"Оюу толгой" компани 2010 оноос жил бүр хэрэгжүүлж ирсэн Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийнхөө хүрээнд байгаль орчны нэн хэрэгцээт чиглэлээр буюу гидреологи, ойн инженер мэргэжлээр суралцаж буй дөрвөн оюутанд тэтгэлэг гардууллаа. Тэднээс гадна 36 оюутан Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, 2024-2025 оны хичээлийн жилд тэтгэлэгтэй суралцахаар болов. Тэтгэлэгт сургалтын төлбөр, сар бүрийн амьжиргааны тэтгэмж, дотуур байрны төлбөр багтдаг. Түүнчлэн “Оюу толгой” компанийн хэрэгжүүлдэг Залуусын хөгжлийн хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэнэ.
Байгаль орчны чиглэлээр тэтгэлэг хүртсэн оюутнууд болох, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбарын оюутан С.Дэлгэрмаа, Б.Базарсад нар газрын доорх усны судлаач мэргэжлээр суралцаж буй бол ШУТИС-ийн оюутан Ж.Элбэгсайхан, ХААИС-ийн оюутан У.Мөнхжаргал нар ойн инженер мэргэжлээр суралцаж буй. “Оюу толгой” компани 2023 онд газрын доорх усны мэдээллийн “Гүнээсээ хайрлая” аяныхаа хүрээнд улсын хэмжээнд нэн хэрэгцээтэй буй гидрогеологич мэргэжлээр суралцагчдын тоог нэмэгдүүлэх зорилго тавьсан нь ийнхүү хэрэгжиж байна.
Газрын гүн дэх усны нөөцийг олж илрүүлэн, тооцоолж, усны чанар болон бохирдлыг тодорхойлдог гидрогеологич буюу усны инженерүүдийг бэлтгэх нь нийт усны хэрэглээнийхээ 80 гаруй хувийг газрын доорх усаар хангадаг манай улсын хувьд нэн чухал юм. 2022 онд ердөө найман оюутан ШУТИС-ийн гидрогеологийн ангид элсэж байсан бол 2024-2025 оны хичээлийн жилд энэ мэргэжлээр элсэгчдийн тоо 22 хүртлээ нэмэгджээ. Энэ нь “Оюу толгой” компанийн нэрэмжит болон бусад тэтгэлэгт хөтөлбөр ихээхэн үр дүнтэй буйн илрэл юм.
Харин ойн инженер мэргэжил нь ойжуулалт, модны арчилгаа, ойн нөхөн сэргээлт, хөрсний чанар, экосистемийн хамгаалалт зэрэг ажлыг төлөвлөн хэрэгжүүлдэг. Цөлжилт эрчимтэй явагдаж буй манай оронд байгаль орчны тогтвортой байдал, хариуцлагатай ашиглалтын тэнцвэрийг хангахад зайлшгүй хэрэгцээтэй мэргэжил билээ.