Open iToim app
Эдийн засаг | 11 мин уншина

ОУВС: Төсвийн тэлэлт нь Монгол Улсын гадаад болон дотоод тэнцвэргүй байдлыг улам нэмэгдүүлнэ

ОУВС: Төсвийн тэлэлт нь Монгол Улсын гадаад болон дотоод тэнцвэргүй байдлыг улам нэмэгдүүлнэ
Нийтэлсэн 2024 оны 11 сарын 4
Олон улсын валютын сан /ОУВС/-ийн ажлын хэсэг 2024 оны есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, эдийн засгийн нөхцөл байдал, өөрчлөлтүүдтэй танилцсан. Тэгвэл Монгол Улсад ажилласан ОУВС-гийн мэргэжилтнүүд дүгнэлтээ англи, монгол хэлээр нийтэлжээ.
Ерөнхий дүгнэлт:
  • Шинээр эмхлэн байгуулагдсан эвслийн засгийн газрын тэргүүлэх чиглэл нь одоо явагдаж байгаа түүхий эдийн үнийн өсөлтийг дагасан тэлэлтийг зөв зохистой удирдах замаар томоохон зорилт бүхий шинэчлэл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө үр дүнтэй хэрэгжүүлэх явдал юм.
  • Гадаад секторын болон төсвийн нөөцийг нэмэгдүүлэх нь томоохон зорилт бүхий хөрөнгө оруулалт, бусад шинэчлэлийг эдийн засгийн шингээх чадвартай уялдуулан үр дүнтэй хэрэгжүүлэх бодлогын орон зайг бий болгож, улмаар гадаад болон дотоод тэнцвэрт байдлыг хадгалах нөхцөлийг бүрдүүлнэ. Одоогийн нөхцөл байдалд эдгээр зорилтод хүрэхийн тулд төсвийн бодлогыг хумьж, төсвийн тусгай шаардлагыг дагаж мөрдөн, мөнгөний болон макро зохистой хатуу бодлого баримтлан, санхүүгийн салбарын хяналт шалгалтыг боловсронгуй болгох шаардлагатай байна.
  • Бизнесийн орчин, засаглалыг сайжруулахын тулд хууль эрх зүй, зохицуулалт, институцийн орчинд хамаарах зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэхэд ахиц дэвшил гаргах нь хатуу дэд бүтцийг бүтээн байгуулахтай ижил ач холбогдолтой юм. Тухайлбал, чухал дүрэм журмыг шинэчлэн сайжруулах, зохицуулалтын механизмын уялдаа холбоог хангах, төв банкны үйл ажиллагааны бие даасан хараат бус байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Өрийн хязгаарыг нэрлэсэн дүнгээр тогтоож, хатуу мөрдөх шаардлага тавьсан нь маш чухал бөгөөд сайшаалтай шийдвэр болсон. Мөн удаан хугацаанд хүлээгдэж, эрчим хүчний дотоодын нийлүүлэлтийн найдвартай байдлыг хангахад шаардлагатай байгаа эрчим хүчний тарифын шинэчлэл чухал байна. Дэд бүтцийн төслүүдийг ач холбогдлоор нь зөв эрэмбэлж, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд зохих тооцоо судалгааг хийж, төсвийн дунд хугацааны төлөвлөлтийг бэхжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг зохистой болгох нь зүйтэй.
Эдийн засаг: Түүхий эдийн үнийн өсөлтийг дагасан тэлэлт
Зудын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөө аж ахуйн салбар их уналттай байсан хэдий ч уул уурхайн салбар эрчимтэй тэлж, нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, засгийн газар болон өрхийн хэрэглээ нэмэгдсэний үр дүнд эдийн засаг их өндөр өсөлттэй гарлаа. 2023-2024 онуудын төсөвт цалин хөлс, тэтгэврийг их хэмжээгээр нэмсэн, Эрдэнэс тавантолгой компаниас хувьцаа эзэмшигч иргэдэд томоохон ногдол ашиг хуваарилсан, засгийн газраас эдийн засгийн дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн, цалингийн доод хэмжээг өсгөсөн зэрэг нь өрхийн орлого, цалингийн зээлийн өсөлтөд эерэгээр нөлөөлж, хэрэглээ, импортыг дэмжсэн байна. Засгийн газрын зарлага их хэмжээгээр нэмэгдсэн боловч төсвийн орлого бүрдүүлэлт өндөр гүйцэтгэлтай байж, төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт оны төгсгөл рүү түлхүү бүртгэгддэг зэрэг нь төсөв ашигтай гарахад нөлөөлжээ. Засгийн газрын өрийн хэмжээ 2023 оны эцэст ДНБ-ий 47 хувь болж буурсан нь ОУВС-гийн зөвлөмжийн дагуу Монгол Улсын хувьд баримталбал зохих өрийн үзүүлэлттэй нийцтэй байна.
Инфляц буурч, Монголбанкны зорилтот интервал болох 6±2 хувь дотор байна. Импортын барааны үнэ буурч, төгрөгийн ханш бага зэрэг чангарсны үр дүнд инфляц багассан бөгөөд улмаар бодлогын хүүг бууруулах нөхцөлийг бүрдүүлсэн. Гэхдээ суурь инфляц төдийлөн сайн буураагүйн дээр 8-р сарын байдлаар инфляцын зорилтот интервалын дээд хязгаарт хүрсэн байдалтай байна. Цаашилбал, банкны болон банк бус санхүүгийн байгууллагын зээл, тэр дундаа хэрэглээний зээлийн өсөлт урт хугацааны хандлагаас давж нэмэгдлээ. Монголбанк үүний эсрэг хариу арга хэмжээ болгож заавал байлгах нөөцийн шаардлага, хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны үзүүлэлтийг чангатгав. Өрх, нэн ялангуяа тодорхой ангиллын зээлдэгчдийн өр хурдацтай нэмэгдэж байна.
Хэдийгээр импорт өсөж, нүүрсний экспортын үнэ буурсны улмаас урсгал дансны алдагдал мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэн боловч гадаад секторын эмзэг байдал буурсан байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн бусад орох урсгал гадаад валютын нийт нөөцийг өсгөж, 2023 оны эцэст байсан түвшинд хадгалагдах нөхцөлийг бүрдүүллээ (8-р сарын эцсийн байдлаар 4.7 тэрбум ам. доллар, 3.3 сарын импорт буюу ARA хэмжүүрийн 96 хувь). Засгийн газар гадаад өрийн дахин санхүүжилтийг оновчтой зохион байгуулж, Монголбанк Хятадын ардын банкнаас авсан своп хэлцлийн өрийн үлдэгдлийн тэн хагасыг төлж барагдуулсан нь гадаад өрийн эрсдэлийг бууруулж, тус улсын зээлжих зэрэглэлийг В+ болгож сайжрууллаа.
Цаашдын төлөв: Түүхий эдийн үнийн өсөлт үргэлжилж, эдийн засаг эрчимтэй өсөх боловч тэнцвэргүй байдал нэмэгдэх хандлагатай
2024-2025 онуудад өндөр агууламжтай зэсийн үйлдвэрлэл, БНХАУ руу гарах нүүрсний экспорт нэмэгдэж уул уурхайн салбарын эрчимтэй өсөлт үргэлжлэхийн зэрэгцээ мөчлөг дагаж ихээхэн тэлсэн 2024 оны төсвийн тодотгол, 2025 оны төсвийн төслийн үр нөлөөгөөр эдийн засгийн өсөлт өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байна.
Засгийн газрын төлөвлөгөөнд орсон мега төслүүдийн хэрэгжилтийг гадаад санхүүжилтийн эх үүсвэрийн олдоцтой уялдуулан үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж тооцвол төсвийн алдагдал 2029 он хүртэл тогтмол нэмэгдэж, санхүүжилтийн нийт хэрэгцээ, засгийн газрын өр, төсвийн эрсдэлийг өсгөхөөр байна. Гарцын зөрүү 2028 он дуустал эерэг дүнтэй байхаар байна.
