Манай улсын цахилгаан, эрчим хүчний хэрэглээ жилд 6-7 хувиар тогтмол өсөж байгаа. Эрчим хүчний дутагдалд орсон ч сүүлийн 30 гаруй жил шинээр эх үүсвэр бариагүй. Дулааны гуравдугаар цахилгаан станцын ашиглалтын хугацаа хэтэрч, тэг зогсолт хийхдээ тулаад байгаа аж. Тийм ч учраас Засгийн газраас цахилгаан, дулааны үнэд өөрчлөлт оруулахаар тооцоо, судалгаа хийж буй.56 жилийн өмнө Дулааны Цахилгаан станц гурав ашиглалтад орж, нийслэл хотын албан байгуулга, орон сууцанд дулааны эрчим хүч түгээж эхэлж байжээ. Өдгөө ТЭЦ III Улаанбаатар хотын дулааны хангамжийн 30 гаруй хувийг дангаараа хангадаг, 1000 орчим ажилтантай. ТЭЦ III өнөөдөр дулааны эрчим хүчийг 24,683.20 төгрөгөөр үйлдвэрлэж, 7,215.50 төгрөгөөр зарж байгаа аж. Өөрөөр хэлбэл, 1 Гкал дулаанаас 17,467.70 төгрөгийн алдагдал хүлээж байна гэсэн үг юм. “ДЦС-3” ТӨХК-ийн Ерөнхий инженер Н.Чимэддорж: Дулааны гуравдугаар цахилгаан станцын хувьд 2023-2024 оны өвлийн ачаалалд үндсэн тоноглууруудаа 120 хоног тасралтгүй ажиллуулсан. Энэ маш их эрсдэл үүсгэдэг. Бид зуух 60 хоног, турбин 45 хоног болоод урсгал засвар хийх ёстой байдаг. энэ засварыг хийхгүйгээр өвлийн ачаалалд оролцсон. Энэ өвлийн хувьд байдал дахин давтагдана. Магадгүй ТЭЦ III-д эрсдэл үүсвэл төвийн эрчим хүчний системд 14 МВт, Улаанбаатар хотын төвд дулааныг 31 хувь, уурыг 47 хувь авч буй хэрэглэгчид бүгд цахилгаан, дулаангүй болно гэсэн үг. Энэ бол маш том эрсдэл. Энэ эрсдэлийг үүсгэхгүйн тулд бид өвлийн бэлтгэл ажлыг тодорхой хэмжээнд ханган ажиллаж байна.