Дэлхий даяар интернэт хэрэглэгч ихсэхийн хэрээр цахим гэмт хэргийн тоо өссөөр байна. Тухайлбал, Цахим хөгжил харилцааны холбооны яамнаас дэлхийн хэмжээнд 2023 онд кибер орчин дахь гэмт хэргийн улмаас есөн их наяд ам.долларын хохирол учирсан гэж мэдээлсэн. Энэ тоо 2050 онд 10 их наяд ам.долларт хүрч өснө гэж судлаачид таамаглаж байгаа гэдгийг хэлсэн.
Дэлхийн кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс 190 орноос 103-т жагсаж байгаа юм. Энэ нь 2020 онтой харьцуулахад 17 байраар ахиц гаргасан ч цахим гэмт хэргийн тоо өдрөөс өдөрт эрчимжсээр байна. Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд 14.085 залилах гэмт хэрэг бүртгэгдсэнээс 97 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Цахим орчинд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн тоо өнгөрсөн таван жилд 14.9 дахин, учирсан хохирлын хэмжээ 270.8 дахин өссөн. Зөвхөн сүүлийн нэг жилд цахим гэмт хэргийн хохирлын хэмжээ 7.5 дахин өсөж, 139.2 тэрбум төгрөгт хүрчээ.
Манай улсад кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдаад хоёр жил ч болоогүй байна. Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийг ч бас баталж, хэрэгжүүлээд хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Иргэдийн эрүүл мэнд, генетикийн мэдээллийг хувь хүний эмзэг мэдээлэл гэж үзэн хуулиар нууцалдаг. Гэвч цахим аюулгүй байдалд анхаарахгүй бол болохгүй нөхцөл байдал үүсээд байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Интермед эмнэлэг цахим халдлагад өртөсний улмаас нийт 230 гаруй өвчтөний мэдээлэл ил болоод байна. Мөн манай улсад сүүлийн дөрвөн сарын байдлаар телеграмм платформ ашиглан 619 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн талаар ЦЕГ-аас мэдээлсэн. Энэ гэмт хэргүүдээс иргэдэд 10.3 тэрбум төгрөгийн бодит хохирол иргэдэд учирсан байна.
Түүнчлэн, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны үеэр Цахим Хөгжил, Харилцаа холбооны сайд асан Н.Учрал энэ асуудлын талаар “Долоо хоногт 40-50 мянга, өдөрт 4-5 мянган цахим халдлага Монгол руу чиглэж байна. Төрийн мэдээллийн сан руу ч халдлага хийдэг, хувь хүний сонор сэрэмжгүй байдлаас шалтгаалан хортой код ашиглан халдлага хийх тохиолдол их гардаг. Тэр ч бүү хэл 2020 онд нэр бүхий зарим арилжааны банкнууд хэрэглэгчдийнхээ мэдээллийг хар захын наймаачдад алдаснаас болоод хувь хүний мэдээллийг зарсан тохиолдлыг манай хууль хүчнийхэн бүртгэж, хариу арга хэмжээ авсан” гэсэн.
Иймд байгууллага болон хувь хүн кибер аюулгүй байдлын талаарх мэдлэгтэй байх, халдлагаас сэргийлэх урьдчилсан бэлтгэлтэй байх нь чухал юм. Тухайлбал, цахим залилан нь дараах нийтлэг шинж чанаруудтай байдаг. Тиймээс ийм шинж чанар ажиглагдсан тохиолдолд нягталж, аль болох алгасахыг зөвлөж байна.
Нухацтай бодох хугацаа олгохгүйгээр хурдан шийдвэр гаргахыг ятгаж, яаруулсан өнгө аястай. Яг одоо шийдвэр гаргахгүй бол та боломжийг алдана гэх мэт хомсдолын мэдрэмж төрүүлэхүйц
Үнэмшихэд бэрх хөнгөлөлт, урамшуулал, богино хугацаанд хялбар аргаар мөнгөтэй болох арга, итгэмээргүй өндөр өгөөжтэй, эрсдэл багатай хөрөнгө оруулалтын боломж санал болгох
Хувийн болон санхүүгийн мэдээлэл, хувийн данс руу гуйвуулга хийх, криптовалютаар төлбөр төлөхийг шаардах
Сошиал сүлжээнд дүрмийн алдаатай, мэргэжлийн бус үг хэллэг бүхий пост, комментыг тогтмол бичих. Хортой файл, линк агуулсан сэжигтэй мэйл, зурвас илгээх
Мөн хэрэв та цахим гэмт хэргийн хохирогч болсон, эсвэл болох эрсдэл үүссэн тохиолдолд цагдаагийн 102 утас болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийн фейсбүүк хуудаст мэдэгдэх боломжтой. Энэ тохиолдолд цагдаагийн байгууллага тухайн банктай холбогдож, дансны гүйлгээг царцаах хүртэл арга хэмжээ авах боломжтой юм.