Олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албанийн Тирана хотноо үргэлжилж байна. Өчигдөр сонгомол бөхийн медальтнууд тодорч, эмэгтэйчүүдийн дөрвөн жингийн барилдаанаар эхэлсэн. Тэгвэл манай улсаас 59 кг-ын жинд “Ташкент-2014” ДАШТ-ий алт, “Лас Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд алтан медалийн төлөө барилдахаар шалгарчээ. Тэрбээр эхний тойрогт Мексикийн Ревера Арриагаг 10:0, дараа нь Канадын Борегар Лоренсийг 8:8-аар буулган авснаар шөвгийн наймд үлдсэн юм. Улмаар Азербайжаны Колесникийг 9:0-ээр хожиж, хагас шигшээд Энэтхэгийн Манси Мансиг 4:1-ээр ялснаар ДАШТ-д 10 жилийн дараа гурав дахь удаагаа финалдаж байна. Түүний хувьд аваргын алтан медалийн төлөө олимп, дэлхийн аварга, Японы бөх Рисока Кавайтай барилдах юм. Рисока Кавай одоогоос 10 жилийн өмнөх ДАШТ-д хөдөлмөрийн баатар С.Батцэцэгт ялагдаж байсан түүхтэй.
Үүнээс гадна эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд хүч үзсэн үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер З.Болортунгалаг хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарчээ. Тэр Шведийн Тиндра Шеберг, Унгарын Ноэми Сабадос нарыг цэвэр ялсан ч хагас шигшээд Казахстаны Жамиля Бакбергеновад ялагдсан байна. Медалийн төлөөх барилдаанууд өнөө шөнө 00:30 цагаас эхэлнэ.