Монголын залуус сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр амжилт үзүүлж, дэлхийд данслагдсан цаг саяхан. Энэ бол гавьяат дасгалжуулагч С.Тулга гэдэг хүний гавьяа яах аргагүй мөн. Түүнтэй мөчөөрхөх хүн гарахгүй гэж найдна. Монголын хүүхэд, залуус эртнээс л гудамжинд сагс тоглож, энэхүү төрлийн хөгжлийн эхлэлийг тавьсан бол тив, дэлхийд Монголын нэрийг дуудуулах үндэс нь С.Тулгатай холбоотой. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо 2010 онд 3х3 сагсан бөмбөгийг албан ёсоор танилцуулж байхад Монголд 2000-аад оны дунд үед гудамжны сагсан бөмбөг хэдийнэ хөгжиж, хүүхэд залуусын дуртай төрөл болчихсон байв. Ингээд С.Тулга залуусыг үүнд бэлтгэж эхэлснээр тив, дэлхийд амжилт үзүүлэх үүдийг нээсэн. Яг энэ төрлөөр тивийн хошой аварга болж, олимпын наадамд өрсөлдсөн гавьяа түүнтэй холбоотой. Гэхдээ энд нэг хүнийг магтах нь чухал биш. Харин топ түвшинд хүрч, монголчууд чимээ чагнадаг болсон 3х3-ын амжилт огцом унасанд хамаг шалтгаан байгаа юм. Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Д.Отгонжаргал, А.Ананд, О.Энхбаатар зэрэг залуус энэ жил лигийг өнжиж, 3х3 төрлөөр амжилт гаргахаар эрс шулуудсан. Нэг ёсондоо холбооноос 3х3, 5х5 төрлийн аль нэгийг нь сонгох шаардлага тавихад дээрх залуус 3х3-ыг сонгосон байдаг. Эмэгтэйчүүдийн ур чадвар ч мэдэгдэхүйц түвшинд огцом сайжирч тивийн аваргаас медаль хүртэх хэмжээнд хүрсэн. Олимпын наадмын талбайд эх орныхоо нэрийг гаргасан түүх ч бий. Монголын телевиз 3х3 төрлийн цуврал тэмцээнийг шууд дамжуулдаг болж, тэр хэрээр монголчууд энэ спорттой илүү ойр дотно танилцаж, багийнхаа тоглолтыг хүлээдэг болсон.
Гэвч сүүлийн үед хождог байхаа хожихоо больж, 3х3-ын цувралд хүч түрэн орж ирсэн шинэ багуудын эсрэг хүчин мөхөстөх болов. Энэ бүхнийг сонирхогчид дасгалжуулагчийг сольсонтой холбон тайлбарлаж байна. Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо С.Тулгыг халж, манай улсад легионероор ирсэн Стив Сирийг шигшээ багийн дасгалжуулагчаар томилсон. Тэр шигшээг удирдсанаас хойш багагүй хугацаа өнгөрөв. Харамсалтай нь, түүнийг дасгалжуулагчийн албанд томилогдсоноос хойш багийн амжилт огцом буурсан нь нууц биш. Нүдэнд ил байгаа энэ үнэнд олон хүн эгдүүцэж байна. Түүний хувьд сайн шидэгч, сайн тоглогч байж болно. Гэхдээ сайн дасгалжуулагч биш гэдгийг олон тоглолтын үр дүн харууллаа. Стив Сирийг дасгалжуулагчийн албыг авснаас хойш Монголын багийн довтолгоо хувилбаргүй болж, бүх талаараа уналтад орох нь тэр. Магадгүй ойлголцдоггүй байх тал бий. Саяхан болсон Үшигийн “Мастерс”-ын дараа 12 багийг байр эзлүүлэхэд “Улаанбаатар Энержи” баг 12 дугаар байр эзлэв. Энэ бол Монголын 3х3-ын түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт юм. Өөрийнх нь босгосон спортын хөгжил уруудаж байгааг харсан гавьяат дасгалжуулагч С.Тулга “Надад үнэхээр хэлэх үг алга” хэмээн шогширсон удаатай. Тэгэхээр өнөөдөр Монголын 3х3-т эрс шинэчлэл хийх цаг болжээ. Менежментийн, дасгалжуулагчийн багийн шинэчлэлийг хийхээр болсон байна. Сагсан бөмбөг сонирхогчид тоглогчдыг солих тухай ч ярьж эхэлсэн. Шинэ залуусаа бэлдэж, системтэйгээр бэлтгэхгүй бол монголчууд Лос-Анжелесын олимпын талаар ярилтгүй. Бараг эрх олгох тэмцээнд оролцож чадахгүй байх хэмжээнд ч хүрч мэдэх нь ээ. Аливаа спортод амжилт гаргахын тулд багийн ажиллагаа чухал. Энэ багт 3х3 холбооны удирдлагууд, арын албаныхан, дасгалжуулагч, тамирчид бүгд багтана. Дасгалжуулагчийг солихоос эхлээд шинэчилж, өмнө нь үзүүлж байсан огшмоор тоглолт, амжилтуудыг 2025 оноос үзүүлье. 2024 он шувтрахад ердөө хоёрхон сар үлдсэн. Тиймээс шинэ оныг шинэ ажил, шинэ амжилт, шинэ менежменттэйгээр угтах ажлыг өнөөдрөөс эхлүүлье.