Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээр энэ оны аравдугаар сарын байдлаар 102,353 ширхэг суудлын автомашин импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 71.6 хувиар өссөн байна. Харин 24,193 ширхэг ачааны автомашин импортолж, өмнөх оны мөн үеэс 44.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Он гарснаас хойш манай улсын импорт 26 хувиар өсжээ. Импорт өсөхөд автомашины импортын хувь хэмжээ ихээхэн нөлөө үзүүлсэн байна. Ийнхүү импорт өсөж, нийслэлчүүдийн автомашины хэрэглээ өсөхийн хэрээр түгжрэлд өнгөрөөх хугацаа уртасч буй.
2024 оны эхний есөн сарын байдлаар Монгол Улс руу нийт 93,618 ширхэг суудлын автомашиныг 811,964.4 сая ам.доллароор импортлжээ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Өмнөх жилүүдэд 50-60 мянган автомашин импортоор авдаг байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар импортолсон машины тоо 85 мянгад хүрсэн. 2024 оны эцэс гэхэд манай улсын импортолсон машины тоо 100 мянга давна гэсэн төсөөлөлтэй байна" гэдгийг өнгөрсөн наймдугаар сард хэлж байсан ч энэ тоо аравдугаар сар гэхэд аль хэднийнэ 100 мянга давжээ.
Улаанбаатар хотод өнгөрсөн 2022 оны байдлаар 640 мянга гаруй автомашин зорчиж байсан бол 2024 онд 785 мянга болж нэмэгджээ
Энэ оны хоёрдугаар сард НИТХ-ын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины дээд хязгаарыг 730,000 байхаар тогтоосон ч өнөөдрийн байдлаар 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн тоо 55 мянгаар хэтэрсэн нь түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Тийм учраас ирэх сарын 8-наас импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэлд Улаанбаатарын серитэй дугаар олгохгүй байх талаар шийдвэр гарсан юм. Мөн насжилт өндөртэй, торгууль төлөөгүй зэрэг асуудалтай автомашиныг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлээд зөрчлийн хуулийн дагуу торгууль ногдуулахаар болсон.

Импортын автомашины тоо /2019-2024 оны аравдугаар сарын байдлаар/
Монголд бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 58 хувь нь буруу рультэй
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна” гэж заасан байдаг. Манай Улсад зүүн гар талдаа жолооны хүрдтэй буюу замын баруун талаар явахад зориулагдсан 463.965 (42%) баруун гар талдаа жолооны хүрдтэй буюу замын зүүн гар талаар явахад зориулагдсан 629.535 (58%) тээврийн хэрэгсэл тус тус бүртгэгдсэн байдаг аж. Буруу рультэй автомашиныг хориглох талаар хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн. Учир нь, зөв буюу зүүн гар талдаа жолооны хүрдтэй машин илүү үнэтэй байдаг аж.
Түгжрэлийг бууруулах хүрээнд арваннэгдүгээр сарын 8-наас Улаанбаатарт шинээр олгох дугаарыг хязгаарлах, насжилт өндөртэй, торгууль төлөөгүй зэрэг асуудалтай автомашиныг арванхоёрдугаар сарын 1-ээс Зөрчлийн хуулийн дагуу торгууль ногдуулахаар болсон.
Албан татвараа төлөөгүй тээврийн хэрэгсэл 165,000
Хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгсэл 266,000
Зам ашигласны төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл 510,000 байна.