Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

АТГ: Анхны төсөвт өртөг нь 2-5 дахин нэмэгдэж, царцсан 51 барилга, байгууламж байна

АТГ: Анхны төсөвт өртөг нь 2-5 дахин нэмэгдэж, царцсан 51 барилга, байгууламж байна
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 18
2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх нийт 502 төсөл, арга хэмжээнд АТГ-аас хяналт, дүн шинжилгээ хийжээ. Үр дүнд нь барилга угсралтын ажил удаашралтай зогссон болон асуудалтай 51 барилга, байгууламж гарсан байна. Удааширсан, царцсан барилга байгууламжийг яамдыг авч үзвэл:
  • Боловсролын яам: 25;
  • Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам: 9;
  • Байгал орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам: 5;
  • Эрүүл мэндийн яам: 4 зэрэг багтаж байна.
Энэхүү төсөл, арга хэмжээнд 15 жил дамнасан, анхны төсөвт өртөг нь 2-5 дахин өссөн барилга, байгууламжууд байгаа аж. Тодруулбал, барилга байгууламжийн ажлын гэрээ 2010-2022 онуудад байгуулсан, хэрэгжиж дуусах огноо 2016-2025 онд бөгөөд 1-2 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр байтал төсвийн ерөнхийлөн захирагч, гүйцэтгэгч, зохиогчоос шалтгаалж зогссон байна. Гүйцэтгэлийн хувь 0-82  хувийн гүйцэтгэлтэй хэрэгжээд зогссон нь алдагдал ихээр үүсгэж байна.

Удаашралтай баригдаж буй болон царцаагдсан онцлох барилга, байгууламж

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин удаашралтай баригдаж буй болон царцаагдсан барилга, байгууламжаас түүвэрлэн 5 яамдын барилга, байгууламжийг хүргэж байна.
Биеийн тамир спортын хороо
Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 1000 суудалтай цогцолборын барилга
Гэрээ байгуулсан огноо нь 2010-2022 он бөгөөд 12 жил удаашралтай баригдаж хоёр жил царцаагдсан байна. Гэрээний дүн нь 7.2 тэрбум төгрөг бөгөөд санхүүжсэн дүн нь 1.5 тэрбум төгрөг. Ажлын явц нь 40 хувьтай явж байгаад зогссон. Гүйцэтгэгч компани нь “Үүрэг трейд” ХХК.
Төсвийн ерөнхий захирагч талаас: Барилга барих газар өөрчлөгдсөнтэй холбоотой шинээр зураг, төсөв гарган магадлалаар баталгаажсан шинэ зураг төсвөөр ажил гүйцэтгэж байгаа тул захиалагч байгууллага төсвийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон.
-2018 оны наймдугаар сард 3.8 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулж, газар шороо, суурь, зоорины давхар, 1,2-р давхрын угсралтын ажил гүйцэтгэсэн.
-2020 онд 2.2 тэрбум төгрөгийн үлдэгдэл улсын төсөвт суугаагүй тул ажил зогссон.
-2021 онд улсын төсөвт 50 сая төгрөг суулгасан.
-2022 онд төсөвт өртгийн нэмэлт гэрээ байгуулж, 7.2 тэрбум төгрөгөөр өсөж, тухайн онд улсын төсвөөс 1.5 тэрбум төгрөг тусгагдсан.
2024 оны есдүгээр сарын байдлаар барилгын ажил эхлээгүй байгаа тул гэрээ цуцлах эсвэл үлдэгдэл хөрөнгийг 2025 оны улсын төсөвт тусгах саналыг захиалагч яаманд хүргүүлэх, гэрээг цуцлах саналтай. Улсын төсөвт үлдэгдэл хөрөнгө тусгагдаагүй тул ажил зогссон.
Гүйцэтгэгч талаас: Гүйцэтгэгч байгууллагын зохион байгуулалт, ажиллах хүчний чадамжгүй байдал зэргээс шалтгаалж ажил зогссон.
Зохиогч талаас: Барилга барих газар өөрчлөгдсөн тул дахин магадлал хийх шаардлага гарсан.
Эрүүл мэндийн яам
Гентропологийн төвийн барилга, дэд бүтэц, 60 ор УБ. Хан-Уул дүүрэг
Гэрээ байгуулсан огноо нь 2011 оны арваннэгдүгээр сарын 28-наас 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр.  Өөрөөр хэлбэл 9 жилийн хугацаанд удаашралтай баригдаж байгаад 4 жил царцаагдсан байна. Гэрээний дүн нь 7.3 тэрбум төгрөг бөгөөд 6.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Ажлын явц 60 хувьтай зогссон. Гүйцэтгэгч нь “Арвис интернейшнл” ХХК.
Захиалагч талаас: Гэрээний тоо хэмжээнд тусгагдаагүй үлдэгдэл ажилд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа.
2023 оны тавдугаар сарын байдлаар барилгын ажил эхлээгүй байгаа тул гэрээ цуцлах эсвэл үлдэгдэл хөрөнгийг 2024 оны улсын төсөвт тусгах саналыг захиалагч яаманд хүргүүлсэн. 2025 оны улсын төсөвт үлдэгдэл санхүүжилтийг тусгуулах саналыг хүргүүлсэн.  Улсын төсөвт үлдэгдэл хөрөнгө тусгагдаагүй тул ажил зогссон.
Зохиогч талаас: Дутуу ажлын тоо хэмжээгээр тендер зарлаж гэрээ байгуулсан.
Гүйцэтгэгч талаас: Дутуу ажлын тоо хэмжээтэй ажилд гэрээ байгуулсан, гүйцэтгэгч байгууллагын зохион байгуулалт, ажиллах хүчний чадамжгүй байдал зэрэг шалтгаанаас болж ажил зогссон.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Стандартын шаардлага хангасан аюулгүй хог хаягдлын агуулахыг /Хэнтий, Говьсүмбэр/ аймгуудад байгуулах
Гэрээ байгуулсан огноо нь 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 2023 оны зургаадугаар сарын 20. Тодруулбал нэг жилийн хугацаанд идэвхтэй явагдаж байгаад одоогоор царцаагдсан байдалтай байна.  Гэрээний дүн 976.5 сая төгрөг бөгөөд санхүүжсэн дүн нь 683.5 сая төгрөг. Ажлын явц нь 40 хувьтай зогссон. Гүйцэтгэгч нь “Ажнай шарга” ХХК.
Гүйцэтгэгч талаас: Барилга байгууламжийг 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдөр байнгын ашиглалтад оруулахаар ажлыг эхлүүлсэн боловч өнөөдрийн байдлаар ажил нь зогссон хэвээр байна. Ажил гүйцэтгэх хуваариас 594 хоногийн хоцрогдолтой гэрээний хариуцлага тооцуулж гэрээг цуцлах саналыг удаа дараалан захиалагч байгууллага руу албан тоот хүргүүлсэн.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Олон улсын хүүхдийн найрамдал төвийн “Усан спорт цогцолбор” Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг
Гэрээ байгуулсан огноо 2014 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2022 оны арванхоёрдугаар сарын 30. Өөрөөр хэлбэл 8 жилийн хугацаанд удаашралтай баригдаж байгаад 2 жилийн хугацаанд царцаагдсан байдалтай байна.  Гэрээний дүн 17.2 тэрбум төгрөг бөгөөд 15.6 тэрбум төгрөгөөр санхүүжсэн. Ажлын явц нь 85 хувьтай зогссон. Гүйцэтгэгч нь “ Эн Ар” ХХК.
Зохиогч талаас: Зохиогч эрхээсээ татгалзах хүсэлтээ албан бичгээр төсвийн ерөнхийлөн захирагчид ирүүлсэн.
Захиалагч талаас: Спорт заалны норм стандарт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор зураг төсөлд тусгагдаагүй  нэмэлт ажил гарсан.
Нэмэлт хөрөнгөгүй гүйцэтгэгч нь зураг төсөл зохиогчоос ирүүлсэн шаардлагыг биелүүлээгүйн улмаас зураг төсөл зохиогч эрхээсээ татгалзах санал гаргасан.
Боловсролын яам
Бага сургууль, дотуур байрны өргөтгөлийн их засвар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн гол баг
Гэрээ байгуулсан огноо нь 2020 оны наймдугаар сарын 1-нээс 2022 оны наймдугаар сарын 30. Тодруулбал, хоёр жилийн хугацаанд удаашралтай барилгын ажил явагдаж байгаад одоогоор царцаагдсан байдалтай байна. Гэрээний дүн 163 сая төгрөг бөгөөд 122.8 сая төгрөгийн санхүүжилтээ авсан. Ажлын явц нь 50 хувь зогссон. Гүйцэтгэгч нь “Төмөрт хос бэрс” ХХК.
Гүйцэтгэгч талаас: Захиалагч Боловсролын ерөнхий газраас гэрээг цуцлах шийдвэр ирүүлсэн тул гүйцэтгэгч байгууллагад мэдэгдсэн гэрээг цуцалсан.
Захиалагч, зохиогч талаас: Ажлын зураг төсөл онцгой байдлын дүгнэлт гараагүйгээс магадлалаар баталгаажих боломжгүй болсон учир үлдэгдэл санхүүжилтийг олгох боломжгүй болсон.
АТГ-аас удаашраалтай баригдаж, царцсан барилгууд олон байгаад байгаа нь дараах шалтгаануудтай холбоотой гэж үзсэн байна. Тухайлбал:
-Зураг төсөлгүй, магадлалаар баталгаажуулаагүй, тендер сонгон шалгаруулалтгүй;
-Газрын зөвшөөрөлгүй болон төлөвлөлт, бэлтгэл ажил хангалтгүй;
-Норм, стандартыг хангадаггүй болон гэрээнд заагдсан хугацаанд хэрэгжүүлдэггүй зэргээс шалтгаалж байна гэж онцоллоо.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн