“Соёл танаас эхэлнэ" уриатай нөлөөллийн аяныг ЦЕГ, “GS 25” болон “CU” сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран зохион байгуулахаар болжээ. Аяныг дэмжин ажиллах оролцогч талууд өнөөдөр олон нийтэд хандан мэдээлэл хийв.
"Соёл танаас эхэлнэ" аяны хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагаар цахим сүлжээнд хувь хүний соёл, хандлагын талаар соён гэгээрүүлэх чиглэлийн мэдээ, контентуудыг түгээнэ. Мөн бага насны хүүхдэд хууль бусаар тамхи, согтууруулах ундаагаар үйлчилдэг, хорт зуршилд автуулдаг зөрчлүүдэд хяналт шалгалт явуулах юм байна.
ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан: Сүүлийн таван жилийн хугацаанд цахим сүлжээнд 30 гаруй мянган гэмт хэрэг бүртгэгдэн, шалгагдлаа. Үүнээс иргэд, ААН маш их хохирч байгаа. Учир нь сөрөг, буруу ташаа мэдээллүүд цахим орчимд маш их түгээгдэж нийгмийн стрессийг нэмэгдүүлж байна. Нөгөө хүний эрүүл мэндтэй холбоотой гэмт хэрэг Монгол Улсад жилд дунджаар 7-8 мянган гэмт хэрэг бүртгэгдэж байна. Хувь хүний соёл, хандлагаас таван гэмт хэрэг тутмын нэг нь хамааралтай байгаа юм. Түүнчлэн, гурван зөрчил тутмын нэг нь хувь хүний соёл, хандлагаас хамааралтай байна. “Соёл танаас эхэлнэ” нөлөөллийн аяны хүрээнд хүүхэд, залуусыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, болзошгүй хорт зуршлаас эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, нийгмийн соёлыг дээшлүүлэх чиглэлээр улсын хэмжээнд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор “GS 25” болон “CU” компани энэхүү нөлөөллийн аяныг хамтран зохион байгуулж байна. Эдгээр сүлжээ дэлгүүрүүдээр хүүхэд, залуус маш их үйлчлүүлдэг.