Open iToim app

Тэд сэтгэл гутралаа даван гарсан түүхээ хуваалцлаа

Тэд сэтгэл гутралаа даван гарсан түүхээ хуваалцлаа
Нийтэлсэн 3 минутын өмнө
СЭМҮТ-ийн саяхны судалгаагаар Монголд 10 хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгийн сэжигтэй, гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна. Энэ нь бид сэтгэл зүйн эрүүл мэндээ анхаарахгүй өнгөрч болохгүй болсныг илтгэнэ. Хэдийгээр сэтгэл зүйн асуудал нь биеийн өвчин шиг ил харагдахгүй ч дотроос минь “идэж” байдаг. Яг л шимэгч хорхой шиг. Гэхдээ сэтгэл зүйн асуудал нь шийдвэрлэж болохгүй зүйл биш. Үүнийг даван гарах хүч хэн бүхэнд бий. Иймд сэтгэл гутралаа даван гарсан залуусын түүхийг та бүхэнд хуваалцаж байна.
quote photo
Сэтгэл зүйн аливаа асуудал нь тийм аймар эсвэл гаж зүйл огт биш. Сул дорой байдлын илрэл ч биш. Харин нөхцөл байдлын тусгал шинж тэмдэг
М.Отгонтөгс
Маркетингийн менежер М.Отгонтөгс: Хүн сэтгэл гутралтай гэдгээ гунигтай, зовлонтой, хэцүү байгаа байдал нь удаан үргэлжлээд, сүүлдээ өдөр тутмынх нь амьдралд нөлөөлөөд эхлэхээр мэдэж эхэлдэг. Ус дусал дуслаар чимээгүй дусалсаар байгаад чулууг элэгдүүлчихдэг шиг. Би өөрийнхөөрөө байхаа больж, хийж чаддаг юмаа чадахгүй, хүмүүстэй харилцаж чадахаа больсон гэх мэтчилэн асуудлууд гарсан. Бүх юм утгагүй гэдэг ганц үгээр тодорхойлогддог болсон байсан. Сэтгэл гутралтай тэмцээд явж байхдаа тоогоо алдталаа тэвчээрээ  барж байсан үе байсан. Тэр үеүддээ дуусгачих сонголт нь надад илүү амар санагдаж, амиа хорлох оролдлогууд ч хийж байсан. Гэхдээ бас чадаагүй. Өөртэйгөө хийсэн таван жилийн тэмцэлдээ саяхнаас цэг тавиад бага багаар эдгэрээд явж байна. Энэ хугацаанд сэтгэл гутралыг бүх бие сэтгэлээрээ мэдэрч, энэ байдлаас гарах бүхий л аргыг эрэлхийлсэн ч хамгийн чухал сэжим болох өөрийн дотоод хүнээ мартсан байсан. Гэтэл бидний төсөөлснөөс ч их асуулт, бэрхшээлийн хариу тэнд байдаг юм байна лээ. Харин би тэр бүгдийн цаана юу байгаатай нүүр тулахаас айж, чөтгөрийн тойрогтоо эргэлдсээр байсан хэрэг л дээ. Тархин дотроо бүтээсэн, бусдын нүдэнд харуулдаг “төгс би”, “ хэвийн би” бодит биш гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс айсан гэх юм уу. Тиймээс миний хувьд өөрийгөө шүүмжлэхгүйгээр сонсох, эсэргүүцэхгүйгээр төрж буй бүх мэдрэмжээ байгаагаар нь мэдрэх бол эхний алхам байсан. Ганцаараа хэсэг хугацааг өнгөрүүлэхдээ өөрийнхөө талаар ямар олон зүйлийг мэддэггүй юм бэ гэдгээ мэдээд гайхширч бас харамсах сэтгэгдэл төрсөн дөө. Бас бүх мэдрэмжүүд үнэн байх албагүйг ойлгосон. Одоо ч би өөрийгөө бүрэн таньж мэдсэн гэж хэлж чадахгүй ээ. Гэхдээ энэ “эдгэрэх” аялал маань үргэлжилсээр л байна. Хэн болохоо мэдэхгүй ч “хэн ч биш” гэдгээ сайн мэддэг болсон. Өнгөрсөн жилүүдийг эргээд харахад өөрийгөө олохын тулд эхлээд алдаж дээ гэж санагддаг. Гэтэл ихэнх хүмүүс хүчтэй, эр зоригтой, бусдаас илүү байх нэрийн дор дотоод хүнээсээ улам холдож, тэр холбоос бүдгэрэхийн хэрээр зовдог юм шиг санагддаг. Бас манай соёлын нөлөө ч бий. Гэтэл хэцүү байгаагаа, ямар нэгэн зүйл болохгүй, буруу байгааг хүлээн зөвшөөрөх, түүнийхээ төлөө үйлдэл хийх ч маш том эр зориг бас хүч чадал мөн шүү дээ. Сэтгэл зүйн аливаа асуудал нь тийм аймар эсвэл гаж зүйл огт биш. Сул дорой байдлын илрэл ч биш. Харин нөхцөл байдлын тусгал шинж тэмдэг бөгөөд хүний амьдралын нэг хэсэг гэдгээр хүмүүс хараасай гэж хүсдэг. Сэтгэл зүйн эрүүл мэндийг нийгмийн аль нэг бүлэгт хамааруулахгүйгээр хүн бүр яг л биеийн эд эрхтнээ хайрладаг шиг өвдөхөд нь эмчилж, анхаарал хандуулдаг байгаасай. Нөхцөлгүйгээр, айдасгүйгээр мэдрэмжээ мэдрээрэй. Бие биедээ энэрэнгүй, зөөлөн ханддаг байгаарай гэж уриалмаар байна.
quote photo
Хүмүүсийн хүлээлтэд хүрэх гэж заавал мундаг байх гэж багаасаа л хичээж ирсэн минь нэг л өдөр бүхнийг орхиж, хүчгүй болоход хүргэсэн
Д.Сугармаа

Copywriter Д.Сугармаа: Арван жилийн сурагч байхдаа бүх л юманд оролцдог идэвхтэй хүүхэд байлаа. Хүн бүрийн хайртай дүү, найз, эгч гээд дандаа л сайн байх нь чухал байсан. Ер нь тэмцээнд хоёрдугаар байрт орохдоо хүртэл өөрийгөө голдог байсан юм. Саяхан энэ үеийнхээ тэмдэглэлийг олсон чинь байнга зогсолтгүй тэмүүл, шаардлагатай бол цусаа ч хамаагүй урсга гэж бичсэн байсан гээд л бод доо. Би бүр хүнд дургүй ч байж болдоггүй гэж боддог байсан. Энэ мэтээр хүмүүсийн хүлээлтэд хүрэх гэж заавал мундаг байх гэж багаасаа л хичээж ирсэн минь нэг л өдөр бүхнийг орхиж, хүчгүй болоход хүргэсэн юм. Тэгээд хүмүүсээс зайгаа авч, орхиж болох бүхнийг л орхисон доо. Энэ үе бол нэлээд хүнд байсан. Байнга уйлдаг, гэртээ бүгдэг хүмүүсээс зугтдаг тийм л өдрүүд байсан. Байнга өөрийгөө үхэж байгаагаар төсөөлдөг, бүр хэд хэдэн удаа зүгээр алхаж яваад л өөрийгөө үхсэн байгаагаар мэдэрч байсан. Тэгээд бодит байдал шүү дээ гэдгээ мэдээд шууд л гацаад уйлдаг байлаа. Энэ үеийг өөртэйгөө л нүүр тулж давсан. Ганцаараа цагийг их өнгөрүүлж, өөртэйгөө танилцсан гэх үү дээ. Зүгээр л амьдарч байгаагаа мэдрэх гэж хичээсэн. Дотнын хүмүүс минь ч бас их тусалсан.  Одоо энэ үедээ талархмаар байдаг. Учир нь намайг бүтээхэд тэр цаг үе их чухал байсан. Үүний ачаар одоо би өөртөө жинхэнээсээ чин сэтгэлээсээ дуртай. Сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг анзаарахгүй өнгөрч болохгүй зүйл. Бид амьсгалдаг, иддэгтэй адилхан чухал. Хүн бүр өөрийгөө чагнаж байгаасай. Миний хувьд хэцүү зүйлсээс зугтсанаас хүлээн зөвшөөрөөд, нүүр тулах юм бол илүү амар байсан. Иймээс хүмүүсийг өөрийнхөө мэдрэмжийг хайрлаасай гэж хүсэж байна.
quote photo
Сэтгэл зүйн эрүүл мэнд гэхээр хүмүүс байнга аз жаргалтай байна гэж ойлгодог юм шиг байгаа юм. Харин миний хувьд сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг сэтгэл хөдлөлийнхөө балансыг тэнцвэртэй авч явах гэж боддог.
Х.Умаахан
Утга зохиол судлаач, сэтгүүлч Х.Умаахан: 2021 онд найз охиноосоо араар тавилтын улмаас салсан. Тухайн үед маш их хүнд цохилтод орж байсан л даа. Араар тавилт гэдэг автомашины осолд орсонтой дүйцэхүйц, тэрнээс ч илүү байдлаар хүний сэтгэл зүйд нөлөөлдөг юм билээ. Сэтгэл гутралаас болж 96 кг болтлоо таргалсан. Нийгмийн харилцаанд орохдоо хүртэл асар бухимдалтай болж, түүнийгээ эргэн тойрныхондоо илүү гаргах гээд байсан. Худлаа инээх гэж оролддог болсон. Ингээд өөрөөсөө маш их эрчим энерги гаргаж, хүч минь шавхагдаж эхэлсэн. Дээрээс нь юм болбол бүх зүйл утгагүй болоод үхмээр санагддаг байлаа. Хэнд ч хэцүү байгаагаа хэлдэггүй байсан болохоор энэ мэдрэмжээ даван гарахын тулд маш их уйлдаг байсан. Сүүлд хүмүүст ярьж эхлээд л арай гайгүй ханьтай болсон гэх юм уу. Мөн өөрт төрж буй мэдрэмжээ уран бүтээлээр гаргах гэж хичээсэн. Өөрийнхөө болон салалтынхаа тухай олон шүлэг, тэмдэглэл бичсэн. Өнөөдрийг хүртэл тэмдэглэлээ бичсээр л байгаа.  Өөрийнхөө асуудлыг олж харж, өөртэйгөө ойлголцоход тэмдэглэл надад маш тус болсон гэж боддог. Түүнчлэн, сэтгэл гутралаа даван гарахын тулд фитнесээр хичээллэсэн. Ер нь би сэтгэл гутралаас гарахын тулд маш их хичээсэн. Одоо л арай гайгүй болж байх шиг байна. Сэтгэл зүйн эрүүл мэнд гэхээр хүмүүс байнга аз жаргалтай байна гэж ойлгодог юм шиг байгаа юм. Харин миний хувьд сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг сэтгэл хөдлөлийнхөө балансыг тэнцвэртэй авч явах гэж боддог. Хүн байгалийн бодгаль болохоор гуниглана, баярлана, янз янзын сэтгэл зүйн хариу үйлдлүүд гаргана. Хэт гуниглаж, баярлавал сэтгэл зүйн эрүүл мэнд алдагддаг. Хэрэв та та над шиг сэтгэл гутралд өртсөн бол өнгөрснөөсөө эсвэл өөрт тулгарч байгаа асуудлаасаа зугтах тусам л улам өвтгөнө, зовно. Үнэхээр болохгүй байгаа үедээ өөртөө зориулж дэвтэр худалдаж авах хэрэгтэй. Тэр дэвтэр л чиний жинхэнэ найз хамгийн сайн ярилцагч байж чадна. Байнга аз жаргалтай сайн хүн байхаас татгалзах ч бас зөв. Гуниглаж буй үедээ түүнийгээ хүлээн зөвшөөрөөд бодох нь зүйтэй.
undefined
Сэтгэлзүйч Д. Мөнхцэцэг "Ерөөсөө хүн сэтгэл гутралын шинж тэмдэг эхлэнгүүт “Би сэтгэл гутралд өртөх гээд байна шүү” хэмээн бодлоо удирдаж, өөрийгөө татаж авч сурах хэрэгтэй. Хэрэв хүндэрсэн тохиолдолд сэтгэл зүйч, мөн сэтгэцийн эмчээс эм бичиж аван эмтэй хавсрах нь үр дүнтэй. Сэтгэц засал болон сэтгэл зүйн зөвлөгөө нь хүнд өөрийгөө ойлгож, амьдралаа өөрчлөх боломжийг олгодог мэргэжлийн үйл ажиллагаа юм. Энэ хоёр ойлголт адилхан боловч үргэлжлэх хугацаагаараа ялгардаг. Сэтгэц засал нь (psychotherapy) сэтгэл зүйн зөвлөгөөг (counselling) бодвол урт хугацаанд үргэлжилдэг" гэж зөвлөлөө.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн