УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Ерөнхий сайдын мэдээллээр үргэлжилж байна. Тодруулбал, өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ хийж, сөрөг хүчний гишүүд асуулт асууж, мэтгэлцээн өрнүүлэх ёстой байсан. Гэвч Ерөнхий сайд чуулганы хуралд биеэр оролцоогүй УИХ дахь сөрөг хүчний гишүүд уурсав.
Мөн Засгийн газарт АН, ХҮН намын төлөөллөөс бүрдэж хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Гэтэл АН, ХҮН нам сөрөг хүчний зүгээс хэлэлцэж буй асуудлаар санал шүүмж хэлсэнд МАН-ын зарим гишүүн дургүйлхэж, Дэгийн хуулиа өөрчилж, бүгд санал шүүмж хэлдэг болъё зэргээр үг хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл: Сөрөг хүчин гээд байх юм. АН, ХҮН нам хоёр чинь Засгийн газрыг бүрдүүлж байгаа гишүүд мөн биз дээ. Эсвэл Л.Гантөмөр гуай өөр нам болсон юм уу. Яагаад өөрөөсөө асуугаад байгаа юм. Тэгвэл бүгд асууж байгаа юм бол би ч гэсэн асуумаар байна. Б.Батбаатар, А.Ундраа хоёр л асууна биз дээ. Нөгөө хоёр нь өөрсдөө Засгийн газрын гишүүд шүү дээ. Яагаад ийм тэгш бус байгаа юм бэ. Дэгээ эсвэл өөрчилдөг юм уу. АН-ын дарга, Шадар сайд нь илтгэл тавилаа. Тэгээд АН нь асуулаа. Юу болоод байгаа юм. Жинхэнэ жонхуу болж байна. Ичмээр юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд өөрсдийнхөө хүсэл сонирхолд нийцүүлж дэг өөрчилье гэж ярьдгаа хязгаарлах хэрэгтэй шүү. Байгаа дүрэм, журам дэгт зохицож ажиллаж, амьдарч сурах ёстой. Тийм хэмжээний ёс суртахууныг УИХ-ын гишүүд өөрсдөөсөө гаргах ёстой шүү. Энэ тийм муу дэг бол биш. Олон улсын түвшинд ардчилал, парламентын засаглал хөгжсөн улс орнуудын жишигт нийцсэн дэг байгаа гэдгийг та бүхэн сайн ойлгож ярьж байгаарай.