Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Атомын цахилгаан станц дээр Францтай бус Оростой хамтарна

Атомын цахилгаан станц дээр Францтай бус Оростой хамтарна
Нийтэлсэн 2024 оны 11 сарын 15
Монгол Улс Франц улсын төрийн өмчит Орано групптэй хамтран ураны төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж, холбогдох хуульдаа өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна.
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд зөвхөн шар нунтаг олборлоод зогсохгүй атомын цахилгаан станцтай болох шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч атомын цахилгаан станц барих ажлыг эхлүүлнэ гэж тусгасан. Гэхдээ манай улс атомын цахилгаан станц барих ажлыг Франц биш Орос улстай хамтран хэрэгжүүлэхээр ярьж, санамж бичиг хүртэл байгуулаад буй.
Тодруулбал, ОХУ-ын талаас Мардай уурхай дээр түшиглэн бага оврын газар дээр суурилсан атомын цахилгаан станц барьж өгөх санал тавьж, Оросын Төрийн корпораци Монголын “Мон-Атом” компани санамж бичигт гарын үсэг зурсан. Гэхдээ энэ нь ОХУ-ын манайд атомын цахилгаан станц барьж өгөх анхных амлалт биш. 2007 онд манай улсад атомын цахилгаан станц барина гэж амалж байсан ч барьж өгөөгүй. Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Франц улсад айлчлаад ураны төсөл хамтран хэрэгжүүлэх болсны дараахан ОХУ-ын талаас ирж манайд хоёр дахь санал тавьсан нь энэ юм. Тиймээс ОХУ-ын атомын цахилгаан станц барих энэхүү амлалт нь худлаа гэдгийг УИХ-ын гишүүд ч хэлж байгаа.
УИХ-ын гишүүн Ө.Шижир хэлэхдээ "2011 оноос 2070 он хүртэл ураны салбарын өсөлт үргэлжлэх юм билээ. Тиймээс бид энэ алтан үеийн ашиглах ёстой. Ингэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх нь чухал. Манай улс ураны нөөцөөр дэлхийд 10-т орж байгаа. Хятад улс гурван хувь, манайх ч гурван хувь. Өмнө нь 2009 онд Хан ресурс гэдэг компанитай холбоотой алдааг давтахгүй байх баталгаа бий юу. Тухайн үед ОХУ-ын талаас Д.Медведевийг Монголд айлчлахаас нэг сарын өмнө Канадын компанийн эзэмшиж байгаа ураны лицензийг цуцлаад Монгол-Оросын хамтарсан компанид өгснөөр улс төрийн асуудал үүссэн.
Орос улс хоёр дахь удаагаа бидэнд бага оврын атомын цахилгаан станц барьж өгнө гэж амлаж байна. Эхнийх дээрээ амлалтдаа хүрээгүй. Сая бас Ерөнхийлөгчийг Францаас ирсний 7 хоногийн дараа ирж амласан. Энэ амлалт худлаа шүү" гэсэн юм.
Үүнээс харахад ОХУ манай улсад бага оврын атомын цахилгаан станц барьж өгнө гэсэн нэрийдлээр Франц улстай хамтран хэрэгжүүлэх ураны төслийг гацаах сонирхолтой байгаа нь илт. ОХУ манай улсыг цахилгаан, шатахуунаас хараат байлгах мөнхийн хүсэлтэй. Тиймдээ ч манай улсыг цахилгааны шинэ эх үүсвэртэй болох, газрын тосны төсөл, төмөр замын төслүүдийг олон жил гацааж ирсэн. Гэхдээ шинэ бүрдсэн 126 гишүүнтэй парламент ОХУ-ын дарамт, шахалтаас гарч гуравдагч хөрштэй шинэ төслөө эхлүүлэх нь манай улс нэг улсаас цахилгаан, шатахууны хараат байдлаас гаргах гарц байж мэднэ.
Манайд ураны 6 орд, 100 гаруй илэрц, 1400 эрдэсжсэн, цацраг идэвхит цэгүүд байдаг гэх ба нийт нөөц нь 1.4 сая тонн хэмээн таамаглаж байна.
Түүх сөхвөл, БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын “БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр ураны орд газрыг ашиглах тухай” маш нууцын зэрэглэлтэй Хэлэлцээр 1981 оны 12 дугаар сарын 23-нд байгуулагдаж, Мардайн орд газарт оросууд дангаараа олборлолт явуулж байжээ. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Мардайн орос тосгон ингэж боссон түүхтэй аж.
1981 оны нууц хэлэлцээр дэлхийн шинэ дэг жаягын дагуу өөрчлөгдөн, 2000 оны 11 дүгээр сарын 14-нд Монгол-Оросын Засгийн газар хооронд “Атомын энергийг энх тайвны зорилгоор ашиглахад хамтран ажиллах тухай” хэлэлцээр байгуулагдаж, талууд атомын эрчим хүчийг энх тайвны зорилгод ашиглаад зогсохгүй, цөмийн бүхий л технологийг хамтран эзэмшиж, оросууд Монгол Улсад атомын цахилгаан станц байгуулахад дэмжлэг үзүүлэхээр тогтжээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн