Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даалгавраар нэр бүхий 10 хэвлэлтэй шууд гэрээ байгуулах нэрээр 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хуваарилсан баримт дэлгэгдээд байна. Уг санхүүжилтийг 2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө буюу 2024 оны тавдугаар сард нэр бүхий 10 хэвлэл рүү шилжүүлжээ. Ингэж шууд гэрээ байгуулах болсон шалтгаанаа, Засгийн газрын бодлого шийдвэр, хэрэгжилт болон цаг үеийн мэдээллийг яаралтай олон нийтэд хүргэх, мэдээлэх хүрээнд "Шинэ хоршоо хөдөлгөөн", хоршиж хамтарч ажиллахын ач холбогдол, үр нөлөөг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийн жагсаалтыг доорх байдлаар баталж, санхүүжилтийг шууд олгохоор болсон гэж тайлбарлажээ.Хамгийн хачирхалтай нь, МАН-ын Бага хурлын гишүүн, Эрхэт Монгол медиа группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаярын хамаарал бүхий дөрвөн компани /Нэйшнл сошл медиаХХК, Эх гоёот медиа групп ХХК, Зиндаа ньюс ХХК, Өглөөний сонин паблишинг ХХК/ нийтдээ 680 сая төгрөгийг шууд гэрээгээр олгосон байна. Бусад хэвлэлүүдийн хувьд захиалгаар нийтлэл нэвтрүүлэг бэлтгэдэг, төрийн худалдан авах тендерт байнга оролцдог, МАН-ын угшилтай хүмүүстэй хамааралтай хэвлэлүүд байна.