УИХ-ын гишүүн Ч.Анартай үндэсний хиймэл дагуултай болох асуудлаар ярилцлаа. Тэрээр УИХ-ын сонгуулиар МАН-ын жагсаалтын 3-т эрэмбэлэгдсэн парламентын гишүүнээр анх удаа сонгогдоод байгаа юм. УИХ-ын гишүүн Ч.Анар Франц улстай хамтран хэрэгжүүлэх Үндэсний хиймэл дагуулын төслийг өртөг өндөр байгааг шүүмжилж байгаа юм.
ТЭЗҮ-ээр нийт зардал нь 212.9 сая евро. Үүнээс гадна хиймэл дагуулын хөөргөлт 58 сая евро, зөвлөх үйлчилгээ 3 сая евро, даатгал 40 сая евро байхаар төлөвлөжээ. Мөн үүн дээр ажиглалтын зардалд нэмэгдэнэ. Нэг жилд 0.91 сая евро, 15 жилд 13.65 сая евро байна. Ингээд нийт зардал 328 сая евро байх аж.
-Манай улс үндэсний хиймэл дагуултай болохоор Франц улстай хамтран ажиллах гэж байна. 328 сая еврогоор хэрэгжүүлэх энэ төслийн өртөг үнэтэй байна гэж та энэ салбарын хүний хувьд шүүмжилж байгаа. Та энэ төслийг дэмжиж байна уу?
-Гадаад нөхцөл байдал, үндэсний аюулгүй байдал талаасаа манай улс хиймэл дагуултай болох шаардлагатай. Энэ өөрөө олон жил хүлээгдэж байсан аж. Тэр утгаараа хиймэл дагуултай болох зайлшгүй шаардлагатай. Би үндэсний хиймэл дагуултай болохыг эсэргүүцээд байгаа юм биш. Гол нь өртөг үнэтэй байна. 15 хувь нь манай улсын төсвөөс, 85 хувийг нь хөнгөлөлттэй зээл авч энэ төслийг хэрэгжүүлнэ гэж байгаа боловч буцаад энэ мөнгийг бид ард түмний татвараар төлнө. Тиймээс төсөвт өртөг дээр нь мэргэжлийн салбарынхан ороод хэлэлцээр хийж, бууруулах боломжтой. Дор хаяж хоёр дахин бууруулах боломж бий.
Мөн төслийнхөө талаар гишүүд, сайд нарт салбарын яам нь зөв мэдээлэл өгмөөр байна. Иргэдэд өгч байгаа мэдээлэл нь бүх зүйлийг хийдэг хиймэл дагуул гэж яриад байх юм. Гэтэл технологийн хувьд боломжгүй.
-Тэгвэл дэлхий нийтэд энэ ярьж байгаа хиймэл дагуулыг хэдий хэмжээний өртгөөр хийдэг вэ?
-Би хиймэл дагуул, цахилгаан холбооны инженер хүн. Хоёр, гурван улсад хиймэл дагуулын суурилуулалт хийж байсан учраас өндрийн хиймэл дагуул суурилуулах нь ямар төвөгтэй байдаг вэ гэдгийг мэднэ. Малчин өрхөд тохируулахад хэцүү. Нам орбитын хиймэл дагуул бол машин дээрээ дээшээ харуулж тавиад л болоо. Энэ талаас нь хэлж байгаа юм.
Сүүлийн дөрвөн жил Ondo компанид ажиллаж байхдаа хиймэл дагуулын олон төсөл дээр ажилласан. Тиймээс шинэ үеийн хиймэл дагуулын өртөг дэлхийн зах зээл дээр ямар байгааг мэдээд байгаа юм. Үндэсний хиймэл дагуулыг 120-140 сая ам.долларын өртгөөр хийх бүрэн боломжтой. Мөн илүү шинэ үеийн буюу бага оврын байх боломжтой. Одоо бидний яриад байгаа бол том хиймэл дагуул. Хөөргөхөөр хөөргөлтийн зардал гэж маш их төсөв шаардана.
