Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Ченжүүд: Банкнууд хомсдолд орсон учраас ам.долларын ханш өссөн

Нийтэлсэн 2024 оны 10 сарын 24
Он гарнаас хойш харьцангуй тогтвортой байсан ам.долларын ханш сүүлийн үед хэлбэлзэж, өдрөөс өдөрт өсөх хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар ам.долларын авах үнэ Монголбанк 3399, арилжааны банкнуудад 3392 байгаа бол Найман шарга төвд 3420 болж нэмэгджээ.
Монголбанк болон арилжааны банкнуудын валютын ханш /2024.10.23/
Монголбанк болон арилжааны банкнуудын валютын ханш /2024.10.23/

Долоо хоногийн хугацаанд ам.долларын ханш 27 төгрөгөөр нэмэгджээ
“Найман шарга” худалдааны төвд нэг ам.доллар авах үнэ 3420, зарах үнэ 3424 төгрөгтэй тэнцэж байна. Харин долоо хоногийн өмнө гэхэд 3397 төгрөг байжээ. Энэ нь ам.долларын ханш долоо хоногийн хугацаанд 27 төгрөгөөр өссөн гэсэн үг юм. Харин арилжааны банкнуудад ам долларын авах үнэ 3392, зарах үнэ 3417 байна. Арилжааны банкнуудаас хямд үнээр авч болох хэдий ч арилжааны банкнуудад "валютын хомсдол үүссэн, доллар зарахгүй" гэснээс болж ам.долларын ханш өсч байна Найман шаргын ченж нар үзэж байгаа аж.
Найман шарга төвийн валютын ханш /2024.10.23/
Найман шарга төвийн валютын ханш /2024.10.23/
 Ченжүүд: Сонгуулийн үеэр валютын ханшаа хүчээр бариад, сонгууль дуусангуут л задгайрчихлаа
Найман шарга төвд ам.долларын ханш өсөж байгаа шалтгааныг тус төвийн ченж нар сонгуулийн үеэр ханшийг хүчээр барьсан, арилжааны банкнуудад валютын хомсдол үүсч, зах зээлд хангалттай нийлүүлэлт хийхгүй байгаатай холбоотой гэж тайлбарлалаа.
“Найман шарга” худалдааны төвийн ченж М (нэрээ нууцлахыг хүссэн учраас М гэе): Долоо хоногийн өмнө долларын ханш 3397 байсан. Одоо 3424 болсон. Өөрөөр хэлбэл банкнаас өндөр болсон байна. Ам.долларын ханш банкнаас өндөр байгаа шалтгааныг тайлбарлавал нэгд, эрэлт хэрэгцээ ихтэй байна. Хоёрт, Монголбанк арилжааны банкнуудад нийлүүлэлтээ хийж чадахгүй байна. Мөн мөнгөө хадгалж байсан хүмүүс ам.долларын ханш өсөөд 3400 гараад ирэнгүүт бүгд ам.доллар болгох гээд эхэлдэг. Зарим нь зарж эхэлдэг. Ийм учраас л валютын хомсдол үүсэж, ханш өсөж байна. Хаан, Хас, Голомт гээд бүх арилжааны банкнууд 3417 төгрөгөөр зарж байхад Найман шаргад 3424 төгрөгөөр зарж байна. Банкнуудад нөөц хангалтгүй, иргэдэд эрэлт хэрэгцээ их байгаа учраас Найман шарга төвөөс ам.доллар авч байна. Банк 3417-оор зарж байхад эндээс илүү үнэтэй, 3420 төгрөгөөр авах шаардлага байхгүй шүү дээ.
Манай улс сонгуулийн үеэр валютын ханшаа хүчээр бариад байсан. Сонгууль дуусангуут л задгайрчихлаа. Доллар өсөх тусам хүний идэж, хэрэглэж буй зүйлс, талх, бензиний гээд бүх юмны үнэ өснө. Цалин нэмнэ, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмнэ гээд байгаа боловч бол валют өсчихөөр цалин нэмсний хэрэг огт гарахгүй. Цалин нэмлээ гэчхээд доллароо өсгөчихөөр бүх юмны үнэ дагаад өснө. Цахилгаан, дулааны үнийг арваннэгдүгээр сарын нэмэгдүүлэхээр боллоо гэх мэдээлэл гарсан. Ийм мэдээлэл гарч, цахилгаан, дулааны үнийг нэмэхээр болсон сургаар л ам,долларын ханш өсөж байна.
Монголбанкинд ам.доллар ховордсон гэх мэдээлэл байхгүй гэдэг ч худлаа шүү дээ. Арилжааны банкнаас ам.доллар авъя гэхэд өгөх чадвартай байвал энд ханш өсөхгүй. Иргэд аргагүйн эрхэнд энд ирээд 3420 төгрөгөөр авч байна. Банканд 3417 байхад яагаад эндээс үнэтэй авна гэж. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо ханшаа яг буулгах цагт нь буулгадаггүй. Одоо өвөл дөхөхөөр наймаачид бүгд бараандаа явдаг. Яг энэ үеэр манайх ам.долларын ханшаа өсгөж таардаг. Ард иргэдээ боддоггүй нь тэр байх. Валют өсчихсөн юм чинь оруулж ирсэн бараа нь үнэтэй л болно. Доллар өсөхөөр бүх юмны үнэ өсдөг. Бензин, шатахуун, түлш нүүрс гээд бүх л юм өснө шүү дээ. Манайх ам.долларыг буулгаад байж болох ч үйлдэл хийдэггүй. Нэг талаар ашиг олох гэсэн санаа нь байх. Хувийн арилжааны банкнууд өөрсдийнхөө түрийвчийг л зузаалахаас биш Монголчуудын түрийвчийг амь зузаалъя гэж бодохгүй. Өвлийн улирал эхлээд түлээ нүүрс, хувцас хунартаа явах хамгийн идэвхитэй энэ үед ам.долларын ханш өсгөж байна гэдэг нь тэдний тархи сайн ажиллаж, өөртөө ашигтай байлгаж чадаж байна. Харин Монголбанк зохицуулалт хийж чадахгүй байна. 
Ченжүүдийн хэлж байгаараар улирлын байдал, сонгууль зэрэг нь ам.долларын ханш өсөхөд нөлөөлжээ.
Валютын нөөц оны өмнөхөөс буурчээ
undefined
Валютын ханшийн өөрчлөлт бараа, үйлчилгээний үнээр дамжин иргэдийн амьжиргаанд нөлөөлдөг. Хэрэв гадаад валютын ханш өсвөл гаднаас авч буй импортын барааны үнэ нэмэгдэнэ. Харин эсрэгээрээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гаднын зах зээлд борлуулж буй компанийн орлого валютын ханш өсөхөд нэмэгддэг. Нөгөө талаас экспортлогч компани эсвэл гадагшаа их хэмжээний бараа экспортолдог улсын хувьд валютын ханш өсвөл бүтээгдэхүүнийх нь үнэ өсөж, борлуулалт буурах эрсдэлтэй байдаг. Мөн санхүүгийн зах зээлд цочрол үүсгэх мэдээлэл гарах, үйл явдал тохиолдоход зах зээлд оролцогчид сандралд орох, улмаар бүгд нэгэн зэрэг эзэмшиж буй валютаа зарах, эсвэл гадаад валют худалдан авах гэх мэт үйлдэл хийдэг бөгөөд энэ нь зах зээл дэх эрэлтийг огцом нэмэгдүүлэх эсвэл бууруулах замаар банк, санхүүгийн тогтолцоог тогтворгүй болгох, компаниуд дампуурах зэрэг эрсдэл дагуулдаг байна.
Хэдий хар зах дээрх арилжааг хуулиар зохицуулах боломжгүй ч харин нийт санхүү, эдийн засгийн бодлогоороо зохицуулагддаг жамтай. Монгол Улсын хувьд эдийн засаг харьцангуй сэргэж байгаа ч гадаад худалдааны тэнцлээ харахаар экспортоосоо импорт нь 3-4 дахин өссөн дүнтэй байна. Тодруулбал, есдүгээр сарын статистикаар экпорт өмнө оны мөн үеэс 4.3 хувиар өссөн байхад импорт 27.5 хувиар өссөн байна. Эдийн засаг өсөхийн хэрээр манайхаас гадагшлах ам.долларын хэмжээ нэмэгдэж, дотооддоо шингэх урсгал бага байдаг нь ханш өсөх бас нэг шалтгаан юм. Үүнээс шалтгаалж Монгол Улсын гадаад валютын албан нөөц багасаж 4.6 тэрбум ам.долларт хүрчээ. Оны эхэнд гадаад валютын албан нөөц 5 тэрбум ам.долларт хүрээд байсан юм.
Т.Амаржаргал нь МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны долоодугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн