Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Үнэ нэмэх нь эрчим хүчний реформын л нэг хэсэг. Гол нь дараах 5 зорилтыг хэрэгжүүлнэ

Үнэ нэмэх нь эрчим хүчний реформын  л нэг хэсэг. Гол нь дараах 5 зорилтыг хэрэгжүүлнэ
Нийтэлсэн 2024 оны 11 сарын 2
Өнөө, маргаашгүй иргэд, аж ахуйн нэгжийн дулаан, цахилгаан, усны үнэ нэмэгдэнэ. Үнэ нэмэх болсон шалтгааныг эрчим хүчний салбарын алдагдал, уналттай холбож буй. Гэхдээ салбарын алдагдал, ТЭЦ-уудын уналтад иргэд, хэрэглэгчид буруугүй. Харин үе үеийн эрх баригчдын буруу бодлого шийдвэр, эрчим хүчний төрийн өмчит компанийн захирлууд хамгийн их буруутай. Одоо салбар нь тартагтаа тулж ирсэн учраас Хамтарсан Засгийн газар реформ хийнэ гэж мэдэгдээд буй. Энэ реформын нэг хэсэг нь хэрэглэгчийн цахилгаан дулааны үнэ нэмэхэд чиглэж байгаа нь ч үнэн билээ.
Ямар ч байсан эрчим хүчний реформын хүрээнд дараах таван зорилтыг дэвшүүлж байгааг Эрчим хүчний үндэсний хорооноос зарласан.
1.Үйлдвэрлэгчдийн дунд өрсөлдөөнийг бий болгох
2. Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх
3. Эрчим хүчний хуулийг шинэчлэх
4. Удирдлагын тогтолцоог өөрчлөх
5. Эрчим хүчний зохицуулах хорооны хараат бус байдлыг дээшлүүлэх
УИХ-ын гишүүн Т.Доржханд Эрчим хүчний цогц шилжилт хийж байгаа болохоор бүтцийн өөрчлөлт хийнэ. Эрчим хүчний салбарт үүсээд байгаа төрийн монопол болсон асуудлыг цэгцэлнэ. Хувийн секторын оролцоог хангана. Нээлттэй, ил тод системийг бий болгож авлига, хээл хахууль, үр ашиггүй байдлыг цэгцэлнэ гэдгийг хэлсэн.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Эрчим хүчний реформын нэг чухал хэсэг бол хуулийн шинэчлэлтийн асуудал. Эрчим хүчний хууль 2001 онд батлагдаж эрчим хүчний реформыг анх удаа хийсэн. Тухайн үеийн эрчим хүчний реформыг нэгдүгээрт, бүтцийн өөрчлөлт хийж босоо бүтэцтэй байсан эрчим хүчний компанийг хэвтээ бүтэцтэй болгож дамжуулах, түгээх, үйлдвэрлэх гээд олон компани болгож салгасан. Хоёрдугаарт, Эрчим хүчний зохицуулах хороог байгуулж үнэ тарифыг хараат бус байдлаар зохицуулахаар болсон. Гуравдугаарт, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж бизнесийн хүнд суртал арилж, хэрэглэгчээ дээдэлсэн салбар болж хөгжүүлнэ. Үүнийг огт хийж чадаагүй. Дөрөвдүгээрт, өрсөлдөөнийг бий болгож тухайн зах зээл дээр байж болох доод үнийг тогтоож, хэрэглэгчээ дээдэлдэг, чанартай үйлчилгээг хүргэдэг болохыг олон улсын туршлага нотолсон. Үүнийг хэрэгжүүлэх ёстой байсан. Гэвч энэ дөрөвдүгээр зорилгыг бас хэрэгжүүлж чадаагүй 24 жил өнгөрсөн. Эрчим хүчний реформ II-ыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэдгийг илэрхийлсэн юм.
Хамтарсан Засгийн Газрын тэргүүлэх бодлогын чиглэлд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон мега төслүүдийн хэрэгжүүлэх, үнэ тарифыг үе шаттай нэмэгдүүлж зардлаа бүрэн нөхөх түвшинд хүргэх, тус салбарын төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах чиглэлд реформ хийх юм.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн зарим асуудалд хариулт өгсөн.
-Эрчим хүчний үнийг огцом нэмэх нь бусад бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөхөд нөлөөлнө. Үе шаттайгаар нэмэх боломж байгаа юу?
- Эрчим хүчний үнэ нэмж байгаа нь их дарамт болохгүй байх гэж бодож байна. Эрчим хүчний зохицуулах хороо цахилгаан, дулааны үнийг өөрчлөх шийдвэрийг хараат бусаар гаргана. Ойрын өдрүүдэд үнийг хэрхэн нэмэх талаар мэдээлэл хийнэ. Одоогоор үнийг хэрхэн нэмэх нь тодорхой болоогүй. Хамгийн сүүлд 2022 оны арваннэгдүгээр сард эрчим хүчний үнийг нэмэгдүүлсэн. ЭХЗХ-ны урьдчилсан хувилбараар уул уурхайн цахилгааны тариф одоо 294 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь 14 орчим хувиар нэмэгдэж 340 орчим төгрөг болно гэх баримжаа байна.
Урьдчилсан тооцооллоор айл өрхүүдийн цахилгааны 1кВт.ц-ийн үнэ 140 төгрөгөөс 175 төгрөг болох, 150-300 1кВт.ц-ийн үнэ 350 орчим төгрөг орчим болно.
-Эрчим хүчний зохицуулах хороо хараат бусаар ажиллах ёстой. Энэ байгууллага эрчим хүчний үнийг зах зээлийн хэмжээнд барихын төлөө ажилладаг юм уу, эсвэл иргэдэд ашигтай байхын төлөө ажилладаг юм уу?
-Бид эхний ээлжид эрчим хүчний үнийг үйлдвэрийн өртөгт нь ойртуулах талаар ярьж байна. Өртөг нь өндөр байвал үнэ өснө, өртөг бага байвал үнээ буулгаж л таарна. Хувийн салбар руу шилжсэнээр өрсөлдөөн бий болж, эрчим хүчний үнэ буурах боломж бий. Хувийн салбарын оролцоог дэмжиж, олон нийтэд ил тод болгосны дараа үнэ чөлөөлөх асуудал ярина. Одоо зөвхөн эрчим хүчний үнийг үйлдвэрийн өртөгт дөхүүлнэ. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчийн анхаарлыг татахын тулд үнэ нэмэх ёстой. Өнөөдрийн үнэлгээгээр хэн ч эрчим хүчний салбарыг сонирхож хөрөнгө оруулалт хийхгүй.
Төрийн өмчит эрчим хүчний компаниудад авлига, хулгай байна гэх хардлага байдаг. Эхний ээлжид эрчим хүчний алдагдлаа нөхөх, түүний дараа төрийн өмчит компаниудын хувьцааг олон нийтэд санал болгоно гэсэн юм.
Т.Амаржаргал нь МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны долоодугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн