Open iToim app
Эрүүл мэнд | 4 мин уншина

Монголчуудын дунд тархины харвалт өвчин залуужжээ

Монголчуудын дунд тархины харвалт өвчин залуужжээ
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 29
Таны толгой эргэж, тэнцвэр алдагдаж, гэнэт юм харагдаагүй, эсвэл юмс давхарлаж, таллаж харагддаг уу. Хэрэв тийм бол энэ нь тархины харвалтын шинж тэмдэг байх магадлалтай.
Манай улсын хувьд тархины харвалт жил тутам дунджаар мянган хүн ам тутамд 290 тохиолдож, үүнээс нас баралт 100000-д 49.0 хүрч байгаа нь харвалтын давтамжаар дэлхийд өндөр өвчлөлтэй орны тоонд ордог байна. Дөрвөн хүн тутмын нэг нь тархины харвалтад өртөх эрсдэлтэй байдаг ч энгийн, тодорхой хэд хэдэн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд тархины харвалтаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байдаг байна.
Харвалт гэж юу вэ
Тархины үйл ажиллагаа гэнэт 24 цагаас дээш хугацаагаар үргэлжлэн алдагдахыг хэлнэ. энэхүү үйл ажиллагааны алдагдал хоёр янзаар үүснэ.
  1. Шигдээст харвалт- Шигдээст харвалт бол тархины судас нарийсаж эсвэл бөглөрөн тархины цусан хангамж дутагдсанаас болж үүсдэг.
  2. Эдийн цусан харвалт- Эдийн цусан харвалт бол тархины судас хагарч, улмаар эдэд цус хурснаар үүсдэг.
Харин харвалт үүсэхэд эрсдэлт хүчинд дараах зүйлс орно
  • Таргалалт
  • Хөдөлгөөний хомсдол
  • Нойрон дунд амьсгал тасалдах
  • Архи хэтрүүлэн хэрэглэх
  • Тамхи, хар тамхины хэрэглээ
  • Цусан дахь сахар ихсэх
  • Зүрх судасны өвчин
  • Цусад дахь холестерин ихсэх
  • Артерийн даралт ихсэх
    Сүүлийн жилүүдэд тархины харвалт өвчинд залуу насныхан өртөх болжээ
undefined
УНТЭ-ийн Мэдрэлийн эмнэл зүйн төвийн дарга Л.Энхсайхан: Тархины харвалт өвчин 40-60 насныханд хамгийн их тохиолдож байна. ДЭМБ-ын ангиллаар 60 нас хүртэлх дунд нас, 60-аас дээш бол ахимаг нас зэргээр ангилдаг. Сүүлийн үед энэ өвчнөөр өвдөх нас залуужиж 30, 40 бүр хорин хэдэн настай хүн ч харваж байна. Зарим нь тархины судасны цүлхэн зэрэг сэргийлэх боломжгүй, өмнө нь оношлогдож байгаагүй судасны гажгуудаас болоод залуу хүмүүс харвах тохиолдол гарч байна. Зарим тохиолдолд өндөр даралтаас болж харваж байна. Жишээ нь, саяхан 30 гаруй настай залуу харвасан. Хүний даралт 120/180 хүртэл байвал хэвийн. Харин 130/190 болж эхэлбэл даралт ихсэлтийн эхний үе гэж үздэг.
“Ийм насанд ийм өвчин тохиолдоно” гэдэг бол өрөөсгөл ойлголт. Өвчнийг насаар зааглах хэрэггүй. Залуу хүн өвдөхгүй гэдэг худлаа. Тийм учраас залуу хүмүүс даралтаа хянаж, эмчид үзүүлж бай. Залуу хүмүүсийн харвалтын нэг том шалтгаан нь даралт ихсэлт. Мөн цусны, элэгний янз бүрийн өвчин нь харвалт үүсэх шалтгаан болдог. ДЭМБ-ын мэдээгээр тархины харвалтаар өвчинд 13 саяас 6.5 нь нас бардаг. Түүнээс 4 сая нь тахир дутуу болж үлддэг. Үлдсэн 2,3 орчим сая хүн л эрүүл болж байна гэсэн үг. Эрүүл амьдралын хэв маягт шилжих нь тархины хавдар өвчнөөс сэргийлэх алхам болно. Өндөр хөгжилтэй орнуудын харвалтын бүтцээс манай улсын харвалтын бүтэц арай өөр. Өндөр хөгжилтэй орнуудад бөглөрөх хэлбэрийн харвалт илүү ир тохиолддог. Өөрөөр хэлбэл, судас нь бөглөрдөг. Харин манай улсад бөглөрөх харвалт давамгайлдаггүй. Тархины судас задрах, цус хурах, цус харвах хэлбэр арай илүү тохиолддог. Энэ нь даралт ихсэлтээ хянахгүй байгааг илэрхийлж байна гэсэн үг. Зарим тохиолдолд архи хэтрүүлэн хэрэглэсний дараа харвалт үүсдэг.
Нойрондоо сайн, цагтаа ажилладаг, хоол ундаа цагтаа иддэг байх, эрүүл бүтцээр хооллодог байх хэрэгтэй. Эрүүл хоол гэж зөвхөн жимс, ногоог хэлдэггүй. Мөн нэмээд сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Тархины харвалт бол бодохоос ч хэцүү өвчин.
Стресс нь даралт ихэсгэж, судас нарийсдаг
undefined
Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн Р.Амарбаясгалан: Залуу хүмүүст тохиолдоод байдаг болчхож. Өмнө нь 60 гарсан хүмүүс харвадаг байсан бол одоо 30, 40 гаруй настай хүн харвах үзэгдэл энүүхэнд болж байна. Бүр түүнээс ч залуу 20 гаруй настай хүн харвах тохиолдол гарч байна. Энэ нь хүний амьдралын хэвшилтэй шууд холбоотой. Буруу хооллолт, жингийн илүүдэл, хөдөлгөөн, сэтгэл санаа, стресс зэрэг нь нөлөөлөх хүчин зүйлд орно. Стресстэй байх маш муу. Стрессийн гормон байнга ялгарвал даралт ихсэж, судас нарийсдаг.
Амьдралын эрүүл хэвшил туйлын чухал. Эмч нарын үгийг зүгээр л сонсоод өнгөрөөд байж болохгүй. Залуу хүмүүст даралт ихсэх өвчин маш их байдаг. Үүнийгээ тоохгүй яваад байдаг. Даралтны эм уугаад зарим нь эм ч уухгүй явах нь бий. Залуу хүмүүс удамшлын гаралтай даралт ихсэлттэй л биш бол эдгэрэх боломжтой байдаг. Зарим нь амьдралынхаа хэвшлийг өөрчлөөд, жингийн илүүдэлтэй бол тураад, орой эрт унтаад, эрүүл хооллоод байвал бие организм аандаа эрүүлжинэ.
Харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй
  • Артерийн даралтаа хэмжиж мэдэх,
  • Зүрхний хэм алдагдалтай эсэхээ мэдэх,
  • Зөв, зохистой хооллох,
  • Тогтмол дасгал хөдөлгөөн хийх,
  • Цусан дахь өөх тосны түвшинг хянах
  • Тамхи татахгүй байх, дам тамхидалтаас сэргийлэх
  • Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх
  • Жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах.

Т.Амаржаргал нь МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны долоодугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн