Open iToim app
Улс төр | 2 мин уншина

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлт гаргалаа

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлт гаргалаа
Нийтэлсэн 2024 оны 11 сарын 1
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурлын талаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ. Анхан шатны шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгт дөрвөн жил есөн сарын хорих ял оноосон. Тиймээс сэтгүүлч Н.Өнөрцэцэг давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа бөгөөд шүүх хурлыг энэ сарын 7-ны өдөр товлоод байгаа билээ.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: НҮБ-аас жил бүрийн арваннэгдүгээр сарын 2-ны өдрийг сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг ял шийтгэлгүй байгааг эсэргүүцсэн тогтоол гаргаж, үүнийг тэмдэглэлт өдөр болгосон байдаг. Энэ өдрийн өмнө Н.Өнөрцэцэг сэтгүүлчийн давж заалдах шатны шүүх хурал товлогдлоо. Тиймээс би өнөөдөр хоёр асуудлаар мэдээлэл хийх гэж байна.
Нэгд, миний бие иргэний хувиар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газарт хүсэлт гаргаж байгаа. Н.Өнөрцэцэгийн шүүх хуралдаанд Ч.Лодойсамбуу миний бие ажиглагчаар оролцох хүсэлт гаргаж байгаа юм. Өнөөдрийг хүртэл би шүүх засаглалаа хамгаалж ирсэн. Гэтэл яг одоогийн байдлаар эргэлзэх сэтгэл төрж байна. Төрийн нууцыг хадгалах үүрэгтэй этгээд мэдээллээ алдсан. Тэрийг олж авсан, дамжуулсан, хадгалсан гээд бүх этгээд хуулийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл нэг хүн нь эрүүгийн хариуцлага хүлээгээд шоронд байна. Тиймээс би иргэнийхээ хувьд энэ шүүхэд орж үзмээр байна.
Хоёрт, би Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулаад Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Өнөөдөр d-parliament.mn-д санал авахаар нийтлэгдэх байх. Эрүүгийн хуулиас ил тод мэдээллийг тараах гэсэн заалтыг хасахаар хуулийн төсөл санаачилсан. Үзэл бодлоо илэрхийлэх, сэтгүүлчийн ажлаа хийсний төлөө цагдаад дуудагддаг. Энэ бол дарамт. Энэ дарамтыг үүсгэж байгаа шалтгаан нь Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт. Энэ зөвхөн хэвлэлтэй холбоотой хууль биш. 2020 онд энэ хууль батлагдсанаас хойш 1000 орчим хүн энэ хуулиар шийтгүүлж, хэрэг үүсгэсэн байна. Үүнд сэтгүүлчдээс гадна олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлсэн хүмүүс ч бий. Энэ бол байж болохгүй зүйл.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг буруугүй гэж хэлээгүй. Харин хэрхэн буруутгагдаж байгааг, ямар мэдээлэл өгч байгааг хармаар байна, сонсмоор байна. Гарч ирээд юу ч ярихгүй байж чадна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн