Монгол Улсын Засгийн газрыг УИХ-д олон, цөөн суудалтай гурван нам хамтарч байгуулсан хэрнээ зөвхөн МАН-ын засаг юм шиг сөрөх хандлага түгээмэл байсаар байна. Ялангуяа, засгийн бүрэлдэхүүнд албан ёсоор ажиллаж байгаа АН-ын жирийн гишүүдээс эхлээд удирдах албаны хүмүүс ч “МАН-ын засаг, Л.Оюун-Эрдэнийн танхим хариуцлагагүй ажиллаж байна” гэх эсэргүүцэл шүүмжлэл гаргасаар байгаа. Энэ бол өрөөлийг чиглэсэн шүүмж бус өөрсөд рүүгээ үсчүүлсэн шүлс гэдгийг тэд ойлгохгүй байна.
Яагаад гэвэл хамтарсан Засгийн газраас гарч буй бодлого, шийдвэр бүхэн нэг намын буюу МАН-ын хүсэл зориг, хүч түрэмгийлэл огтоос биш. АН ч, ХҮН нам ч ялгаагүй ял, гавъяа бүхнээ яг тэнцүү хариуцах эрх хийгээд үүрэгтэй ил тод үйл ажиллагаа. Бүр тодруулж хэлбэл, бүх дарга нь албан ёсны гэрээнд гарын үсэг зурцгаасан. Ингэхдээ “Засгийн газраас аливаа шийдвэр гаргахад яамдын болон сайдын тооны харьцаанаас үл хамааран гурван нам ижил тэнцүү буюу 33.3 хувийн эрх, үүрэгтэй байна” гэсэн заалтыг удирдлага болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, МАН, АН, ХҮН нам гурваас аль нэг нь дур мэдэн шийдвэр гаргахгүй. Эрсдэлтэй алхам байлаа ч гурвуулаа гар гараасаа хөтлөлцөөд урагшаа эсвэл хойш алхана гээд тохирчихсон гэсэн үг.
Тэгэхээр Засгийн газраас олон нийтэд танилцуулж байгаа шийдвэр хийгээд УИХ дээр батлуулахаар оруулж ирж буй асуудлуудыг мөн л гурван намын нэгдсэн бодлого гэж ойлгох нь зүй. Зарчим ийм атал Засгийн газрын өрөөсөн гар, хөл буюу өвч биенийх нь салшгүй эд эс болсон АН-ынхан голдуу “Засаг буруу, муу шийд гаргалаа, ЗГ л хангалтгүй ажиллаад байна” гэж гоншигонох нь үнэндээ зохисгүй. Зохисгүйгээр үл барам үндэсний хэмжээний энэ том намыг ичгэвтэр харагдуулах боллоо. Харин ХҮН намын хувьд хэм хэмжээгээ арай илүү баримталж, нэг гараар хийсэн ажлаа нөгөө гараараа нураах үйлдэл гаргахгүй байгаа нь авууштай.
Монголын улс төрийн түүхэнд урьд өмнө байгуулагдаж байсан хамтарсан Засгийн газруудын жишигтэй харьцуулахад одоогийн засгийн бүтэц хийгээд бүрэлдсэн нөхцөл нь эрс өөр. Жишээ нь, 20 жилийн өмнө буюу 2004 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд улс төрийн голлох хоёр хүчин МАХН /одоогийн МАН/, Эх орон-Ардчилал эвсэл /одоогийн АН/ ижил тэнцүү /36:36/ суудал авсан учраас Ерөнхий сайдаа хоёр, хоёр жилээр ээлжлэх тохироотой эвслийн Засгийн газар байгуулж, Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа Ерөнхий сайд болж, хоёр жил ажиллаад 2006 онд М.Энхболдод эрх мэдлээ шилжүүлж байв. Энэ нь эвсэж хамтрахаас өөр аргагүй эн тэнцүү суудлын тооноос шалтгаалсан тохиолдол.