УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.10.24/хуралдаж, 2025 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуралдаанаар эрүүл мэндийн салбарын цахимжилт болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа асуулт асууж, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариуллаа. -УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Жороор олгох эмийн жагсаалтыг хэрхэн шинэчлэх вэ. Бид өөрсдөө өдөр тутамдаа эм хэрэглээд зуршил болчихсон. Эмч дээр очихоос илүү эмийн сан ороод дураараа эм авчихдаг асуудал буруу гэдгийг эрүүл мэндийн салбар онцолж байна. Гэхдээ зарим эмүүд үйлдвэрлэгчээсээ хамаараад жороор олгох эсэхийг шийдэж байгаа нь шударга бус байдал, үл ойлголцлыг бий болгоод байна. Үүнийг засахын тулд ямар ажил хийж байна вэ? -Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Манай улсад бүртгэлтэй 4000 гаруй төрлийн эм байна. Түүнээс 1100 орчим нь жоргүй олгогдох эмийн жагсаалтад ордог. Орц найрлага нь адилхан хэр нь жортой, жоргүй төрлөөр ялгаатай олгодог 160 орчим эм байна. Хүний эмийн зөвлөл хуралдаад энэ ялгааг арилгах, зарим эмийг жоргүй болгох шийдвэр гаргаж, эм ханган нийлүүлэх байгууллагууд руу хүсэлт өгсөн. Ирэх долоо хоногт Хүний эмийг зөвлөл дахин хуралдана. Хуралдаанаар эцсийн шийдвэрүүд гарч, эмийн бүртгэлд өөрчлөлт хийнэ. Ирэх долоо хоног гэхэд ижил найрлагатай эмүүд, зарим нь жортой, жоргүй олгодог ялгаатай байдал арилна.