“Та мэдэх үү” булангийнхаа энэ удаагийн дугаарт Монгол Улсын Их Сургуулийн барилга, архитектурын түүхэн дурсгалт барилгыг Улаанбаатар музейн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Г.Очбаярын тайлбарласнаар онцлон, хүргэж байна. Монгол Улсын хамгийн анхны их сургууль болох Монгол Улсын Их Сургууль 1942 оны аравдугаар сарын 5-нд нээлтээ хийж байсан. Ингэхдээ 34 багш, 4 тэнхим, 120 гаруй оюутантайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг. МУИС-ийн хамгийн анхны байр бол 1930-аад оны сүүл үед баригдсан одоогийн Зориг сангийн барилга юм. Энэхүү барилгад МУИС 1945-1946 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан. Одоогийн МУИС-ийн нэгдүгээр байр буюу МУИС-д зориулж хамгийн анхны барилгыг 1943-1947 оны хооронд барьж ашиглалтад оруулж байжээ.МУИС-ийн одоогийн төв байр бол Улаанбаатар хотын орчин цагийн анхны неоклассик барилгуудын нэг. Маш гоё хийцтэй неоклассик барилга байгаа. Тухайн үед төв талбайг тойруулан неоклассик барилгууд баригдаж эхэлж байсан. Архитектурын ансамбль буюу цогцолборын нэг хэсэг болгож МУИС-ийг барьсан. МУИС-ийн хичээлийн төв байрыг байгуулахдаа нэлээд бодож, төлөвлөсөн. Тансаг, гоё барилга учраас Чойбалсангийн нэрэмжит болгож 1946 онд Чойбалсангийн хөшөөг барьсан байдаг. Барилгын зураг төслийг ЗХУ-ын архитектур хийгээд, санхүүжилтийг нь Монгол Улсын Засгийн газраас гаргаад Орос, Монгол барилгачид болон Японы олзлогдсон цэргүүд хамтран барьсан түүхтэй. Монголын орчин цагийн хамгийн шилдэг 20 барилгын тоонд ордог архитектуртай барилгын нэг юм. Улаанбаатар хотын хамгийн үнэтэй барилгуудын нэгд тооцогддог. Хийцийнхээ хувьд маш өвөрмөц, хагас дугуй хэлбэртэй барилга. Багануудынх нь загварыг авч үзвэл кореп буюу гоёмсог дэгжин охидыг бэлгэддэг загвартай. Түүнчлэн, МУИС-ийн хоёр дахь хичээлийн байрыг 2015 онд соёлын өвд бүртгээд, 2021 онд дүүргийн хамгаалалтын зэрэглэлд авсан. Иймд түүхэн болон архитектурын дурсгалт барилга юм.