УИХ-ын Нийгмийн байнгын хорооны хуралдаан өчигдөр буюу аравдугаар сарын 24-нд болж, 2025 оны төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Ядуурлыг бууруулах хамгийн үр дүнтэй шийдэл бол халамжаас хөдөлмөрт шилжих бодлого гэдэгтээ Л.Энх-Амгалан сайд санал нийлэх байх. Иймд нийслэлийн гурван дүүрэгт төгсөлтийн аргачлалаар төсөл хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд өргөжүүлж болж байна уу. 2025 оны төсөв дээр халамжаас хөдөлмөрт шилжих ажлын хүрээнд төгсөлтийн аргачлалыг хэрхэн, яаж хэрэгжүүлэх талаар та бодлоготоо хэрхэн яаж тусгасан бэ гэдгийг танилцуулна уу.

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Л.Энх-Амгалан: Халамжаас хөдөлмөрт шилжихийн тулд хөдөлмөрийн зах зээлд үүссэн нөхцөл байдлыг сайн оношилмоор юм билээ. Бид ажиллах хүчний хомсдолд орчихсон. Монголчууд Солонгос явах, самар явах гэсэн хоёр сонголттой ард түмэн болчих гээд байна. Үүнд залуусыг буруутгамааргүй байна. Халамж хавтгайрснаас болж ажиллах хүчний хомсдолд орж байгаа нь үнэн. Хоёрдугаарт, 1990-2019 оны төрөлт багассантай холбоотой байна. Тодруулбал, 19 жилийн турш 200-280 мянган ирээдүйн ажиллах хүчнээ алдсан. Мөн гадаадад ажиллаж байгаа 208 мянган иргэн байна. Ингээд бид ажиллах хүчнийхээ 500 мянгыг нь алдчихаад байна. Цаашид хөдөлмөрийн үнэлэмж багатай газруудад гаднаас ажилтан авах шаардлага үүссэн. Бид хойд хормойгоо аваад, урд хормойгоо нөхөөд байж болохгүй. Мэргэжлийн болон дээд боловсрол дээр тодорхой асуудлууд байна. Тийм учраас хөдөлмөрийн зах зээл дээр үүссэн байгаа эрэлт, нийлүүлэлтийг бид боловсролынхоо тогтолцоотой уялдуулж байж хомсдолоос зайлшгүй гарах дунд болон урт хугацааны хөгжлийн хэрэгцээ шаардлага үүссэн байгаа. Ер нь иргэд дээд сургууль төгссөн оюутнаас мэргэжлийн сургууль төгссөн хүний өрхийн орлого 40-60 хувь илүү байгааг ойлгох ёстой. Тиймээс дээд сургууль төгсөөд, дипломтой ажилгүйчүүдийн армид шилжих үү, эсвэл мэргэжлийн сургуулиараа дамжаад өндөр цалинтай ажлын байран дээр очих уу гэдэг асуудал залуучуудын том сонголтын асуудал байгаа. Цаашдаа зах зээл дээр бий болсон ур чадварын хомсдол гээд асуудал бий болж байна. Иймд ур чадварын хомсдолыг хэрхэн нөхөх үү гэдэг дээр төгсөлтийн дараах аргачлалыг хэрэгжүүлнэ.