Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрүүдийг танилцууллаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа, холбооны сайд Ц.Баатархүү: Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хамгаалах, кибер зөрчилтэй тэмцэх чиглэлээр томоохон шийдвэрүүдийг гаргалаа. Нэг эмнэлгийн асуудлыг хэд хоног хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээд өнгөрөх биш улсын хэмжээнд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогтоолцоог бүрдүүлэх зайлгүй шаардлага байгаа.
Нэгдүгээрт, Монгол Улс НҮБ-ын гаргадаг кибер аюулгүй байдлын индексээр 193 орноос 103-т орж байгаа. Зэрэглэлийг таван үндсэн үзүүлэлтээр гаргадаг. Монгол Улс хамгийн муу оноо авч байгаа үзүүлэлт нь техник технологийн ур чадвар болон гадаад, дотоодын хамтын ажиллагаа. Тэгэхээр бид Оксфордын их сургуультай хамтраад Монгол Улсын кибер аюулгүй байдлын эрсдэлийн түвшнийг тогтоох ажлыг эхлүүлээд явж байна.
Хоёрдугаарт, онц чухал мэдээллийг хадгалдаг дэд бүтэцтэй байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох чиглэлийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар гаргаж байна.
Гуравдугаарт, улсын болон тухайн байгууллагын төсвийг батлахдаа мэдээллийн технологийн зардал гэдэг ерөнхий зүйл ангиар биш кибер аюулгүй байдлын зардал гэдэг тусгай зүйл ангитай болж, кибер аюулгүй байдлын технологийн шинэчлэлт, тэр дундаа хэрэглэж байгаа технологи албан ёсны лицензтэй байх чиглэлээр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.
Сүүлд нь кибер зөрчил, халдлагатай тэмцэх Монгол Улсад гурван албан ёсны төв ажилладаг. Үүнд, ТЕГ-ын дэргэд Монгол Улсын үндэсний кибер аюулгүй байдлын төв, Батлан хамгаалахын яамны дэргэд, кибер зөрчил халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, танин мэдүүлэх олон нийтийн төв зэрэг багтдаг.
Өнөөдөр Интермед эмнэлгийн асуудлыг бүгд ярьж байна. Кибер аюулгүй байдлын дэлхийн нийтлэг хандлагаар бол тухайн кибер халдлагад өртсөн байгууллагыг буруутгахаас илүү дахиж ийм халдлага гаргахгүй байх тогтолцоог бүрдүүлэх нь хамгийн зөв арга гэж үздэг. Хэрвээ кибер халдлагад өртсөн хувь хүн, ямар нэгэн байгууллагыг буруутгах юм бол дараагийн байгууллага халдлагад өртсөнөө нуудаг. Тийм учраас тэмцэж байгаа хүмүүс нь тухайн хортой кодыг хаанаас орж ирээд байгааг илрүүлэх явц нь удааширдаг. Интермед эмнэлгийн 9 серверийн файлууд барьцаалагдсан. Гэхдээ одоо үйл ажиллагаа нь хэвийн болж, нөхөн сэргээх ажиллагаа дуусаж байгаа. ТЕГ-аас Интермед эмнэлгээс мөнгө нэхсэн хэргийг шалгаж байгаа учир хуулийн дагуу мэдээлэл өгч болохгүй байна.