Засгийн газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх шийдвэр гаргасан. Засгийн газрын шийдвэрийн дагуу тус яамны харьяа байгууллага, ажилчид нь Дархан-Уул аймаг руу нүүгээд эхэлсэн бөгөөд аймгийн Тамгын газрын байранд үйл ажиллагаа явуулж буй аж. Гэхдээ өнөөдрийн байдлаар яамны ажилчдын 30 хувь нь Дархан руу нүүсэн бол үлдсэн хэсэг нь байр, орон сууцны асуудлаа шийдээгүй учраас хараахан нүүгээгүй байна.
Тус яамыг нүүлгэхэд улсын төсвөөс 1.4 тэрбум төгрөг зарцуулсан бол орон нутагт шилжин суурьшиж байгаа төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд нэг тэрбум төгрөг зарцуулахаар 2024 оны төсвийн тодотголд тусгасан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 121 үндсэн ажилтантай. Харьяа байгууллагуудыгаа нэмбэл 320 гаруй ажилтан, албан хаагчтай. Хариуцсан яамаа Дархан руу нүүлгэх шийдвэр гаргуулсан Ж.Энхбаяр сайдад хэд хэдэн ашиг сонирлын зөрчил байна гэж хардах баримт байна.
Тодруулбал, Ж.Энхбаяр сайдын хамааралтай "Газар буудай” ХХК нь 2014 оноос Дархан хотод тасралтгүй үйл ажиллагаа явуулж, "Буудай СПА", "Буудай Центр" барилгуудыг ашиглалтад оруулсан. Өөрөөр хэлбэл, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын бизнес Дарханд бий. Тэгвэл хариуцсан яамаа Дархан хот руу нүүлгэсний цаана Ж.Энхбаяр сайдын ашиг сонирхлыг зөрчлийг дурдвал:
Нэгд, одоогоор яамны ажилчдын 30 хувь нь Дархан руу нүүгээд буй. Нүүгээд удаагүй байгаа учраас ажилчид оюутны дотуур байр болон Дархан-Уул аймагт байрлах сайдынхаа “Буудай” зочид буудалд байрлаж байгаа аж. Тус зочид буудлын өрөө зэрэглэл болон орны тооноосоо хамаарч хоногийн 180-300 мянган төгрөгийн үнэтэй. Тэгвэл бүрэн шилжээгүй зарим ажилчин Дарханд очихдоо тус зочид буудалд байрладаг аж.
Хоёрт, яамыг Дархан руу нүүлгэхээр шийдвэр гаргасан ч яамны 120 гаруй төрийн албан хаагч орон сууцгүй байгаа. Тиймээс ирэх оны төсөвт Дархан руу шилжин суурьшиж, ажиллах яамны ажилтан албан хаагчдыг орон сууцтай болгохоор байрны урьдчилгаа 30 хувийг улсын төсвөөс гаргахаар тусгажээ. Тодруулбал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажилчдын орон сууцны урьдчилгаанд 4-5 тэрбум төгрөг төсөвлөж байгаа бөгөөд үүнийг 2025 оны улсын төсвөөс гаргана. Ингэхдээ ажилчид ипотекийн зээлд хамрагдах боломжтой 40-80 метр квадрат байрыг сонгох юм. Тухайлбал, 50 метр квадрат байр 150 сая төгрөгийн үнэтэй байгаа бол үүний 30 хувийг төсвөөс олгож, ипотекийн зээлд шууд хамруулна гэсэн үг.
Хамгийн хоржоонтой нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярын “Газар” ХХК Дархан-Уул аймагт “Буудай хороолол” нэртэй орон сууцны төсөл хэрэгжүүлж байгаа аж. Тус хорооллыг дөрвөн га газар талбайд долоон блокоор барих бөгөөд эхний хоёр блокийн ажил эхлээд явж байгаа юм. Метр квадрат нь төлсөн урьдчилгаанаасаа хамааран харилцан адилгүй. 30 хувийн урьдчилгаа төлөөд байр захиалбал нэг метр квадратыг нь 4.6 сая төгрөгөөр борлуулж байгаа аж. Тэгэхээр Дархан руу нүүсэн яамны ажилчид сайдынхаа барьж байгаа орон сууцнаас сонголтоо хийж таарна.
Ж.Энхбаяр сайд хамгийн сүүлд өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Газар” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ. Тэрээр “Газар” ХХК-г 1991 онд үүсгэн байгуулсан бөгөөд уул уурхай, газар тариалан, гадаад дотоод худалдаа, үйлчилгээ, банк санхүү, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Газар компанийн охин компаниуд:
• Газар Капитал Партнерс ББСБ
Энэ бүхэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярынх. Гэтэл тэрээр Дархан руу хариуцсан яамаа нүүлгээд яамны ажилчдаа өөрийн буудалдаа байрлуулаад зогсохгүй, ирэх жилээс компанийнхаа барьсан байрыг шахах нь. Тодруулбал, төр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ажилчдын орон сууцны дэмжлэгт 4-5 тэрбум төгрөг өгч, ажилчид нь сайдынхаа барьсан орон сууцны хороололд байр авах бололтой. Энэ төрийн албан хаагчдад өгч байгаа дэмжлэг мэт боловч салбарын сайд нь орон сууцны хорооллоо хялбархан борлуулах гэж байна. Энэ бол маш том ашиг сонирхлын зөрчил. Тиймээс Засгийн газар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх шийдвэрээ эргэж харах уу, эвсэл салбар хариуцсан ашиг сонирхлын зөрчилтэй сайдаа солих уу.
Түүнчлэн, яамыг нүүлгэх шийдвэр гаргахдаа ажилчдаас нь асуухгүйгээр шийдвэр гаргасан нь хүний ажиллаж, амьдрах эрхэд шууд халдаж байна гэж ХХАХҮЯ-ны ажилчдын цөөнгүй хэсэг нь дургүй байгаа аж. Гэхдээ энэ талаар эсрэг байр суурь илэрхийлэхгүй байхыг дарга нар үүрэгдсэн учраас яриа өгч чадахгүйгээ ч учирлаж байгаа юм.