УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр энэ ирэх сардаа багтаан 2025 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барих чиглэлийг Засгийн газарт өгч байгаа гэсэн үг юм. 2025 оны төсвийн урсгал зардал өндөр байгааг нэр бүхий УИХ-ын гишүүд шүүмжилсэн. Тиймээс 2025 оны төсвөө хуулийн хугацаанд нь батлаад тодотгол хийх замаар урсгал зардлыг бууруулах ойлголцод хүрсэн юм. Энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "УИХ-ын гишүүдийн зүгээс 2025 оны төсвийн төслийг олон талаас нь шүүн хэлэлцэж Засгийн газраас дэвшүүлсэн арга хэмжээний эрэмбэ дэс дарааллыг нягтлах талаар олон шаардлага гарлаа. Иймд төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг үндэслэн өнөөдөр батлагдсан 2025 оны төсвийг макро эдийн засгийн төлөв байдал болон төсвийн тусгай шаардлагыг баримтлах нөлөөлөх талаар үнэлгээ хийж, үр дүнг танилцуулахыг шаардаж байгаа юм. Мөн хэлэлцүүлгийн явцад хөндөгдсөн олон асуудлуудыг Засгийн газраас дахин нягталж төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэх асуудлыг үүрэг болгож дээрх тогтоол батлагдаж байна" гэв.Гэхдээ УИХ тогтоол гаргаж 2025 оны төсвийн тодотгол өргөн барих чиглэлийг Засгийн газарт өгөх нь Үндсэн хууль зөрчиж байгааг зарим гишүүн хэллээ. УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Төсвийн зардлыг бууруулах саналыг зарчмын хувьд дэмжиж болно. Гэхдээ хууль зөрчсөн тогтоол гаргаж Засгийн газарт чиглэл өгч болохгүй. Засгийн газар хууль зөрчиж ирэх сард тодотгол өргөн барина гэж байхгүй. Хэдэн хүн хэлэлцүүлэг дээр саналаа гаргаагүйн төлөө ийм жишиг тогтоож болохгүй. Төсвийн ажлын хэсэг 25 хүнтэй 70 хоног ажилласан. Гишүүд 42, ажлын хэсэг есхөн санал оруулж ирсэн байналээ. Үүнээс хэн нь ямар ажилласныг харж болно. Гишүүдийн гаргаж байсан саналууд томъёоллын алдаатай байсан. Тухайлбал, Ч.Номин сайдын 18.3 тэрбумыг хасах бол хуультай нь хамт оруулж ирэх ёстой. Тодруулбал, Соёлын бүтээлч ажиллагааны хуулийн 8.2, 8.3-ыг оруулж ирэх ёстой. Баталчихсан хууль байгаа. Цөөн хэдэн хүний улс төр хийж байгаа өнцгийг дэмжиж төсөю тодотгоно гээд УИХ нь хууль зөрчиж, Засгийн газартаа чиглэл өгсөн тогтоол баталж болохгүй" гэлээ.