Төсвийн тэлэх бодлого нь Монгол Улсын гадаад болон дотоод тэнцвэргүй байдлыг улам нэмэгдүүлэхээр байна. Инфляц 2024 оны сүүлийн хагаст үргэлжлэн өсөж 2026 он хүртэл зорилтот түвшингээс дээгүүр байхаар байна. Үүний гол шалтгаан нь хийгдэхээр төлөвлөгдсөн их хэмжээний төсвийн дэмжлэг, 2024 оны төсвийн тодотгол, 2025 оны төсвийн төслийн хүрээнд бий болсон зардлын тэлэлт, эрчим хүчний тарифын өөрчлөлт, зээлийн өндөр өсөлтийн үр нөлөө цаг хугацааны хоцрогдолтой илрэхтэй холбоотой юм. Хөрөнгө оруулалтын төслүүдийн импортын хэрэгцээ өндөр байдаг учир урсгал дансны алдагдал багасахгүй бөгөөд энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж, гадаад зээллэг шинээр хийсэн ч гадаад валютын нийт нөөцийн хүрэлцээг бууруулахаар байна.
Эдийн засгийн үзүүлэлтүүдий төсөөллийг мега төслүүдийг хэрэгжүүлэх үйл явц, санхүүжилт, хувийн хэвшлийн оролцоо зэрэг асуудлууд хараахан бүрэн шийдэгдээгүй зэрэг нэлээдгүй тодорхой бус нөхцөлд хийгдэж байна. Хөрөнгө оруулалтын зардлын импортын хэрэгцээ өндөр байдгаас шалтгаалан мега төслүүдийг хэрэгжүүлэхдээ дотоод эх үүсвэрийг түлхүү ашиглахын хэрээр гадаад валютын нийт нөөц, ханш, инфляцад үзүүлэх нөлөөлөл нэмэгдэх болно. Гэхдээ 2024 оны ДНБ-ий 67 хувьтай тэнцэх хэмжээний гадаад санхүүжилтийг 4-5 жилийн хугацаанд босгоно гэдэг амаргүй байх болов уу. Төсөл хэрэгжүүлэхэд эдийн засгийн багтаамж, санхүүжилтийн хязгаарлалттай нүүр туулах магадлал өндөр учраас хөрөнгө оруулалтын төслүүдийг ээлж дараатайгаар хэрэгжүүлэх нь илүү бодитой байх бөгөөд ингэснээр макро эдийн засгийн одоогийн төлөвийг сайжруулах боломжтой юм.
Түүхий эдийн үнийн хэлбэлзэл, БНХАУ-ын нүүрсний эрэлттэй холбоотой тодорхой бус байдал, ОХУ-аас авах түлшний импортын саатал, Монгол Улсын транзит тээврийн чухал боомт болох БНХАУ-ын Тяньжин боомт дээр хүлээгдэл зэргээс шалтгаалан эдийн засгийн төлөв доройтох эрсдэлүүд мөн байна. Мөн засгийн газрын зохицуулалт, дүрэм журмын хүрээнд үүсч болзошгүй саад тотгорын улмаас зэсийн үйлдвэрлэл, экспорт тасалдах эрсдэл бий. Байгалийн гамшиг, геополитикийн нөхцөл байдал тодорхой бус байдлыг даамжруулна. Түүхий эдийн үнэ эсвэл БНХАУ руу гаргах экспорт ялангуяа ойрын хугацаанд тооцоолж байгаагаас илүү өндөр гарах нь эдийн засгийн төлөвийг сайжруулах боломжтой. Мөн түүнчлэн, дунд хугацаанд уул уурхайн шинэ төслүүд хэрэгжиж, экспортыг нэмэгдүүлэх боломжтой.
Бодлого: Эдийн засгийн өсөлтийн эрчийг хадгалж үлдэх үүднээс түүхий эдийн үнийн өсөлтийг ухаалгаар удирдах
A. Төсвийн зардлыг хумьж, тусгай шаардлагуудыг хангах: эн тэргүүний бодлогын зорилт
Гадаад болон дотоод тэнцвэрийг хангаж, одоо явагдаж байгаа тэлэлтийн хугацаанд нөөц бүрдүүлж, инфляцйн эрсдэлтэй тэмцэж байгаа мөнгөний бодлого дээр ирж буй дарамтыг бууруулахын тулд төсвийн бодлогыг хатууруулах шаардлагатай байна. Хөрөнгө оруулалтыг дэмжихийн хажуугаар төсвийн алдагдлыг бууруулахын тулд төсвийн урсгал зардлыг бууруулж, уул уурхайн бус орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг нэмж авах хэрэгтэй. Тухайлбал, цалингийн зардлыг нэмэхгүй байх, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, хувь хүний орлогын албан татварын шатлалыг нэмэх, татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг бууруулах, татвар, гаалийн удирдлагын хүрээнд шинэчлэлийг хэрэгжүүлэх зэрэг болно.
Төсвийн зарлагыг дэд бүтцийн хөрөнгө оруулалт рүү чиглүүлэх нь бүтээмжийг нэмэгдүүлэх хэдий ч эдийн засгийн шингээх чадварт нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай. Монгол Улсын гадаад секторын эмзэг байдал болон импортын хамаарал өндөр, дотоодоос санхүүжилт татах хүчин чадал хязгаарлагдмал, олон улсын санхүүгийн зах дээр эх үүсвэр дутагдалтай, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тогтолцоо бүрэн бэхжээгүй зэргийг бодолцож засгийн газар анхаарал болгоомжтой ажиллах нь зүйтэй. Эдийн засгийн тэлэлт явагдаж байгаа үед нөөц бүрдүүлэх нь нэн чухал шаардлагатай хөрөнгө оруулалтыг шат дараатайгаар, илүү үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөл болох юм. Төсвийн болон гадаад эрсдэлийг хянах, хөрөнгийн зардлыг чиглүүлэх үүднээс илүү үр дүнтэй дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах, тэр дундаа хөрөнгө оруулалтын зардлыг тусгаж өгөх нь чухал байна. Тооцоо судалгааг зохих ёсоор хийхийн зэрэгцээ авилга, үр өгөөжгүй төслүүдээс сэргийлэх үүднээс төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль эрх зүйн орчинг чанд дагаж мөрдөн хөрөнгө оруулалтыг хэрэгцээ шаардлагаар нь сайн эрэмбэлэх хэрэгтэй.
Засгийн газрын өрийн таазыг нэрлэсэн дүнгээр ДНБ-ий 60 хувиар тогтоох болсон нь Монгол Улсын төсвийн тусгай шаардлагыг бэхжүүлэх чиглэлд хийсэн томоохон алхам болсон. Ингэснээр ил тод байдал, хариуцлага нэмэгдэж, хууль мөрдөх хатуу шаардлага бий болсон. Төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын дээд хязгаарыг авч үлдсэнээр төсвийн тэнцэл хэт ихээр муудахаас сэргийлэхэд дэмжлэг болох учиртай. Юутай ч өрийн одоогийн түвшин өрийн таазны хязгаараас нэлээд доогуур байгаа нь дээрх хоёр тусгай шаардлагын аль нь ч төсвийн зардлыг одоогоор хангалттай хазаарлаж чадахгүй. Шинээр тодорхойлсон зарлагын тусгай дүрэм мөчлөг дагасан шинжтэй байгаа тул эдийн засаг тэлж байгаа үед төсвийн зардлыг нэмэгдүүлэхэд нөхцөл болохын хажуугаар эдийн засаг агшиж байгаа үед төсвийн зардлыг танах шаардлагыг үүсгэж, эдийн засгийн мөчлөгийн нөлөөллийг даамжруулах эрсдэлтэй байна. Төсвийн нийт зардлын өсөлтийг хязгаарласнаар зардлыг буруу ангилах эрсдэлээс хамгаалах боломжтой болно. (ОУВС-гийн мэргэжилтнүүд төсвийн нийт зардлыг хязгаарлахад чиглэсэн зохих тусгай шаардлага боловсруулахад засгийн газарт туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Ингэснээр засгийн газар шинэчлэл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөөтэй холбоотой зардлыг санхүүжүүлэх боломж бүрдэх юм.) Төсвийн тусгай шаардлагыг ойрхон давтамжтай өөрчлөх нь бодлогын зорилт болох үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийг бууруулж магадгүй учраас зайлсхийх нь зүйтэй.
B. Дотоодын санхүүгийн нөхцөлийг чангатгах
Мөнгөний болоод макро зохистой бодлогоор дотоодын санхүүгийн нөхцөлийг хатуу хэвээр байлгахад үргэлжлүүлэн анхаарах нь зүйтэй. Төсвийн алдагдлыг бууруулаагүй нөхцөлд инфляц өсөх магадлалтай байгаа учраас инфляц зорилтот интервалд тогтворжих нь илүү тодорхой болох хүртэл бодлогын бодит хүүг өндөр түвшинд хадгалж байхыг Монголбанканд зөвлөж байна. Монголбанкны инфляцын төсөөллийг харгалзан үзвэл мөнгөний бодлогын байр суурийг 2024 оны 9-р сард хэвээр хадгалах нь илүү оновчтой байсан юм. Нөгөө талдаа банкны зээлийн өсөлтийн эрчийг сааруулах зорилгоор өр, орлогын харьцаа, заавал байлгах нөөцийн шаардлагыг чангатгасан нь цагаа олсон зохистой шийдвэр болсон. Гэхдээ энэ чиглэлээр нэмж арга хэмжээ авах шаардлагатай (доор дэлгэрүүлэв). Засгийн газраас үнэт цаасаа дотоодын зах дээр гаргаж эхлэн төгрөгийн өгөөжийн муруйг бий болгох төлөвлөгөөтэй байгаа нь мөнгөний бодлогын шилжих механизмыг сайжруулахад дэмжлэг болохоор байна.
C. Эрсдэл даах чадварыг бэхжүүлж, шинэчлэл хэрэгжүүлэх бодлогын орон зайг нэмэгдүүлэх зорилгоор гадаад валютын нөөцийг бүрдүүлэх
Монгол Улсын гадаад шокийн эрсдэлийг даах чадварыг бэхжүүлж, Засгийн газраас дэвшүүлсэн шинэчлэлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх орон зайг бий болгоход гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх нь шийдвэрлэх ач холбогдолтой юм. Энэ хүрээнд Монголбанк ханшийг илүү уян хатан байлгаж, гадаад шокийг шингэхэд ашиглах нь зүйтэй. Засгийн газар экспортын гэрээнд хяналт тавих тогтолцоогоо түлхүү ашиглан ТӨК-иудын борлуулалтын орлогоо гадаадаас оруулж ирдэг байх шаардлагыг сайн хэрэгжүүлж, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг хатуу мөрдүүлж, гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаадын хувийн санхүүжилтийг шинээр татах шинэчлэлийг авч хэрэгжүүлэх шаардлагатай (доор дэлгэрүүлэв). Гадаад секторын тогтвортой байдлыг хангах зорилгоор хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтийг харилцан уялдуулах бодлогыг тодорхойлох Монголбанк, Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яамны төлөөллийг багтаасан ажлын хэсгийг шинээр байгуулсан нь маш зүйтэй санаачлага бөгөөд засгийн газрын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд хэрэгтэй мэдээлэл гаргаж өгөх учиртай.
D. Санхүүгийн салбарыг тогтвортой байдлыг хангах
Санхүүгийн салбарын хяналт шалгалтын хүрээнд шинээр үүсч байгаа эрсдэлийг, нэн ялангуяа санхүүгийн салбарт зээлийн өсөлт эрчимтэй явагдаж байгаа энэ үед зээлийн эрсдэлийг хянахдаа сонор сэрэмжээ алдахгүй байх нь зүйтэй. Эдийн засгийн эрчимтэй, зээлийн хурдацтай өсөлтийн үед сайжирч харагдаж буй санхүүгийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд суурь эмзэг байдлыг халхавчилж байж болзошгүй. ББСБ дээр мөрдөж буй өр, орлогын харьцааг бууруулахдаа банкны салбарт мөрдөж буй доод хэмжээтэй цаг алдалгүй уялдуулах нь илүү үр дүнтэй байх болно. Ингэснээр зохицуулалтын зөрүүтэй байдлыг ашиглахаас сэргийлж, хэрэглээний зээлийн өсөлтийг сааруулах ач холбогдолтой юм. Зохицуулагч байгууллагууд өр, орлогын харьцааг үр дүнтэй мөрдүүлэх тогтолцоог бэхжүүлж, FICO зээлийн оноог ойрын хугацаанд хэрэглэж эхэлснээр санхүүгийн боловсролын түвшинг нэмэгдүүлж, хэт их зээлийн өртэй зээлдэгчид дахин нэмж зээл авахаас сэргийлэх үр дүнтэй механизм бүрдүүлэх юм. ББСБ-ын дүрэм журмыг чанд мөрдүүлж, тогтолцоог бэхжүүлэх өөрчлөлт агуулсан шинэчилсэн зохицуулалтыг ойрын хугацаанд батлах нь эрсдэлийг бууруулахад дэмжлэг болно. Монголбанк, СЗХ-ны хянан шалгагч нар банк болон ББСБ-ын хооронд байгаа харилцан хамаарлыг олж тогтоон, багасгах арга хэмжээ авснаар санхүүгийн салбарын эмзэг байдал, системийн эрсдэлийг урьдчилж бууруулах боломжтой. Энэ хүрээнд шаардлагатай бол зорилтот хяналт шалгалт явуулж, нөөцийн сан байгуулах тусгай шаардлага тавьж болно. Монголбанкны Ерөнхийлөгч Төв банкны тухай хуулиар олгосон эрх мэдлээ хэрэгжүүлж, санхүүгийн салбарын хяналт шалгалтыг хариуцсан албан тушаалтныг нэн даруй томилох замаар санхүүгийн салбарын эрсдэлийн удирдлага, шинэчлэлийн хэрэгжилтэд дэмжлэг болох учиртай.
Санхүүгийн салбарын төлбөрийн чадвартай зээлдэгчдэд зээл олгох чадавхийг илүү өргөн хүрээний шинэчлэлээр дамжуулан бэхжүүлэх шаардлагатай байна. Төлбөрийн чадваргүйдэл, зээлдүүлэгчийн эрхийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгож, санхүүгийн байгууллагууд чанар муутай активын асуудлаа шуурхай шийдвэрлэхэд нь дэмжлэг болох хэрэгтэй.
Банкны нэг хувьцаа эзэмшигчийн хувь эзэмшлийн дээд хязгаарыг 2026 оны эцэст багтаан хангаж, банкны салбарын шинэчлэлийг зорилтод нь хүргэх үүднээс Монголбанк хувьцаа эзэмшигчдийг төрөлжүүлэх талаар гаргасан хугацаатай төлөвлөгөөний хэрэгжилтийг үргэлжлүүлэн хянах нь зүйтэй. Банкны хувьцаа эзэмшигчийн хувь эзэмшлийн дээд хязгаарыг өсгөснөөр банкийг үр дүнтэй удирдаж, үйл ажиллагааг нь явуулахад нэн ач холбогдолтой бөгөөд зарим олон улсын санхүүгийн байгууллагууд хэд хэдэн банканд хөрөнгө оруулах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй.
E. Зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэх нь тогтвортой өсөлтөд мөн ижил ач холбогдолтой.
Монголын бизнесийн орчин, засаглалыг сайжруулах нь эрчимтэй бөгөөд тогтвортой өсөлтөд чухал үүрэгтэй. Зөөлөн дэд бүтцийн шинэчлэлийн гол тэргүүлэх чиглэлүүдийг дурдвал:
  • Хөрөнгө оруулалтын тухай хуулийг боловсронгуй болгож, хүнд суртлыг багасгах,
  • Эрдэс баялгийн тухай хуулийг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх,
  • ТӨК-ийн тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай,
  • Шүгэл үлээгчийн тухай хуулиудын төслийг батлах явдал юм.
  • ТӨК-ийн засаглалын шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлж, хүчирхэг шүүх засаглалтай байх нь шаардлага мөн байгаа бөгөөд Монголбанкны үйл ажиллагааны бие даасан хараат бус байдлыг хангах нь ижил ач холбогдолтой.
    Эрчим хүчний тарифыг шинэчлэхээр төлөвлөсөн нь удаан хугацаанд хүлээгдэж байгаа зайлшгүй шаардлагатай ажил юм. Ингэснээр өрх, аж ахуйн нэгжид очих эрчим хүчний нийлүүлэлт найдвартай болж, урт хугацааны өсөлтийг нэмэгдүүлэхээр байна. Тарифын өөрчлөлтийг олон нийтэд сайтар тайлбарлаж, зохистой хугацаанд үе шаттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ орлого багатай өрхүүдийн шилжилтийн үеийн зардлыг хуваалцах зорилгоор түр хугацаанд зорилтот бүлэгт чиглэсэн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй. Зохицуулалтын орчин татварын хууль тогтоомж, татварын маргааныг үр дүнтэй шийдвэрлэх тогтолцоотой нийцтэй байх нь гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төслүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болж, гадаадын хөрөнгө оруулалтыг шинээр татахад тустай. Үндэсний баялгийн санг шинээр байгуулсан нь зүйтэй алхам болж байгаа хэдий ч дэд сангуудын засаглалын хүчирхэг тогтолцоог яаралтай бүрдүүлэх хэрэгтэй байна.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн