Ихэнх нутгаар аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 3-нд хур тунадас орохыг сэрэмжлүүлж байна. Тодруулбал, аравдугаар сарын 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 30, 31-нд нутгийн хойд хэсгээр, арваннэгдүгээр сарын 1-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи аравдугаар сарын 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд нутгийн зарим газраар, 31, арваннэгдүгээр сарын 1-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температурын хувьд Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -4....-9 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +9...+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна. 31-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
Арваннэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ сард агаарын дундаж температурын хувьд төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, харин хур тунадасны хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим орох боловч нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу орно. Аравдугаар сарын 10-20-нд ихэнх нутгаар агаар мандал тогтворгүй, салхи шуурга ихтэй байх төлөв ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, ажлаа төлөвлөхийг ЦУОШГ-аас зөвлөж байна.
Сарын дундаж агаарын температурын олон жилийн дунджаар арваннэгдүгээр сард Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар -12...-18°C, Хөвсгөлийн уулархаг нутгаар -18...-22°C, Алтайн өвөр говь, говийн бүс нутаг, Дорнодын тал нутгаар -2...-8°C, бусад нутгаар -4...-8°C байна. Түүнчлэн, сарын нийлбэр хур тунадас арваннэгдүгээр сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4–8 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм байна.