Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийн бодлогыг тусгасан. Түүнчлэн УИХ-ын сонгуулийг энэ онд анх удаа томсгосон тойргоор буюу бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан. Энэ дагуу Улаанбаатар, баруун, хангайн, хойд, төвийн, говийн, зүүн гэсэн долоон бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлох зорилготой “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-ыг өнөөдөр зохион байгуулав. “Шинэ стандарт” сэдэвт тус чуулганд УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагууд, төр, хувийн хэвшил, бизнесийн салбарынхан, эрдэмтэн, судлаачид оролцож нэгдсэн болон салбар хуралдаан, бүс бүрийн онцлогийг харуулсан үзэсгэлэн зохион байгууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганыг нээж “Бүсчилсэн хөгжлийн реформ” илтгэл танилцуулав. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх болсон шалтгаан болон хүрсэн үр дүн, цаашдын зорилтот түвшинг тэрбээр тодотгов. Бүсчилсэн хөгжлийг аймаг, нийслэлийн хэмжээнд эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэлэх, аймгууд тус тусдаа биш, бүсээс сонгогдсон парламентын гишүүд, иргэдийн оролцоотойгоор бүс, бүсийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогоо нийлж тодорхойлох, зөвхөн төр бүхнийг хийх биш хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах, татварын орчноор дэмжлэг үзүүлэх, төвлөрлийг сааруулахаар Засгийн газраас бодлого гарган ажиллаж байна. Энэ хүрээнд 14 мега төслийг боловсруулсан. Эдгээр төсөл бүх бүс нутагт хэрэгжинэ гэдгийг Ерөнхий сайд онцлоод төсөл тус бүрийн давуу талыг танилцуулав.

2021 онд манай улсын ДНБ-ий хэмжээ 43.6 их наяд төгрөг байсан бол “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд 2023 онд 70.4 их наяд төгрөг болж өссөн. Энэ онд 79.2 их наяд төгрөгт хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрт туссан хөгжлийн 14 мега төслийг амжилттай хэрэгжүүлснээр 2028 онд 132.3 их наяд төгрөгт хүрэх тооцоолол хийсэн гэлээ.