Open iToim app
Нийгэм | 8 мин уншина

АЙЛЧЛАЛ: Монгол, Казахстан улс стратегийн түншүүд боллоо

АЙЛЧЛАЛ: Монгол, Казахстан улс стратегийн түншүүд боллоо
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 29
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевмын Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд талууд дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
  1. Стратегийн хамтын ажиллагааны тухай хамтарсан тунхаглал
2. Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр
3. Монгол Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тухай 2025-2027 онуудын замын зураглал
4. Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр
5. Хоёр улсын гадаад хэргийн яам хоорондын 2025-2027 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө
6. Соёлын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг
7. Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг
8. Хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг болон мал эмнэлэг, хорио цээрийн  салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг
9. Мэдээлэл харилцаа холбоо, технологийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг
10. Цөмийн  энергийн тухай хамтран ажиллах тухай санамж бичигт хариуцсан сайд нар гарын үсэг зурлаа.

Ерөнхийлөгч нар хамтарсан мэдэгдэл хийлээ

Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа хэвлэл мэдээллийнхэнд хандан хамтарсан мэдэгдэл хийлээ.
quote photo
Монгол, Казахстаны худалдааны эргэлтийг 500  сая ам.долларт хүргэн нэмэгдүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бүгд Найрамдах Казахстан улсын энэхүү түүхэн айлчлал нь 2008 оноос хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй бөгөөд манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бүр бататгаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна. Манай хоёр улс эрт дээр үеэс түүх, соёл, өв уламжлалын гүн гүнзгий хэлхээ холбоотой аж төрж ирсэн ахан дүүсийн харилцаатай, эсгий туургатан ард түмнүүд юм.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны энэ удаагийн төрийн айлчлалаар хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг өнөө цагт улам өргөжүүлэн хөгжүүлж, Монгол Казакстаны харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түншлэлийн түвшинд өргөн хөгжүүлэх түүхэн шийдвэрийг бид хамтдаа гаргалаа. Энэ нь манай хоёр орны харилцааны түүхийн нэгэн шинэ үеийг эхлүүлэх онцгой чухал үйл явдал боллоо гэж бид үзэж байна.
Казахстан улс нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны стратегийн түнш орон болж буйг онцлон тэмдэглэхэд таатай байна. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч тантай хийсэн албан ёсны яриа хэлэлцээ, халуун дотно, ажил хэрэгч уур амьсгалд амжилттай болж өнгөрлөө. Бид өнгөрсөн 30 жилийн ололт, амжилтаа дүгнэн хэлэлцэж, ирэх он жилүүдэд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан, бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх тал дээр үр бүтээлтэй санал бодлоо солилцож, хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүд, замын зураглалаа хамтдаа тодорхойлж чадлаа.
Айлчлалын үр дүнгээр Монгол Улс БНКУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалыг гаргаж байгаадаа баяртай байна. Энэхүү төрийн айлчлалын хүрээнд Монгол Казахстаны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, тээвэр ложистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг чухал салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийн бид байгууллаа.
Мөн манай хоёр улсын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимтэй өргөжүүлэн, өргөн хүрээнд хөгжүүлэх, зам тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг бүх л салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхээр тохирлоо. Бид манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тээвэр ложистикийн салбарын хамтын ажиллагаа нэн чухал гэдэгт санал нэгдэж, зам тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг шийдвэрлэх, хоёр болон олон талт эрх зүйн механизмын хүрээнд тээвэр ложистикийн шинэ маршрутыг бий болгох, нислэгийн тоо чиглэлийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцлоо. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллаагааг өргөжүүлэн  хөгжүүлэх хүрээнд  Монгол Улс БНКУ-ын худалдаа эдийн засгийн  хамтын ажиллагааг 2025-2027  онд эрчимжүүлэх замын зураглалыг бид бас байгууллаа. Хоёр талын худалдааны эргэлтийг 500  сая ам.долларт хүргэн нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллаагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр  хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг байгууллаа. Мөн Монгол Казахстаны зах зээлд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн гаралтай бараа бүтээгдэхүүнүүдийг харилцан нийлүүлэхээр тохирч, хоёр улсын харилцааны бэлэг тэмдэг болохуйц хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг судлан хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Энэхүү айлчлалын хүрээнд Монгол  Казахстаны бизнесийн зөвлөлийн анхдугаар хурал амжилттай болж, хоёр орны ААН-ийн төлөөлөл оролцон, Монгол Казахстаны бизнесийн зөвлөл байгуулагдсан нь бизнес эрхлэгчдийн хамтран ажиллах хүсэл эрмэлзэл өндөр байгаагийн тод илэрхийлэл гэж бид үзэж байна. Соёлын харилцаа нь манай хоёр орныг холбох чухал гүүр бөгөөд энэ чиглэлд хамтарсан соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Казахын түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт, дурсгалыг судлан тогтоох, соёлын биет бус өвийн чиглэлээр хамтран судалгаа хийх зэрэг чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр санал нэгдлээ. Мөн Монгол Казак судлалыг хөгжүүлэх, хоёр улсын хэл, соёл, орон судлалын баг, судлаачдыг бэлтгэх, шинжлэх ухаан, стратегийн судлалын асуудал эрхэлсэн  байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, түүх, археологийн хамтарсан судалгаа хийх, эсгийн туургатны болон  нүүдлийн соёл иргэншлийг дэлхий нийтэд хамтран таниулахаар бас тохиролцлоо. Энэ удаагийн айлчлалаар аялал жуулчлал болон мэдээлэл технологийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг тус тус байгуулсан нь соёлын өдөрлөг, аялал жуулчлалын арга хэмжээг хамтран зохион байгуулах, хил орчмын болон нүүдэлчдийн соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг дэмжих, мөн мэдээллийн технологи, цахим хөгжил, харилцаа холбооны салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжин, идэвх зүтгэлтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Хоёр улс уур амьсгалын өөрчлөлтөд хамтран тэмцэх, хүрээлэн буй орчныг хамгаалахад хамтын хувь нэмэр оруулахаар болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Казахстан улсын ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” төслийг уялдуулан хөгжүүлэх чиглэлд бас хамтран ажиллахаар боллоо.
Казахстан улс нь Улаанбаатар хотноо төвтэй, далайд гарцгүй  хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн гишүүн орны хувьд тус байгууллагын үйл ажиллагааг тууштай дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархаж байна. Энэхүү олон улсын судалгааны төвийн хүрээнд талууд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийн бодлого боловсруулах, байр сууриа нэгтгэх, харилцан хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр бас санал нэгдлээ. Бидний яриа хэлэлцээ хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө ажил хэрэг болж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт бид итгэл дүүрэн байна. Манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол Казахстаны ахан дүүсийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжихийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлж байна. Өнө эртний түүхт, мөнх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай зочлохыг урьж байна.
quote photo
Бат бөх, эвийг түшиглэсэн хамтын ажиллагаа маань стратегийн түншлэлд ийнхүү хүрлээ. Өнөөдөр талуудын үзэглэсэн хэлэлцээрүүд хоёр орны нөхөрлөлийг улам бэхжүүлж, олон салбарт үр ашигтай харилцаа холбоог хөгжүүлэхэд шинэ түлхэц болно.
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевм: Миний бие энэ удаагийн айлчлалд онцгой ач холбогдол өгч байна. Монгол Улс бол бүс нутаг дахь бидний чухал  хөрш орон билээ. Бид нэг нэгнийхээ сайн сайхны төлөө байдаг. Мөн бид нийтлэг түүхтэй бөгөөд оюун санааны болон соёлын үнэт зүйлстэй. Өнөөдрийн уулзалт Казахын түүхэнд онцгой орон зай эзэлдэг Зүчийн уулсын найман зуун жилийн ойтой давхцаж байна. Энэ нь манай орны хувьд бэлгэдлийн ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд Казахстан, Монголын харилцаа эрчимтэй хөгжиж байна. Бат бөх, эвийг түшиглэсэн хамтын ажиллагаа маань стратегийн түншлэлд ийнхүү хүрлээ. Бид Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хамт хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа. Уг бичиг баримт нь хоёр орны нөхөрлөлийг улам бэхжүүлж, олон салбарт үр ашигтай харилцаа холбоог хөгжүүлэхэд шинэ түлхэц болно. Түүнчлэн, худалдаа эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцлоо. Айлчлалын хүрээнд хэд хэдэн чухал гэрээ хэлэлцээрт мөн гарын үсэг зурав. Ерөнхийдөө хэлэлцээр маш амжилттай болж өнгөрлөө гэж бүрэн хэлэх үндэслэлтэй байна. Тухайлбал, эдийн засгийн харилцааг сэргээх тохиролцлоо.
Казахстан, Монгол Улс нь Ази дахь томоохон орнуудын ангилалд багтдаг билээ. Тийм учраас харилцан худалдааны эргэлт нь өргөн хүрээг хамрах учиртай. Өнгөрсөн жил гэхэд худалдааны хэмжээ 150 сая доллар дөхсөн. Тус үзүүлэлтийг ойрын хугацаанд 500 сая ам.доллар хүртэл ахиулахыг төлөвлөж байна. Үүний тулд эргэлтэд байгаа бараа бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх шаардлагатай. Түүнчлэн, эдийн засгийн хамт ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээлийг арилгах хэрэгтэй. Хоёр орны Засгийн газрын зүгээс бодитой арга хэмжээ авч ажиллана. Өнөөдөр худалдаа эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх тухай замын зураглалд гарын үсэг зурлаа. Уг баримт бичиг нь хоёр талт хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэхэд нөлөө үзүүлнэ. Үүнээс гадна хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, тээвэр ложистик болон эрчим хүчний салбарт хамааралт бүхий хэлэлцээ явууллаа.
Казахстанд малын өвчний эсрэг вакцин гаргаж авах боломжтой
Казахстанд малын өвчний эсрэг вакцин гаргаж авах боломжтой. Иймд цаашид Монгол Улсад вакцины үйлдвэр нээхээр тохиролцлоо. Мөн шинэ технологи, ашигт малтмалын баялгийг хамтран хэрэгжүүлэхэд анхаарч, хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа. Миний бие Казахстаны цахим Засгийн газар, кибер аюулгүй байдал болон сансар судлалын салбар дахь ололт амжилтуудын талаар дурдлаа. Та бүхний мэдэж байгаачлан манай хоёр орон байгалийн баялаг ихтэй. Төмөр, фосфат болон бусад ховор эрдэнэсийн хайгуул, ашиглалтын тал дээр бас хамтарч ажиллана. Мөн Казахстаны бизнес эрхлэгчид Монголын уул уурхайн салбарыг судлахад бэлэн байдаг. Хэлэлцээрийн үеэр тээвэр ложистикийн асуудлаар санал солилцлоо. Олон улсын коридоруудын өрсөлдөөний чадварыг нэмэгдүүлэх нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүний тулд хоёр улс хоорондоо болон бусад орнуудтай тээврийн харилцааг хөгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр манай хоёр орны газар нутаг дамжин тээвэрлэх ачааны хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Өчигдөр Улаанбаатар хотод хоёр орны бизнесийн зөвлөлийн анхны уулзалт болж өнгөрлөө. Уулзалтаар бизнес эрхлэгчид өргөн хүрээний худалдааны гэрээ болон бусад баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Хоёр улсын Засгийн газрын зүгээс хамтарсан ААН-үүдэд маш таатай нөхцөл бүрдүүлж өгөх хэрэгтэй. Бүс нутаг хоорондын эргэлтийн боломжийг, хүчин чадлыг ашигтай ашиглах нь зүйтэй. Өдгөө Стана Улаанбаатар хотын хооронд ах дүүгийн харилцаа нэгэнт тогтсон бөгөөд энэ төрлийн харилцааг бусад аймгуудын хэмжээнд авч үзэх нь чухал юм. Монголын Казах иргэд бол бат бөх нөхөрлөлийн алтан гүүр билээ. Энэ ташрамд элэг нэгтнүүдэд минь анхаарал хандуулж явдаг Монгол Улсын  удирдлагууд болон Монголын ард иргэдэд талархал илэрхийлж байна. Боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол хандууллаа. Залуусын харилцаа холбоог нэмэгдүүлэх чиглэлд шинэ санаачилгын тухай хэлэлцлээ. Казахстаны их дээд сургуульд Монголын залуусыг хүлээж авахад үргэлж хаалга нь нээлттэй байдаг. Эрдэмтэн судлаачид, сэхээтнүүдийн төлөөллүүдийг энэхүү нийтлэг түүхээ судлахыг би уриалж байна. Эдгээр чухал алхмууд нь хоёр орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Маш чухал асуудлуудад манай хоёр орон адилхан байр суурьтай байдаг. Дэлхийн болон бүс нутгийн байгууллагуудын хүрээний  хамтын ажиллагаа маань хөгжиж байна. Одоогийн геополитикийн нөхцөл эгзэгтэй байдалд байна. Тийм учраас НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж, зөвлөлдөх нь чухал юм. Бид хоёр талт болон олон талт харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэх болно. Монгол Улсын Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр хийх эрмэлзэл, сонирхлыг бид дэмждэг. Өнөөдрийн айлчлал манай хоёр орны хамтыг ажиллагааг цаашид улам бэхжүүлэх нь дамжиггүй.Монголын ард иргэдэд сайн сайхныг хүсэн ерөөе. Бид нөхөрлөл үүрд мөнх байх болтугай.
 
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн