Түгжрэлийг бууруулах хүрээнд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Нийсэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай нар мэдээлэл хийлээ.
Арваннэгдүгээр сарын 8-наас Улаанбаатарт шинээр олгох дугаарыг хязгаарлах, насжилт өндөртэй, торгууль төлөөгүй зэрэг асуудалтай автомашиныг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлээд зөрчлийн хуулийн дагуу торгууль ногдуулахаар болсон байна.
Нийсэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай: Арванхоёрдугаар сарын 1-нээс Улаанбаатар хотод явж байгаа үзлэгт ороогүй тээврийн хэрэгслүүд болон торгуулиа төлөөгүй хөдөлгөөнд оролцвол хуулийн дагуу хариуцлага тооцно. Мөн насжилт өндөртэй тээврийн хэрэгсэл жолоодвол арванхоёрдугаар сарын 1-нээс хуулийн дагуу торгууль ногдуулж, хязгаарлалт хийнэ.
Түгжрэлийн урт оргил цагт 97.3 километр хүрдэг гэсэн статистик байна. Энэ байдлаар 2030 он гэхэд Улаанбаатар хотын хүн ам 2 сая, нийтийн тээврийн тоо нэг сая орчим руу дөхөхөөр байна. Оргил ачаалалтай цагийн хурд 5км/цаг буюу явган хүний хурдад дөхөхөөр тооцоолол гарсан. Мөн олон улсын замын түгжрэлийн индексээр 2.5-3 буюу маш хурцадмал байдалд орохоор байна. Цаашдаа түгжрэлийн нийт урт 200 километрт хүрэх тооцоолол гарсан. Мэдээж бид Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхээр урт болон дунд хугацааны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Урт хугацааны хөтөлбөрт метро, дунд хугацааны хөтөлбөрт Туулийн хурдны зам, тойрог хурдны зам гэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явж байна.
Бидэнд энэ өвлөө хэрхэн давах талаар богино хугацааны шийдлүүд хэрэгтэй байна. Тиймээс олон улсын авто замын индекст үндэслээд өнөөдөр НИТХ-аас 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай тогтоол баталсан. Үүнд “Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Гэвч өнөөдөр Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 730 байх ёстой гэж тогтоосон ч 55 мянгаар хэтэрсэн байна. 55 мянгаар хэтэрсэн байна гэдэг нь тэр хэмжээгээрээ түгжрэл, цаашлаад Улаанбаатар хотын эдийн засгийн асуудлууд түгжрэлээр дамжуулж хүндэрч байна.
Иймд Улаанбаатар хотод зорчиж байгаа тээврийн хэрэгслийн дугаарыг тодорхой хэмжээнд хязгаарлах аргачлалаар Улаанбаатар хотын тээврийн тоо хэмжээг 730 мянга дотор барих тухай тогтоол батлагдсан. Үүний дагуу арваннэгдүгээр сарын 8-наас шинээр олгох Улаанбаатарын серитэй дугаарт хязгаарлалт хийнэ. Мөн насжилт өндөртэй, торгууль төлөөгүй зэрэг асуудалтай бол арванхоёрдугаар сарын 1-нээс эхлээд зөрчлийн хуулийн дагуу торгууль ногдуулна гэдгийг дахин хэлье.
Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Б.Дэлгэрсайхан: Торгуулиа хуульд заасан хугацаанд төлсөн тохиолдолд 50 хувь хөнгөлөх хуулийн зохицуулалт хэрэгжиж байна. Хуульд заасан хугацаанд торгуулиа төлөөгүй бол 50 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Мөн торгуулиа төлөөгүй замын хөдөлгөөнд оролцсон бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр саатуулах журамтай.
Цагдаагийн албаны тухай хуулийн 33.1-д заасан хуулийн үндэслэлийн хүрээнд дугаар бүртгэлийн зөрчилтэй, техникийн оношилгоо, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй бол хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах хуулийн үндэслэлтэй. Цаашид хуулийг хэрэгжүүлэх чиглэлд ТЦА-гаас арга хэмжээ авч ажиллана.