ХҮН нам 2025 оны төсвийн төсөлтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа: Улсын төсвийн төсөл нэлээд өндөр зардалтай байгаа нь үнэн. Үүнд манай гишүүд чуулган дээр болон төсвийн I, II хэлэлцүүлэг дээр саналаа тодорхой хэлж ирсэн. Зарчмын хувьд улсын төсвийг танах, хэрэггүй зардлыг бууруулах ёстой гэдэгт ХҮН нам санал нэгтэй байгаа. Гэхдээ төсвийн III хэлэлцүүлэг явж байх үед хуулиараа улсын төсөв татна гэсэн ойлголт байдаггүй. Тэгэхээр нэгд, төсвийг баталсны дараа тодотгох ёстой. Тодотгох тогтоолыг УИХ батална. Тогтоолоор төсвийн тодотголыг 2024 онд багтаагаад яриад байгаа зардлуудаа хасаад, механикаар, харанхуйгаар огтолж, хайчлах биш оновчтойгоор хасаад оруулж ир гэсэн тогтоол УИХ-аас гарна. Үүнийг ХҮН намын гишүүд санаачилсан, дэмжиж байгаа. Цаашдаа улсын төсвийг боловсруулах, боодог, зохиодог, хэлэлцдэг, баталдаг, эргээд баталсан төсвөө хянадаг процессыг УИХ, Засгийн газрын түвшинд дахин харах шаардлага байгаа юм. Үүнд ХҮН нам идэвхтэй ажиллана. Өөрөөр хэлбэл, төсвийг хэн боловсруулах ёстой гэдэг бодлого батлагдах нь зүйтэй. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг УИХ хангалтгүй ашиглаж байгаа. Үүнийг бас бид санал оруулаад УИХ-ын 2024-2028 онд ажиллах стратеги төлөвлөгөөнд УИХ төсвийг боловсруулах, батлах, хянах процесст хүчтэй оролцоотой, мэргэжлийн түвшинд байх ёстой.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: ХҮН намын мөрийн хөтөлбөрт төсөв тэлэх талаар зүйл заалт байхгүй. Харин тогтолцоо, өөрчлөлтийн агуулгатай тийм л зүйлийг бид зорьж байна. Төсвийн тэлэлт, эдийн засаг дахь төрийн оролцооны хэмжээ 80 хувь бараг болж байгаа. Энэ нь төвлөрсөн эдийн засагтай, улс төрийн тогтолцоо нь чөлөөтэй улс орон болж хувирч байгааг харуулж байна. Тиймээс урт хугацаанд үе шаттайгаар төрийн оролцоог бууруулах, эдийн засгийг илүү чөлөөтэй, нээлттэй болгох энэ зорилтдоо бид хэвээрээ байгаа. Хоёрдугаарт, төсвийн хяналтыг тогтмол хянадаг цахим платформыг байгуулах нь зүйтэй гэдэг дүгнэлтэд хүрээд салбарын хүмүүсийн хүрээнд яриад явж байгаа.