Дэлхийн банк болон Хот байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын яамнаас хамтран “Монголын орон сууцжуулалтын ирээдүй-2025” форумыг зохион байгууллаа. Энэ үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь “2028 он гэхэд 150 мянган орон сууц ашиглалтад оруулна. Үүний 60 мянгыг ипотекээр санхүүжүүлнэ. 50 хувийг орон нутагт барина. Шинэ стандарт, норм нормативт нийцсэн амины хашаа байшинг ипотект хамруулна” гэлээ.
Үүнтэй холбоотойгоор 2025 онд хэрэгжүүлэх орон сууцны хөтөлбөрийн талаар Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболдтой ярилцлаа.
-2025 онд орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд ямар төслүүд хэрэгжүүлэх вэ?
-Засгийн газраас түрээсийн орон сууцны хөтөлбөр, амины орон сууцын ипотекийн зээл, нийтийн зориулалттай орон сууц гэсэн гурван хэлбэрээр орон сууцжуулах үйл ажиллагаа зохион байгуулна. Ялангуяа амины орон сууцаар иргэдийг орон сууцжуулах чиглэлд гол ач холбогдол өгч ажиллаж байгаа. Арилжааны банкнуудаас амины орон сууцад ипотекийн зээлийг өгөх зохицуулалт байдаг боловч амины орон сууц нь байгальд орчинд ээлтэй, үл хөдлөх хөрөнгө нь олон жилийн настай байх гэсэн хэд хэдэн асуудлуудыг хөндөөд зээл олголтын ажил удаашралтай явдаг байсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд манай яамнаас технологи дамжуулах төвийг байгуулаад амины орон сууцыг хэрхэн мэргэжлийн түвшинд барьж болох вэ гэдэг мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгнө. Мөн барилгын норм стандарт, шаардлага хангасан загвар зургуудтай ирэх, зургийн дагуу барих компаниудыг бэлтгэх, түүнд нь хяналт тавих экспертүүдийг бэлдэх ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн, амины орон сууцыг олон улсын жишигтэй нийцүүлээд үнэлэх “Best ger” гээд үнэлгээний аргачлал батлуулсан. Энэ нь эрчим хүчний зарцуулалт багатай, байгалийн гамшигт үзэгдлүүд болоход тэсэн гарах чанаруудыг хангах зохицуулалтыг баталсан. Дээрээс нь 2025 онд бид 1008 айл түрээсийн орон сууцыг гаргаж ирж байгаа. Энэ байрандаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд түр суурьшуулах ажлыг зохион байгуулаад, иргэдийг дахин төлөвлөлттэй холбоотой хохирог асуудлыг багасгах тал дээр анхаарч байгаа.