Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

ОУВС Монгол Улсыг инфляцаа онилсон бодлого явуулахыг зөвлөлөө

ОУВС Монгол Улсыг инфляцаа онилсон бодлого явуулахыг зөвлөлөө
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 31
Олон улсын валютын сан, Дэлхийн банкны жилийн чуулга уулзалт энэ сарын 21-26-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо боллоо.
Энэ удаагийн жилийн чуулга уулзалтад улс орнуудын Төв банкнуудын Ерөнхийлөгч, Сангийн сайд, бизнесийн салбарын төлөөлөгчид, парламентын гишүүд, иргэний нийгмийн байгууллагууд оролцож, дэлхий дахины санхүү, эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Харин манай улсаас УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны гишүүд болон Монголбанкны удирдлагууд оролцлоо.
ОУВС-аас Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын шинэчилсэн тайланг мягмар гаригт танилцуулж, дэлхийн эдийн засаг 2025 онд 3.2 хувиар өснө хэмээн таамагласан байна. Харин энэ оны төсөөллийг 3.2 хувьд хэвээр хадгалжээ. Инфляц 2024 онд жилийн дүнгээр 5.8 хувь байх бол ирэх онд 4.3 хувь болж буурна хэмээн ОУВС-аас мэдэгдсэн юм. Харин дэлхийн эдийн засаг 2025 онд 3.2 хувиар өснө хэмээн таамагласан байна.
Уулзалтаар Монгол Улсын төлөөлөл Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болон санхүүгийн зохистой хяналтыг хөгжүүлэх талаар санал солилцож, зөвлөгөө авсан юм.
undefined

Томоохон төслүүддээ анхааралтай ажиллахыг зөвлөж байна

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Олон улсын валютын сангийн жилийн уулзалт хавар, намар болдог. Энэ уулзалтаар дэлхийн улс орнуудын эдийн засаг, бүс нутгийн эдийн засгийн өсөлт, хөгжил, цаашдын хандлагын талаар ярилцаж, санал солилцдог чухал уулзалт. Уулзалтын үеэр Дэлхийн банк, ОУВС-гийн Монгол Улсад хамаардаг газар, бүс нутгийн захирлуудтай бүгдтэй нь уулзаж, мэдээллээ солилцдог. Түүнчлэн зөвхөн мэдээлэл солилцохоосоо гадна Монгол Улсад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд, санхүүжилтийнхээ хэмжээг ярьдаг.
Мөн Олон улсын санхүүгийн корпорацийнхантай уулзсан. Монгол Улсад энэ онд 500 сая ам.доллар орж ирсэн байна. Дахиад 200 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярьж байна. Энэ оныг дуустал хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийн буюу мах боловсруулах үйлдвэр дээр 120 сая ам.доллар, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын Багануурт байгаа цахилгаан хураагуурын санхүүжилт 90 сая ам.долларын санхүүжилт энэ жил орж ирнэ. Зай хураагуурын хувьд Улаанбаатар хот бонд гаргаж, энэ бондыг Олон улсын санхүүгийн корпораци худалдаж авна.
Ирэх жил манай улсын хэрэгжүүлэх жижиг, том 30 гаруй төсөл байгаа. Үүн дээр анхааралтай ажиллахыг дэлхийн санхүүгийн байгууллагууд зөвлөж байгаа. Өнгөрсөн оноос төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмсэн нь хувийн салбарынхаа цалингийн схемд нөлөөлж байгааг анхаарах ёстойг зөвлөж байгаа. Мөн Монгол Улсын онцлогоос гадна дэлхийн геополитикийн нөхцөл байдлын талаар ярьж байгаа. Бүс нутгуудад өрнөж байгаа дайнаас болж дэлхийн эдийн засгийн томоохон сөрөг үр дагаврууд гарч байгаа, тээвэр логистикийн асуудлууд байгаа.
undefined

Экспортын багцаа нэмэгдүүлэхэд зөвлөх үйлчилгээ авах хүсэлт тавьсан

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Монгол Улсын эдийн засгийг энэ жил төсөөлж байснаас харьцангуй сайн байна гэж дүгнэж байна. Энэ жил хоёр ч сонгуультай байлаа. Төсвийн зарлагыг маш өөдрөгөөр баталлаа гэж харж байсан бол төсөв дээр тавьсан орлогоо бүрдүүлж чадсанаар эдийн засгийн өсөлтийг хадгаллаа. Хэрвээ энэ жил хөдөө аж ахуйн салбар уналттай байгаагүй бол эдийн засаг 8-9 хувийн өсөлттэй байхаар байсан. Дараа жил эдийн засгийн өсөлт найман хувьтай байна гэж төлөвлөсөн байгаа.
Гол асуудал бол инфляц дээр гол хүндрэлүүд ирж магадгүй гэж харж байгаа. Цаашдаа эдийн засгаа тогтворжуулчихвал дөрөв нэмэх, хасах хоёр хувьтай байхаар зорьж ажиллахыг зөвлөж байна. Түүнчлэн 14 мега төслийг нэгэн зэрэг эхлүүлбэл инфляцын асуудал үүснэ. Тиймээс ч олон төслийг нэгэн зэрэг эхлүүлэх нь инфляцын асуудал үүсэж болзошгүй гэдгийг хэлж байна. Гэхдээ эдгээр төсөл нэгэн зэрэг ирэх жил бүгд эхлэхгүй.
Цаашдаа Монгол Улс экспортын багцыг нэмэх, бүтээгдэхүүний тоо, төрлийг нэмэх тал дээр зөвлөх үйлчилгээ авах хүсэлтээ тавилаа. Сүүлийн 20 жилд манай улс экспортын төрлөө нэмээгүй. Үүн дээр техникийн туслалцаа үзүүлэх боломжтой гэж хэлж байна" гэлээ.
undefined

Манай эдийн засгийн түвшин, гол үзүүлэлтүүд харьцангуй эерэг гарч, үр дүнтэй байгаа

УИХ-ын гишүүн Мөнхсоёл "Манай улсын макро эдийн засгийн түвшин, гол үзүүлэлтүүд харьцангуй эерэг гарч, үр дүнтэй байгаа. Цаашдаа макро эдийн засгийг тооцоолох, урьдчилан төлөвлөх, модель загвар гаргах дээр техникийн туслалцаа авна.
Одоо яг манай улс төсөв, мөнгөний бодлогоо хэлэлцэж байгаа. Төсвийн мөчлөг дагасан бодлого, төсөв, мөнгөний бодлого хоёрын уялдаа хэрхэн зөрчигдөж байгаа байдал, хэрхэн даван туулах талаар ярилцсан. Түүнчлэн том төслүүд хэрэгжүүлээд эдийн засгийг нэлээд тэлэх гэж байгаа. Энэ нь зорьж байгаа инфляцаа хадгалж чадах уу гэдгийг асууж байгаа" гэлээ.
ОУВС дэлхийн өрийн хэмжээ энэ оны эцэс гэхэд 100 их наяд ам.доллар буюу дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 93 хувьд хүрэх төлөвтэй байгаа талаар дурдсан. Өрийн хэмжээ нэмэгдэж буй нь АНУ болон БНХАУ-ын хоорондын “Худалдааны дайн”-аас ихээхэн хамааралтайг дурджээ. Харин Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын өрийн хэмжээ 47.9 хувь байна.
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн