нь салшгүй эд эс болсон АН-ынхан голдуу “Засаг буруу, муу шийд гаргалаа, ЗГ л хангалтгүй ажиллаад байна” гэж гоншигонох нь үнэндээ зохисгүй. Зохисгүйгээр үл барам үндэсний хэмжээний энэ том намыг ичгэвтэр харагдуулах боллоо. Харин ХҮН намын хувьд хэм хэмжээгээ арай илүү баримталж, нэг гараар хийсэн ажлаа нөгөө гараараа нураах үйлдэл гаргахгүй байгаа нь авууштай.
Монголын улс төрийн түүхэнд урьд өмнө байгуулагдаж байсан хамтарсан Засгийн газруудын жишигтэй харьцуулахад одоогийн засгийн бүтэц хийгээд бүрэлдсэн нөхцөл нь эрс өөр. Жишээ нь, 20 жилийн өмнө буюу 2004 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд улс төрийн голлох хоёр хүчин МАХН /одоогийн МАН/, Эх орон-Ардчилал эвсэл /одоогийн АН/ ижил тэнцүү /36:36/ суудал авсан учраас Ерөнхий сайдаа хоёр, хоёр жилээр ээлжлэх тохироотой эвслийн Засгийн газар байгуулж, Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа Ерөнхий сайд болж, хоёр жил ажиллаад 2006 онд М.Энхболдод эрх мэдлээ шилжүүлж байв. Энэ нь эвсэж хамтрахаас өөр аргагүй эн тэнцүү суудлын тооноос шалтгаалсан тохиолдол.
Мөн 2008 оны сонгууль болон долдугаар сарын 1-ний үймээний дараа Ерөнхий сайд С.Баяр АН-аас Н.Алтанхуяг тэргүүтэй зургаан хүнд сайдын суудал өгч, хамтарсан засаг байгуулж байсан түүхтэй. Энэ нь улс төр, нийгмийн тогтворгүй байдлыг намжаах, гал унтраах үндсэн зорилготой алхам байв. Улмаар 2009 онд байгуулагдсан С.Батболдын засагт ч энэ тохироо үргэлжилсэн.
Харин 2012 онд АН олонхи болж Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газар байгуулахдаа цөөнхийн төлөөлөл МАХН /одоогийн МАН биш/ болон ИЗНН-д нийт гурван сайдын суудал өгч байсан нь хүний нөөцийн дутагдалтайдаа бус, хөгжил дэвшлийг бодсондоо ч биш, хамгаалалтаа нэмэгдүүлэх буюу МАН-аас эмээсний л илрэл байсан билээ. Ингээд хоёрхон жилийн дараа мөн л Н.Алтанхуяг огцорч Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсноор МАХН-ын суудлыг цөөлж, МАН-аас дөрвөн сайд танхимдаа оруулж ирсэн. Энэ үзэгдэл АН-ын дотоод зөрчил дээд цэгтээ тулж, эрх мэдлийн төлөө хэт улайрцгааснаас улбаатай. Тэр ч бүү хэл, 2016 оны их ялагдлынх нь үндсэн шалтгаан болсон байдаг.
Энэ мэтээр нэн эмзэг буюу дунджаар 1.5 жилийн настай Засгийн газруудын түүхэнд намууд 4-5 удаа хамтарч эвсэж ажилласан байна. Хамгийн гол нь энэ бүхэн үндсэндээ хувь улстөрчид хийгээд намуудын хэт явцуу эрх ашиг, эрх мэдлийн наймаа тохироон дээр явагдсан явцуу улс төр байсан нь цаг хугацааны уртад улам тодорч үлдэв.
Харин өнөөдрийн нөхцөл байдал бол тэр цаг үеэс тэс өмнөө болчхоод байгаа. Найман жил тасралтгүй үнэмлэхүй засаглаад үргэлжлүүлэн дахин дөрвөн жилийн виз авч олонх болсон МАН яагаад цөөнх хоёр намтай хамтрав гэдэг нь нэн ойлгомжтой.
Нэгдүгээрт, нэг нам дангаар гурван бүрэн эрхийн хугацаа дамнан засаглавал сөрөг хүчнүүдийн эсэргүүцэл гаарч тогтворгүй байдал дахин үүсэх бодит эрсдэл бий болсон тул МАН-ын удирдлагууд хамтрах стратегийг чухалчилсан. Үүнд өнгөрсөн найман жилд өрнөсөн төр-нийтийн өмчийн хулгай, завхрал ч их нөлөөлсөн. Энэ бол улс төр талын шалтгаан.
Хоёрдугаарт, МАН улс төрийн эрх мэдэлд ханах хангалттай хэмжээний хугацаа өнгөрсөн учир харьцангуй залуу үеийн удирдлагууд нь эдийн засгийн тогтвортой байдал, өсөлт, хөгжлийн чиглэл рүү хүссэн хүсээгүй анхаарахаас өөр аргагүй болов.
Гуравдугаарт, Үндсэн хуулийн өөрчлөлтүүд, Бүсчилсэн хөгжлийн бодлого гэх мэт тогтолцооны суурь өөрчлөлтийн шинжтэй алхмуудыг МАН дангаараа хэрэгжүүлэхэд төвөгтэй учраас хамтарсан засаглалын тогтвортой хувилбарыг сонгохоос өөр замгүй болсон. Энэ бүхэн явж явж УИХ-д хамгийн олон суудал авсан гурван намдаа ч, улсын 3.5 сая иргэндээ ч ашигтай Win Win /бүгд хожих/ зарчим юм.
Энэ мэт учир шалтгаанаар гурван намын хамтарсан засаг байгуулаад хагас жилийн нүүр үзэх гэж байхад харин багийн зарим тоглогч нь ямар зорилготой яваагаа, ямар статустай байгаагаа ч бүрэн ойлгоогүй юм шиг хөнгөн хуумгай хандаж буй нь учир дутагдалтай байна. Жишээ нь, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл саяхан “АН цөөнх мөртлөө хамтарсан Засгийн бүрэлдэхүүнд орсон учраас сөрөг хүчин гэхэд хэцүү байршилд байна” гэх явцуу агуулга илэрхийлж байна билээ. Энэ бүрэн эрхийн хугацаанд цөөнх болсон АН-ын хувьд харин ч ашигтай байршилд байгаа. Үүнийг өөр нэг улстөрчийн үгээр жишээлэн тайлбарлая.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн нэг О.Амгаланбаатар “Ард түмэн биднийг сөрөг хүчний ажил хий гэж сонгосон болохоос айлын хатавчинд очиж хэвт гээгүй” гэж ойр ойрхон яриад байгаа. Энэ бол өрөөсгөл ойлголт шүү. Сонгогчид аль нэг нам эвсэлд хэзээ ч “сөрөг хүчин болоорой” гэж санал өгдөггүй. Мөрийн хөтөлбөр нь таалагдсан учраас түүнээ хэрэгжүүлээсэй гэж л сонгодог. Улмаар олонхи болж чадахгүй бол тухайн нам эвсэл мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ямар ч боломжгүй болно. Гэтэл яав? Цөөнх болсон АН засагт багтаж, мөрийн хөтөлбөрөө хэсэгчилсэн байдлаар ч болов хэрэгжүүлэх боломж нээгдэв. Энэ бас л АН-д санал өгсөн 400 мянга гаруй иргэнд ашигтай.
Нөгөөтэйгүүр, хамтарсан засаг гэдэгт зөвхөн сайд болсон хүмүүс л хамаатай биш. Засгийн шийдвэр гаргах эрх бүхий зөвлөлд гурван намын дарга, ЕНБД нар нь УИХ дахь бүлгийн дарга нартайгаа багтаж, дээр дурдсан 33.3 хувийн тэгш эрхтэйгээр оролцож, төрийн ажлыг явуулж байгаа. Тиймээс АН-ынхан гурвалсан гэрээгээ цуцалж, хамтарсан засгаас гараагүй тохиолдолд гүйцэтгэх засаглалын ажилд шүүмжлэлтэй хандах эрхгүй гэсэн үг. Тэр дундаа намын удирдах шатны хүмүүс, УИХ-ын гишүүд нь, өөрсдийнхөө эсрэг ярьдаг энэ сонин улс төрөө одоо ор тас хаяж, олонхи болсноос ялгаагүй олдсон боломжоо олигтойхон ашиглацгаа! Тэд хувийн ашиг сонирхлоор биш, хурдтай хөгжлийн төлөө зоригтойгоор хамтарсан л юм бол алдаа онооны алинд ч “МАН-ын засаг” гэж хүнийрхэх бус, “Манай хамтарсан засаг” өөриймсөхөөс өөр аргагүй.
Сэтгүүлч Ч.Дашдэлэг нь 2006 оноос хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байна. Улс төр, эдийн засгийн чиглэлээр ярилцлага, тойм, контент бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн