Манлайлал хийгээд манлайлагчийн тухай ойлголт нь хүний нийгэм байтугай мал сүрэг, зэрлэг ан амьтдын дунд ч зайлшгүй байдаг зүйл. Жишээ нь, малчид азарга, буур, бух, ухна, хуцаа “сүргийн манлай” хэмээн дээдэлж, мал сүргийнхээ чанар чансааг сайжруулахын тулд эцэг малын удам угсаа, өнгө зүс, үржих чадвар, бие бялдрын хөгжил, зан төлөвт онцгой анхаардаг. Яагаад гэвэл сүргийн манлай ямар байхаас тухайн айлын мал сүргийн хувь заяа шууд хамаардаг учраас тэр. Мөн сайн цэгц /манлайлагч/-тэй зээр, аргаль, янгирын сүрэг барагтай бол анчны отоо, араатны аманд орохгүй. Хэрэв цэгцгүй бол хэдий сонор соргог байгаад ч нүд, чихгүйгээс ялгаагүй болно.
Яг үүн шиг улс төрд сайн манлайлагч гарч ирэхийн хэрээр шударга өрсөлдөөн, улс төрийн эрүүл соёлтой орчин бүрдэж байдаг бол манлайллын дутагдалд орохын хэрээр хов хэрүүлд хүлэгдэж, хоосон цэцэрхэлд автаж, жижиг улс төр, жүжиг ший л өрнөдөг. Өөрөөр хэлбэл, өөр зуураа хэмлэлдсэн ойрын зайн улс төр нь өргөн хүрээтэй нийгмийн шинэчлэл хийх боломжийг хааж орхидог гэсэн үг. Тэгвэл манай улс төр манлайллын өлсгөлөнд аль эрт нэрвэгдээд манлайлагчийн дутагдалд орчхоод байгаатай хэн ч маргахгүй байх.
Парламентад суудалтай намуудын тоо нэмэгдэж, хууль тогтоогчид нь 126-уулаа болсон ч эдэн дундаас шалгараад шөвгөрөөд гараад ирсэн хүн одоогоор алга. МАН-ын жагсаалтын 1-т бичигдэж, сонгогдсон залуу л гэхэд чуулган дээр ямар жол юм яриад сууж байгааг хар! Уг нь улс төрийн энэ зэргийн эрэмбийг дагаад улстөрчийн манлайлах хандлага нь эрс ялгарч байх ёстой бус уу.
Жишээ нь, Монгол Улсын Ерөнхий сайд, эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ том эрх мэдэлд цөөнгүй жил суулаа гээд өргөн олонд хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч болж чадаагүй. Товчхондоо, тэр бол давалгаан дунд сэлэх аргаар даамай өгссөн нэгэн болохоос цаг хугацааны шалгуураар цолгорон гарч ирсэн улстөрч хараахан биш. Уг нь Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хугацаанд өрнөсөн асар их хулгай, завхралтай холбоотойгоор ядаж гарын таван хуруунд багтах хүнд хатуухан хариуцлага тооцож чадсан бол маруухан боловч манлайлагч болж харагдах байв. Гэвч ярихаас илүү гарсангүй. “Оюун-Эрдэнийн үед...” гэж хэлэгдэх онцгой өөрчлөлт хийсэнгүй. Их хугацааг бага ажлаар үрж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч ялгаагүй. Хувь улстөрчийн харизм сайтай боловч хуйгаар нь дагуулах чадвараар сул нэгэн. Өмнөх болон одоогийн УИХ-ын дарга нар ч адил. Өөрийн гэсэн өнгө аяс, үзэл бодол, үйл хэргийг бүтээсэн, үлдээсэн нь үгүй. Насаараа сайд, даргын албан тушаал хашиж байгаа архагууд дунд ч нийгэм нийтэд сайшаан яригдсан, нам дотроо ч ялгарч харагдсан хүн байхгүй.
Хоёр дахь удаагаа засаглах эрх авч хотыг удирдаж байгаа Х.Нямбаатарын хувьд өнгөн дээрээ их хэмжээний ажил хийж, манлайлаад байгаа мэт харагдавч эцсийн дүндээ ажлын гарц, чанар хангалтгүй, бүтээлч бус хандлагатай байгаа нь хамгийн хоцрогдсон буюу автократ арга барилаар явж байна гэсэн үг. Энэ зуунд либерал /хүн рүү чиглэсэн/ биш юм гэхэд ядаж демократ /ажил болон хүн рүү чиглэсэн/, эсвэл холимог арга барилаар манлайлахгүй бол зөвхөн ажлын үр дүн рүү чиглэсэн захиргаадалт, шахалтын аргаар явах ямар ч боломжгүй.
АН-ын манлайлагч нь хэн бэ?
Өдгөө хамгийн муу нэртэй хүн /бараг Монголын дайсан/ болчхоод байгаа Ц.Элбэгдорж, хамгийн их хэл ам дагуулдаг Х.Баттулга гэх ардчиллын хоёр Ерөнхийлөгч тухай тухайн цаг үедээ тодорхой хэмжээнд манлайлал үнэртүүлж чадсан гэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл энэ хоёр хүний ял, гавъяаг тоочхоос илүүтэй яг одоогийн улс төрөө сайн харвал бүх хариулт нь тодорно.
Нийгмийн шилжилт эхэлснээс хойшхи 30 гаруй жилийн ихэнх хугацаанд үнэмлэхүй засагласан МАН улс төрд манлайлж чадаагүй, чадахгүй байгаа шалтгаанаа Ц.Элбэгдорж хэмээх ганц том дайснаас болсон гэж ярьдаг, олон нийтэд тэгж ойлгуулдаг. Түүнчлэн, сонгууль бүрээр нийгмийн асуудалтай биш, өрсөлдөгч намтайгаа биш ганцхан Х.Баттулга гэдэг хувь улстөрчийг зууран авч ноцолддог, ноцолдсоор байгааг бид өдөр бүр харж байна. Орон нутгийн сонгуулийн ялалт, ялагдал байтугай орон дотроо эхнэр нөхөр хоёр янаглах, хэрэлдэх ч Х.Баттулгаас хамааралтай гэх нь холгүй болсон. Ид мандаж явахдаа Н.Энхбаяр, Н.Багабанди, Ц.Нямдорж зэрэг МАН-ын луугарууд ч түүн шиг ийм “мөлжүүртэй” байгаагүй билээ. Зөвхөн энэ мэт жишээнээс улс төрд болоод АН-д чухам хэн манлайлагч вэ гэдгийг хялбархан тайлж уншиж болно.
Манлайллын суурь /хуучин/ онолоор манлайлах ур чадварыг заяагдмал шинжтэй буюу төрмөл чанар гэж үздэг байсан. Улмаар 60-70-аад оны үед харилцааны чадварыг чухалчилж байгаад 80-аад оноос нөхцөл байдалд дасан зохицох чадварыг манлайллын гол үзүүлэлт гэх болсон. Тэгвэл улс төрийн нөхцөл байдалд хамгийн сайн дасан зохицож яваа хүн нь бас л Х.Баттулга. Түүнийг хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөх боломжийг өөрийнх нь нам хүний намтай нийлж Үндсэн хуулийг өөрчилж байгаад хаачихсан. Гэлээ ч тэр бууж өгөөгүй. УИХ-ын гишүүн болоод эргээд ирсэн. Эргээд ирсэн учраас эрх баригчид бас л нойргүйдэх болов. Учир нь Х.Баттулга “Миний зорилго бол МАН-ыг тараах” гэж шулуухан хэлдэг. Хэдийгээр энэ нь утопи санаа ч улс төрийн тавцанд хамгийн галтай байр суурь. Ийм аюултай нөхөр учраас л МАН-ынхан амь тэмцэх нь аргагүй. Нөгөөтэйгүүр, АН-ын одоогийн удирдлагын зарим нь ч, албан тушаалгүй хэд нь ч Х.Баттулга гэдэг хүнээс л үхтлээ айдаг. АН хэт олон фракцтай, хэт нэгдмэл биш бодлоготой учраас тэр. Ингэж эрх баригчдыг ч, өөрийн намынхнаа ч айдаст автуулах хэмжээний чанга эр /эм/ манай улс төрд ер нь өөр байгаа билүү?
АН-ын дарга Л.Гантөмөрийн хувьд манлайлагч биш менежер гэдэг нь алхам бүрээс нь харагдаж байгаа. Манлайлагч хүн том өөрчлөлтийн төлөө явж, системийг байнга цэнэглэдэг бол менежер хүн солилцооны буюу наймаа тохирооны арга барилыг чухалчилж, тогтвортой байдлыг эрхэмлэдэг. Энэ агуулгаар харвал АН-д одоогоор “Өөрчлөн манлайлагч” гэж тодорхойлох хүн Х.Баттулгаас өөр алга. Гэхдээ тэр хүн бусдын эрх ашгийг бус өөрийн ашиг сонирхлыг хөөж эхэлбэл сөрөг дүр болж хувирна. Үүнийг Басс, Авалио нар “Хуурамч өөрчлөн манлайлагч” хэмээн тодорхойлоод зогсохгүй ийм хүмүүс дагалдагч нараа алдаа эндэгдэл, гамшиг сүйрэл рүү хөтөлж магадгүй гэснийг ч санууштай.
Жижиг намууд манлайлагчтай юу?
Парламентад суудалтай жижиг намуудад одоогоор манлайлагч байхгүй гээд шулуухан хэлж болно.
Уг нь Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярт УИХ-ын сонгуулиас өмнө үнэнч дэмжигчид нь төдийгүй нам бусчууд ч ам сайтай байв. Том бизнес эрхлэгчдийн төлөөллөөс гадна том улстөрчтэй түс тас харилцдаг зан чанар нь олон нийтэд таалагдаж байсан. Түүнээс тэмцэл, манлайлал, тэнэг ч хамаагүй үйлдэл хүлээж байв. Тэгтэл сонгууль дуусаад таг болов. Тэр найдвар тасрав...
ХҮН намын дарга Т.Доржханд сайд болсноосоо хойш хүчтэй байр суурь илэрхийлэх нь байтугай тодхон дуугарахаа ч байсан.
ИЗНН-ын дарга Б.Батбаатарын талаар бол бүр ярих ч юм биш. Энэ нам их хурал дээр манлайлал үзүүлэх нь бүү хэл, цөөн бүлтэй нам доторх асуудлаа ч дорвитой шийдэж чадахгүй байгаа.
Хэдийгээр манлайллын ойлголт нь удирдагч байхтай шууд холбоотой боловч манлайлагч болохын тулд заавал удирдах албан тушаалтан, намын дарга байх албагүй. Мөн дарга л бол манлайлагч гэсэн үг биш гэдэг нь манай өнөөгийн улс төрийн өнгө төрхөөс бүрэн дүүрэн харагдаж байна. Үүнээс гадна улс төрд хамгийн олон тойрон хүрээлэгчтэй нь биш хамгийн олон дайсантай хэрнээ хамгийн их үзэн ядагддаг нэгэн ч хамгийн шилдэг манлайлагч байх боломжтой.
Сая орон нутгийн сонгуулийн дараа УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу АН-ын ялагдлын шалтгааны талаар хэвлэлд товч яриа өгөхдөө “Бид өөрсдөө манлайлж чадахгүй байгаа учраас байнга ялагдаж байна. Бурууг бусдаас бус, өөрсдөөсөө хайя” гэсэн нь тун зөв дүгнэлт. Манлайлалгүй учраас манай улс төрд томоохон эргэлт гарахгүй, нийгмийн хөгжилд олигтой сэргэлт ирэхгүй байгаа юм. Монголын улс төр манлайллаар өлсөж байна.