Усны газрын дарга З.Батбаяр Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч ААН-үүдэд хийсэн шинжилгээний тайланг танилцуулж, мэдээлэл хийлээ.
Усны газрын дарга З.Батбаяр: Түүврийн аргаар 19 төрлийн савласан усанд шинжилгээ хийхэд хүний эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулах, нөлөөлөхүйц хор байхгүй байна. Ус савлаад зарж байгаа компаниуд 2-3 төгрөгөөр литр ус авдаг мөртлөө 1000 орчим төгрөгөөр зардаг. Монгол Улсад MNS5007:2022 гэдэг эрдэслэг цэвэр усны стандарт, MNS6955:2021 гэдэг байгалийн эрдэслэг цэвэр усны стандарт бий. Энэ 19 уснаас 3-т нь стандартаас зөрсөн зөрчил байгаагүй. Бусад усанд нь стандартын маш бага зөрүүнүүд гарч ирлээ. Иймд манайхаас тус компаниуд руу шаардах бичиг явуулна. Савласан ус үйлдвэрлэж байгаа бүх компани хэтрүүлэгтэй, бараг 100 хувь крантны усыг авч ашиглаж байгаа. Үүнтэй холбоотойгоор усанд байх эрдэс, бодисын хэмжээг хэт багасгаад буюу хэт шүүсэн ус хүртэл байна. Тиймээс манай газар цаашдаа улирал тутам ундны усны стандартын дагуу лабораторидоо шинжилгээ хийнэ.
Монгол Улсад албан бус тоогоор 680 мянган нүхэн жорлон байна
Ирэх долоо хоногт Дэлхийн жорлонгийн өдөр болно. Улаанбаатар хотын тал нь нүхэн жорлонд бие засаж байхад манай хот гоё гэж хэлэх үндэс байхгүй. Баттай бус мэдээллээр Улаанбаатар хотод 680 мянган нүхэн жорлон байна. Бид төв цэвэрлэх байгууламждаа хэт их бохир аваачсанаас Туул гол бохирдоод байна гэдэг таамагтай байсан бол үүн дээр нүхэн жорлонгууд нэмэгдэж байна. Мөн төвлөрсөн шугамд холбогдолгүйгээр бохироо зөөврөөр хийж байгаа хотхонууд дээр хүртэл аюул байна. Энэ нь ундны усанд шууд нөлөөлж байна. Түүнчлэн, савлаад зарж байгаа усанд хүртэл тодорхой хэмжээний зөрчил гарч байна.
Улаанбаатар хотод УСУГ-ын ус түгээх байрыг тоолохгүйгээр иргэд, ААН-ийн 17 мянган худаг байгаа. Үүнийг 680 мянган нүхэн жорлонтойгоо харьцуулбал нэг худгийг тойроод 40 жорлон байна гэсэн үг.
Улаанбаатар 2024 оны долоодугаар сарын 2 болон 7-нд бороо орсон. Энэ хоёр өдрийн борооны автобусны буудал дээр тогтсон уснаас шинжилгээ авч үзсэн юм. Ингэхэд долоодугаар сарын 2-ны өдрийн борооны уснаас бага хэмжээтэйгээр харин 7-ны бороо уснаас их хэмжээтэйгээр гэдэсний савханцар илэрсэн. Энэ нь жорлонгийн ус хальсантай холбоотой. Харин тухайн хоёр өдөр Усны газрын дээврээс гоожиж байгаа усанд шинжилгээ хийхэд сүртэй ялгаа гараагүй.
Усны тоолуургүй бол илүү төлбөр авна, бас торгоно
Өнөөдрөөс эхлээд тоолуургүй ус ашиглалт байх юм бол зөвшөөрөлгүй ус ашиглалт гэж үзээд усны төлбөрийг авна, торгоно. Ингэхдээ усны ашиглаж болох боломжит усны нөөцийг гурваар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг авна. Түүнчлэн, манайхаас онлайн тоолуур тавих ажил эхэлж байгаа. Ус ашиглалтын ажилтан байхгүй бол аливаа байгууллагад дүгнэлт гаргаж өгөхгүй.
Бид нүхэн жорлонгоосоо болоод эсвэл өндөр байшин барьж байгаагаа хөгжил, дэвшил гэж ойлгоод цэвэр, бохир усны асуудлаа шийдээгүйгээсээ болоод үр хүүхдүүдээс халдварт өвчин салахгүй болох нь” гэлээ.