Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т эрэмбэлэгддэг ч усыг хуримтлуулж, нөөцөлж чаддаггүй учраас усны нөөц багатай 20 орны тоонд багтдаг.
Засгийн газрын 2018 оны гуравдугаар сарын 18-нд баталсан 73 дугаар тогтоолын хоёр дахь заалтад “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах зорилгоор шаардлагатай үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгож, цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлэхээр шийдвэрлэнэ” гэж тодорхой заасан байдаг ч өнгөрсөн хугацаанд тус тогтоол хэрэгжээгүй гэж хэлж болно. Засгийн газрын тогтоол батлагдсанаас хойш хэдийнэ зургаан жилийг ардаа үджээ.
Усны нөөц багатай орны тоонд ордог хэр нь авто угаалгын дахин ашиглах цэвэрлэсэн усаар /саарал ус/ бус ундны цэвэр усаар машин угаасаар байна. Улаанбаатар хотод 421 автомашин угаалгын газар үйл ажиллагаа явуулж байгаагаас дөнгөж 20 гаруй нь саарал ус буюу дахин ашиглах цэвэршүүлсэн ус ашигладаг байна. Улсын хэмжээнд машин угаалгын газрууд жилд 125 мянган метр.куб цэвэр ус ашигладаг гэсэн судалгааны дүн бий.
Авто угаалгын газар сард ойролцоогоор 60 гаруй тонн ус ашигладаг
Авто угаалгын газрууд хүчин чадлаасаа хамаараад сард ойролцоогоор 60 гаруй тонн цэвэр ус ашиглаж, урсгадаг байна. Ингэхээр зөвхөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг авто угаалгын газрууд сард 25000 гаруй тонн цэвэр ус ашигладаг болж таарах нь. Хэрэв саарал ус ашиглаж эхэлбэл хэрэглэж байгаа усаа хоёр дахин хэмнэж чадна. Авто угаалгын газрууд нэг машиныг бохирдол, овор хэмжээнээс нь хамаарч 80-100 литр цэвэр усаар угаадаг аж. Улаанбаатар хотын хүн ам өсөхийн хэрээр цэвэр усны хэрэглээ нэмэгдэж, нөөц өдрөөс өдөрт дундарч байна. Үүнийг дагаад гүний усны нөөцийг хамгаалах, хэрэглээг бууруулах шаардлага жилээс жилд нэмэгдэж байна.
Энэ оны эхнээс автомашин угаалгын газар болон зарим үйлдвэрүүдэд цэвэр ус ашиглахыг дахин хориглосон. Мэдээж зургаан жилийн өмнө захирамж гарсан ч хэрэгжээгүйтэй адил үүнийг “ок” гээд шууд бүгд саарал ус ашигладаг болохгүй л болов уу. Гэсэн ч цэвэр усны хомсдол үүсэх нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулна гэдгийг хаа хаанаа ойлгож буй.
Монгол шиг цэвэр усаар автомашинаа угаадаг улс Дэлхийн хаана ч байхгүй
Манай орны усны нөөцийн 80 хувь гадаргын, 20 хувь нь газрын доорх ус эзэлдэг байна. Гадаргын усны хэрэглээний 0.4 хувийг хүн амын унд, ахуйн хэрэглээнд, 99.6 хувийг үйлдвэр, үйлчилгээнд ашигладаг бол газар доорх усны 0.8 хувийг хүн амын унд, ахуйн хэрэглээнд 99.2 хувийг үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар хэрэглэдэг байна. Ус ашиглалтын 90 орчим хувийг газрын доорх уснаас хангадаг.
Монгол шиг цэвэр усаар автомашинаа угаадаг улс дэлхийн хаана ч байхгүй. Европын орнуудад машин угаалгадаа дахин боловсруулсан ус ашиглахыг хуулиар зохицуулсан байдаг. Тухайлбал, Австри болон Германд машин угаалгын газрууд ашигласан усныхаа 80 хувийг дахин боловсруулсан байх хуультай. Харин Бельгид ашигласан бохир усныхаа 70 хувийг дахин боловсруулах хуулийг батлахаас ч өмнө тус улсын машин угаалгын газрууд хэрэглэсэн усаа дахин боловсруулан ашигладаг байжээ. Үүнээс харахад дэлхийн улсууд саарал усыг хэрэглээндээ нэвтрүүлээд олон жил болж. Харин манай улс стандарт, дүрэм журам баталсан ч хэрэгжихгүй, цэвэр усны нөөц өдрөөс өдөрт дундарч байна.