УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Л.Мөнхбаатар мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн хуралдаанаар Энэтхэг улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт санхүүжилт болон төслийн явцын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсжээ. Бүлгийн хэвлэлийн хуралд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан оролцож мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар “Газрын тос боловсруулах үйлдвэрт нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон. Нэмэлт санхүүжилтийг шийдэхгүйгээр газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах боломжгүй байгаа. Тиймээс МАН-ын бүлэг шаардлагатай нэмэлт санхүүжилтийг яаралтай шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар газрын тос олборлолтын үйл ажиллагааны нөхцөл байдлын талаар сонслоо. Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоосоо хангах ҮАБ-ын зөвлөмж бий. Тиймээс газрын тос олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх, "Петро чайна дачин тамсаг" компанийн асуудлыг нэг талд нь гаргаж шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Энэтхэг улсын Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг 2019 онд эхлүүлсэн. Инженеринг, худалдан авалт, барьж байгуулах гэсэн ажлын хүрээнд дөрвөн багцад хувааж явуулж байгаа. Нэгдүгээр багцын ажил дуусаж улсын комисс хүлээж авах шатандаа явж байна. Хоёр, гуравдугаар багцын ажил хэрэгжээд явж байгаа, дөрөвдүгээр багц дээр санхүүжилт дутагдаж 431 сая ам.доллароор нэмэгдэх нөхцөл үүссэн. Энэтхэгийн банкнаас 431 сая ам.долларын зээл нэмж авах гэрээ байгуулах, гэрээ байгуулсан тохиолдолд УИХ-аар гэрээгээ соёрхон батлуулж, төсөл зогсолтгүй явах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй явж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор манай улсын хэрэглээний 55 хувийг хангана.
Өнөөдрийн байдлаар манай улсад хоёр компани газрын тос олборлолт хийж байгаа. 530 орчим мянган түүхий тос олборлохоор байна. Манай үйлдвэр ашиглалтад орсноор нэг сая орчим тонн түүхий тосны хэрэгцээ үүснэ. Тиймээс Засгийн газар олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана.