Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

Давж заалдах шатны шүүх: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт оноосон ялыг хэвээр үлдээлээ

Давж заалдах шатны шүүх: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт оноосон ялыг хэвээр үлдээлээ
Нийтэлсэн 2024 оны 11 сарын 7
2024 оны долдугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хаалттай хуралдаж, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4 жил 9 сарын хорих ял оноосон билээ.
Тэгвэл өнөөдөр Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ дөнгөж сая танилцууллаа.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нарын хүсэлт, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгч: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хаалттай хэлэлцэж, магадлал гарлаа. Магадлалаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны долдугаар сарын 18, 19-ны өдрийн 707 дугаартай шийдэх тогтоол, давж заалдах гомдол гаргасан хохирогч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолд хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллаагааг бүхэлд нь хянаж үзлээ. Хэрэгт нотолбол зохих зүйлүүд нотлогдон тогтоогдсон байна. Анхан шатны шүүх хэргийн үйл, баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хэргийн бодит байдлыг тогтоож, хуульд нийцсэн шүүгдэгчид холбогдох хэргүүдэд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Н.Өнөрцэцэгийн үйлдсэн хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан, анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн хэргийн ялын хэмжээнд нийцсэн байна гэж дүгнэж байна.
Хаалттай шүүх хурлын үйл ажиллагааг тодруулж ярих боломжгүй учраас өмгөөлөгчид, шүүгдэгчийн гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, магадлалд тодорхой албан бичгээр хүргүүлнэ. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 111 хоногийг  ялын хоногт оруулан тооцно. Хэргийн оролцогчид энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл улсын Дээд шүүхэд хуульд заасан үндэслэлээр гомдол гаргах эрхтэй.
Өмгөөлөгчид: Шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна
Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан: Бидний үйлчлүүлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Өмгөөлөгч нар шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Бидний хувьд мэргэжлийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өмгөөлөгч нар сайн ажилласан. Энд хүний эрхийг зөрчсөн олон ноцтой асуудал байгаа. Өмгөөлөгч нарын хувьд хүний эрхийг дээдэлсэн төрт ёс, шударга ёсонд итгэж байгаа. Бидэнд хяналтын журмаар дахиад нэг удаа давж заалдах, гомдол гаргах эрх байгаа. Бидний үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэгийн хувьд сэтгэл санаа тайван байгаа. Өнөөдрийн шүүх хуралд найман өмгөөлөгч орсон. Хэргийн нөхцөл байдал, мэтгэлцээний явцад Н.Өнөрцэцэг ямар хэрэг хийсэн, яаж шийдсэн талаар бүрэн дүүрэн ойлголттой болсон. Цаашид өмгөөлөгч нар хуулийн хүрээнд, боломжит бүх арга хэмжээг авна.
Өмгөөлөгч З.Хүрэлсүх: Шүүх хурлаас өмнө УИХ-ын гишүүд, ХЭҮК, сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон хэвлэл мэдээллийн байгууллагууд шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох байр суурийг илэрхийлсэн. Хуралдааны бус цагт шүүх хуралд хэн нэгнийг оролцуулахгүй, хаалттай хэрэг учраас хэргийн зөвхөн нэрлэсэн оролцогчид орно гэдгийг илэрхийлсэн. Мэргэжлийн хуульчдын хувьд бид өнөөдөр шүүх хуралдаан эхлэх үед шүүгчдийн бүрэлдэхүүнд хандаж шүүх хуралдааныг зарим хэсгийг нээлттэй явуулах саналыг хэлсэн. Мэдээж бид хувь хүний нууц задруулах, төрийн нууц задруулах хэргийг" хаалттай явуулж, бусад хэргийн хурлыг нээлттэй явуулах санал хэлсэн ч шүүх бүрэлдэхүүн бүхэлд нь хаалттай явуулах шийдвэр гаргасан.
•     •     •
Шүүхээс гаргасан албан мэдээ:
Н.ӨНӨРЦЭЦЭГТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/707 дугаар шийтгэх тогтоолтой Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ.
Тус шүүх хуралдаанд прокурор Н.Улсболд, Б.Энх-Эрдэнэ, нэр бүхий гурван хохирогч, хохирогчдын өмгөөлөгчөөр Ч.Эрдэнэбат, С.Соёлмаа, С.Эрдэнэсувд, шүүгдэгч Н.Өнөрцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Д.Батболд, З.Хүрэлсүх, Б.Баатарсайхан, О.Батсүх, Д.Оросоо, П.Эрхэмбаяр, Ц.Хишигжаргал, Р.Булгамаа, Б.Мөнхбаяр нар биечлэн оролцов.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад,
анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу тухайн хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Тодруулбал, анхан шатны шүүх шүүгдэгч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заас-ан “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд нуусан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж мөнгө угаасан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, бусдад учруулсан хор хохирол болон шүүгдэгчийн хувийн байдалд нь тохирсон байна.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын шат, анхан шатны шүүхийн шатанд шүүх шийдвэр гаргахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг хэргийн оролцогчдын хэн аль нь эс зөвшөөрвөл хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрх нээлттэй.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
Т.Амаржаргал нь МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны долоодугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн