Төрийн эзэмшилтэй стратегийн ач холбогдол бүхий ордуудын Засгийн газрын хувь эзэмшлийг харьцах, менежментийг хэрэгжүүлэх үүргийг “Эрдэнэс Монгол” ХХК-д өгсөн байдаг. Тус нэгдэлд одоогоор төрийн эзэмшлийн 34 компани харьяалагдаж байна. Өнгөрсөн жилээс Эрдэнэс Монгол ХХК-ийн компанийн хараат бус байдлыг сайжруулж, цэвэр менежментийн компани болж, олон улсын зах зээлд Монгол Улсыг төлөөлж өрсөлдөх чадвартай компани болгохоо Засгийн газар гэж зарласан. Энэ хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, хамгийн шилдэг менежерүүдийг тус компанид ажилд авснаа зарлаж байсан.
2023 онд Эрдэнэс Монгол компани үндсэн зорилго чиглэл, ажилчдаа бүрэн шинэчилсэн бол 2024 онд ажлын байраа шинэчлэх засварлах ажилд багагүй хөрөнгө мөнгө заржээ. Тодруулбал, шилэн данснаас Эрдэнэс Монгол ХХК-ийн 2024 оны “Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээ”-ний мэдээллийг шүүж үзвэл ойролцоогоор 470 гаруй сая төгрөгөөр оффисын тавилга, эд хогшил, завсар үйлчилгээ худалдан авсан байна.