126 гишүүнтэй парламент анхны төсвөө хэл амтай баталлаа. Гэхдээ Засгийн газрын өргөн барьсан төсөвт УИХ дорвитой өөрчлөлт хийж чадалгүй, гуравдугаар хэлэлцүүлгийн дараа хэдэн гишүүн эсэргүүцэж, гарын үсэг зурснаас өөрөөр арга хэмжээ авч чадалгүй батлав.
УИХ-аас Засгийн газарт ирэх сардаа багтаан төсвийн тодотгол өргөн барих чиглэлийг тогтоолоор өгсөн. Ингэснээр Засгийн газар арванхоёрдугаар сард багтаан 2025 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барих үүрэг хүлээсэн юм. Гэхдээ ингэж тогтоол батлах нь Үндсэн хууль зөрчиж байгаа гэдгийг зарим гишүүн хэлж байгаа.
2025 оны улсын төсвийн тухай хууль хэрэгжиж эхлээгүй байж тодотгол хийх нөхцөл үүсэж байгаа нь өөрөө Үндсэн хууль зөрчиж байна гэж тайлбарласан. Уг нь орон нутгууд арванхоёрдугаар сарын 5-ны дотор төсвөө батлах ёстой. Гэхдээ улсын төсвийг дагаад орон нутгууд ч төсөвтөө тодотгол хийхээр болж байна. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу аймгуудын ИТХ арванхоёрдугаар сарын 5-ны дотор төсвөө батлаад, улсын төсөвт тодотгол хийсний дараа төсвөө тодотгох нөхцөл үүсэж байна.
Өнгөрсөн баасан гаригт баталсан 2025 оны төсөвт Хөвсгөл аймагт хамгийн их хөрөнгө оруулалтыг тавьсан. Тодруулбал, Хөвсгөл аймагт хамгийн өдөр буюу 60.4 тэрбум төгрөг хуваарилсан бол хамгийн бага мөнгийг Төв аймагт тусгажээ.