Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх, хууль зүйн ухааны доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл
-Юуны өмнө танд докторын зэрэг хамгаалсанд баяр хүргэе. Таны хувьд ямар сэдвээр хамгаалав, уншигчдад тэр талаар мэдээлэл өгөхгүй юу.
-Баярлалаа. Эрдэм шинжилгээний ажил гэж уншдаг, шинжилдэг, бичдэг, боддог оюун санааны цаг хугацаа байх юм. Энэ замаар явах нь үнэндээ таалагдсан, гэхдээ сорилт зөндөө л байлаа. Докторын диссертацийн сэдэв “Монгол Улс ба гадаадын хөрөнгө оруулагчийн эрх, үүргийн тэнцвэрийг хангах нь” гэсэн байгаа. Энэ сэдэв нь олон улсын эдийн засаг, геополитик, аж үйлдвэрлэгчид, хил дамнасан компаниуд, хөрөнгө хүлээн авагч, голдуу хөгжиж буй, түүхий эд гаргагч улс орнуудын эрх ашгийн огтлолцол дээр оршдог. Анх АНУ, Европ зэрэг барууны улс орнуудын эрх ашгаа, тэр дундаа өмчийн эрхээ, олон улсын эрх зүйгээр хамгаалах шаардлагаас үүссэн. Олон улсын эдийн засгийн эрх зүй нь дэлхийн түүхийн алдаа, оноотойгоо шууд холбогдож байдаг. 1990-ээд онд ЗХУ задран унаснаар олон улс гүрнүүд шинээр үүсэхийн сацуу, тэдэнд болон бусад постсоциалист орнуудад тэр дундаа Монгол Улсад ч асар их мөнгөний хэрэгцээ бий болсон. Энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтын хойноос дэлхийд уралдаан өрнөж, бүгд аль болох таатай нөхцлийг өөрийн нутаг дэвсгэртээ бий болгож, үүнийгээ олон улсын гэрээ, хэлэлцээрээр бэхжүүлсэн. Монгол Улс арван жилийн богино хугацаанд олон талт болон хоёр талт (44 хэлэлцээр) олон улсын гэрээ байгуулж, гадаадын хөрөнгө оруулалтын бие даасан хуультай болсон. Өдгөө энэ хууль нь Хөрөнгө оруулалтын тухай хууль гэж нэрлэгдэж явж буй. Дээрх олон улсын гэрээнүүдийг харвал хөрөнгө оруулагч тал нь олон тооны эрх эдлэхээр, харин Монгол Улс гол төлөв үүрэг хүлээхээр байгаа нь судалгаагаар харагдсан. Учир нь, тэр үеийн гэрээ, хэлэлцээр нь бүгд л тийм байсан, дэлхийн чиг хандлага ч тийм байсан. Харин 2000 оноос дэлхийн эдийн засгийн байдал өөрчлөгдөж, хуучин хөрөнгө оруулалт татахыг хүсдэг байсан томоохон улс орнууд өөрсдөө хөрөнгө оруулагч үндэстэн болсон нь БНХАУ, Энэтхэг, Индонези, Бразил зэрэг болно. Үүнээс гадна НҮБ-ын зүгээс тогтвортой хөгжлийн зорилтуудыг тунхаглав. Энэ чиг хандлага нь хөгжиж буй улс орнуудын хувьд эерэгээр нөлөөлж эхэлсэн нь гадаадын хөрөнгө оруулагчийн шаардлагыг ямар ч хэлэлцээргүйгээр шууд хүлээн авах бус харин үндэсний аюулгүй байдал, байгаль орчин, хүний эрх гэсэн шүлтүүрээр харах, нийтийн эрх ашгийн үүднээс төрийн гаргасан шийдвэрийг буруутгахгүй байх чиг хандлага олон улсын гэрээ, хэлэлцээр болон арбитрын практикт бий болсон.