УИХ 2025 оны төсвийг хэл амтай батлав. Засгийн газраас төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд, нийт зардал 35.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн төсвийн төслийг өргөн барихад УИХ бараг өөрчлөлт оруулалгүй баталлаа.
Засгийн газраас төсвийн төслийг УИХ-д өргөн барьсны дараа Төсвийн байнгын хороон дээр 25 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, хэлэлцүүлэгт бэлтгүүлсэн. Энэ жилийн төсвийн ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ахалсан бөгөөд өчигдөр төсөв батлах үеэр гишүүд түүнийг хангалтай ажиллаж чадаагүй, өөрөө бяслагийн үйлдвэрийн барьцаанд ороод, урсгал зардлаа бууруулж чадаагүй хэмээн гишүүд шүүмжилж, хариуцлага тооцон ажлаас нь чөлөөлөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Төсвийн зардлыг бууруулах саналыг зарчмын хувьд дэмжиж болно. Гэхдээ хууль зөрчсөн тогтоол гаргаж Засгийн газарт чиглэл өгч болохгүй. Засгийн газар хууль зөрчиж ирэх сард тодотгол өргөн барина гэж байхгүй. Хэдэн хүн хэлэлцүүлэг дээр саналаа гаргаагүйн төлөө ийм жишиг тогтоож болохгүй. Төсвийн ажлын хэсэг 25 хүнтэй 70 хоног ажилласан. Гишүүд 42, ажлын хэсэг есхөн санал оруулж ирсэн байналээ. Үүнээс хэн нь ямар ажилласныг харж болно.Ажлын хэсэг төсөв дээрээ ажиллаж чадсангүй. Ажлын хэсгийн ахлагч бяслагны үйлдвэрийн барьцаанд орсон" хэмээн ярьсан.
Үг хэлсэн бүх гишүүн Төсвийн ажлын хэсгийн ахлагч муу ажилласнаас болж сарын дараа төсвөө тодотгох нөхцөл байдалд хүрсэн учраас хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Гэхдээ Ц.Даваасүрэн гишүүнд хариуцлага тооцож чадах уу гэдэг нь ирэх 7 хоногт тодорхой болох биз ээ. Тэрээр хамгийн олон удаа УИХ-д сонгогдсон гишүүдийн нэг бөгөөд парламент бүрд сайд, байнгын хорооны дарга гэх мэт "давхар дээлтэй" байсаар ирсэн билээ.