Open iToim app
Тэд бидний тухай | 2 мин уншина

Алексей Евсиков: ОХУ 2025 онд Хархорум орчимд бага хүчин чадалтай атомын цахилгаан станц барина

Алексей Евсиков: ОХУ 2025 онд Хархорум орчимд бага хүчин чадалтай атомын цахилгаан станц барина
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 25
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиков “Известия” сонинд ярилцлага өгсөн байна. Тэрбээр ярилцлагадаа “2025 оны эхний хагаст Шинэ Хархорум орчимд бага хүчин чадалтай АЦС (АСММ-Атомной станци малой мошности) барих гэрээнд Орос, Монголын холбогдох албаны хүмүүс гарын үсэг зурж магадгүй байна. Хоёр тал энхтайвны замаар цөмийн эрчим хүч үйлдвэрлэх, анагаах ухаан, хөдөө аж ахуй болон бусад салбарт ашиглах төслүүдийн талаар ярилцаж байна” гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины есдүгээр сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ирэх жилүүдэд Улаанбаатар хотоос баруун урагш 400 км-т буюу Монгол Улсын шинэ нийслэл Хархорум хотын ойролцоо,тохиромжтой газарт Атомын цахилгаан станц байгуулах тохиролцоонд хүрсэн.  АЦС-ын төлөвлөсөн хүчин чадал нь 330 МВт хүртэл байх болно гэдгийг  Евсиков онцолжээ.  
undefined
Тэрбээр “Талууд Засгийн газар хоорондын зохих хэлэлцээрийн төслийг боловсруулахаар тохиролцсон. Ирэх оны эхний хагаст гарын үсэг зурна гэж найдаж байна” гэжээ. 
“Росатом есдүгээр сард атомын цахилгаан станцын төслийн техник эдийн засгийн үндэслэлтэй холбоотой хэсгийг баталсан. Гэсэн хэдий ч талууд уг талбайг үнэлж, санхүүжилтийн эх үүсвэр болон хэд хэдэн техникийн нөхцөлөөр тохиролцож, дотоодын мэргэжилтнүүдийг сургаж эхлэх шаардлагатай хэвээр байна. Энэхүү төсөл нь  цөмийн эрчим хүчний салбарт Орос-Монголын идэвхтэй хамтын ажиллагааны эхлэл болж, Монголын эдийн засгийн орчин үеийн технологийн шинэ салбарын суурийг тавина гэдэгт найдаж байна” гэдгийг Евсиков тодотгожээ.
2024 оны зургадугаар сард “Росатом” Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээсэн. Тус корпорац нь Монгол дахь түнш “Мон-Атом” компанитай цөмийн эрчим хүчийг анагаах ухаан, хөдөө аж ахуй болон бусад салбарт ашиглах төсөл боловсруулах чиглэлээр хамтран ажилладаг.
Элчин сайд  “Мэдээж цөмийн эрчим хүч эрчим хүчний аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Төв Азийн орнууд ч үүнийг сонирхож байгааг бид харж байна. Тухайлбал, Казахстанд АЦС барих асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан. Монгол Улс байгалийн тодорхой нөөцтэй, тэр дундаа урантай ч энэ нөөцийг ашиглах өөрийн гэсэн байгууламжгүй учраас хамтарсан жижиг модульчлагдсан реакторуудыг бий болгох асуудлыг хэлэлцэж, энэ чиглэлээр хамтран ажиллаж байна” гэжээ.
Эх сурвалж: Neimagazine.com

2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн