УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Ерөнхий сайдын мэдээллээр үргэлжилж байна. Тодруулбал, өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ хийж, сөрөг хүчний гишүүд асуулт асууж, мэтгэлцээн өрнүүлэх ёстой байсан. Гэвч Ерөнхий сайд чуулганы хуралд биеэр оролцоогүй УИХ дахь сөрөг хүчний гишүүд уурсав.
Мөн Засгийн газарт АН, ХҮН намын төлөөллөөс бүрдэж хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Гэтэл АН, ХҮН нам сөрөг хүчний зүгээс хэлэлцэж буй асуудлаар санал шүүмж хэлсэнд МАН-ын зарим гишүүн дургүйлхэж, Дэгийн хуулиа өөрчилж, бүгд санал шүүмж хэлдэг болъё зэргээр үг хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл: Сөрөг хүчин гээд байх юм. АН, ХҮН нам хоёр чинь Засгийн газрыг бүрдүүлж байгаа гишүүд мөн биз дээ. Эсвэл Л.Гантөмөр гуай өөр нам болсон юм уу. Яагаад өөрөөсөө асуугаад байгаа юм. Тэгвэл бүгд асууж байгаа юм бол би ч гэсэн асуумаар байна. Б.Батбаатар, А.Ундраа хоёр л асууна биз дээ. Нөгөө хоёр нь өөрсдөө Засгийн газрын гишүүд шүү дээ. Яагаад ийм тэгш бус байгаа юм бэ. Дэгээ эсвэл өөрчилдөг юм уу. АН-ын дарга, Шадар сайд нь илтгэл тавилаа. Тэгээд АН нь асуулаа. Юу болоод байгаа юм. Жинхэнэ жонхуу болж байна. Ичмээр юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд өөрсдийнхөө хүсэл сонирхолд нийцүүлж дэг өөрчилье гэж ярьдгаа хязгаарлах хэрэгтэй шүү. Байгаа дүрэм, журам дэгт зохицож ажиллаж, амьдарч сурах ёстой. Тийм хэмжээний ёс суртахууныг УИХ-ын гишүүд өөрсдөөсөө гаргах ёстой шүү. Энэ тийм муу дэг бол биш. Олон улсын түвшинд ардчилал, парламентын засаглал хөгжсөн улс орнуудын жишигт нийцсэн дэг байгаа гэдгийг та бүхэн сайн ойлгож ярьж байгаарай.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Өнөөдөр УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд бүгдээрээ УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийг зөрчөөд энд сууж байгаа. Дэгийн тухай хуулийн 112-р зүйлд Ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх тухай зохицуулсан байна. 112.4-р хэсэгт Ерөнхий сайд мэдээллийг нэгдсэн хуралдаанд өөрөө хийнэ гэсэн байгаа. Шаардлагатай бол Засгийн газрын бусад гишүүдийг байлцуулна. Гэтэл энд ямар хуулийн зохицуулалтаар өнөөдөр Тэргүүн шадар сайд мэдээлэл хийгээд, бид энд сууж байгаа юм. Дэгийн тухай хуулиа зөрчсөн Ерөнхий сайдад ямар арга хэмжээ авах вэ. УИХ Засгийн газрын харьяаны байгууллага биш. УИХ Засгийн газрын хуулийн тасаг ч биш. Тэгж давармааргүй байна. Ерөнхий сайд энэ чуулганд үгээ хэлээд, өөрөө бидэнд тайлбараа өгөх ёстой. Хэрвээ үүнийг мөрдөхгүй юм бол Дэгийн тухай хууль байгаад яах юм. Ерөнхий сайдыг дуудаж оруулж ирмээр байна. Тэгэхээр АН-ынхныг энэ хурлыг хаяж гарахыг уриалж байна.
Тэрээр үг хэлснийхээ дараа чуулганы нэгдсэн хуралдааныг орхисон юм. Харин Ерөнхий сайд УИХ-ын нэгдсэн хуралдаанд ирээгүй ч "Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээллийг чуулган сонсож, хэлэлцлээ.