Намайг ашиг сонирхлын зөрчилтэй гэж харах учраас би ажлын хэсэгт орж ажиллахгүй. Мэдээлэлтэйгээ танилцаж, мэргэжлийн хүний хувьд байр сууриа илэрхийлэх, салбарынхаа төлөөлөл болсон хүний хувьд шаардлагаа тавиад явна.
Ч.Анар
-Малчин өрхийг интернэт сүлжээнд холбоход 29 их наяд төгрөг шаардлагатай гэдэг тооцооллыг хэлээд байгаа. Хиймэл дагуултай болох ач холбогдол юу вэ?
-Хамгийн чухал ач холбогдол бол тусгай чиг үүргийн байгууллага, хил хамгаалах, онцгой байдлын алба зэрэг байгууллагуудад онц чухал ач холбогдолтой. Ялангуяа, Монгол Улсын интернэт харилцаа хоёр улсаас хамааралтай байдаг. Урд талдаа Чайна телеком, Орос телеком. Энэ нь геополитикийн нөхцөл байдал талаасаа Монгол Улс интернэтгүй болох эрсдэлтэй. Гуравдагч гарцыг Старлинкийн интернэт нээсэн. Гэхдээ Украин дээр нэг хүний шийдвэрээр л "Старлинк"-ийг хааж байсан. Үүнээс харахад улс үндэстэн дэлхийтэй бүү хэл дотооддоо ч холбогдох боломжгүй болох эрсдэлтэй. Тиймээс эдийн засгийн ашгаасаа илүү стратегийн хувьд чухал учраас Үндэсний хиймэл дагуулыг хөөргөдөг. Үүний эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх гэж маш олон талт харилцааг үүсгэдэг.
Хөдөөгийн малчдад интернэт хүргэж болно. Гэхдээ одоогийн бидэнд байгаа мэдээллээр 10 гегабайтын багтаамжтай хиймэл дагуул 260 мянган малчин өрхөд энгийн тоогоор хуваагаад үзэхэд маш бага хурдтай очно. Өндрийн хиймэл дагуулд тавган антена тавигдана. Тэгэхээр малчин өрх, орон нутгийн аялал жуулчлалын бааз, аялж байгаа хүмүүсийн хувьд арилжааны хиймэл дагуул хамгаагүй илүү өртөг хямд, хүртээмжтэй. Тиймээс бизнесийн талаасаа харахад үндэсний хиймэл дагуулаас эдийн засгийн өгөөж хүртэхэд эргэлзээтэй.
Өндөр чадалтай, хямд өртөгтэй, жижиг оврын хүртээмжтэй технологи гарсан гэдгийг би мэдэхгүй. Хэрвээ тийм боломжтой байсан бол маш олон хиймэл дагуулыг нам орбитод дэлхийн технологийн компаниуд хийхгүй шүү дээ. Бүгдээрээ нам орбит руу явж, багтаамжийг сайжруулж, өртгийг бууруулж байгаа.
-Геополитикийн хувьд аль улстай хамтарч хиймэл дагуулын төслийг хэрэгжүүлэх нь зөв бэ?
-Геополитикийн хувьд Европын холбооны улстай хамтрах нь зөв. Яагаад гэхээр ҮАБЗ-ийн бодлогоор хоёр хөршийн техник, тоног төхөөрөмжийг авах боломжгүй. Тиймээс ОХУ, БНХАУ-тай хиймэл дагуул дээр хамтран ажиллах хэцүү. Мөн Америкийн хиймэл дагуулыг ашиглахад сансарт байрлаж байгаа зурвасыг хоёр хөршөөсөө зөвшөөрөл авдаг. Тиймээс зөвшөөрөл олгохгүй байх магадлал өндөр. Тэгэхээр Европын холбоо юм уу, Японд үйлдвэрлэгдсэн хиймэл дагуулыг сонгох нь зөв.
-Та энэ салбарт өөрөө бизнес хийж байгаа. Гэтэл хиймэл дагуулын асуудалд эсрэг байр суурьтай байхаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдаад байна л даа?
-Яг тийм. Намайг ашиг сонирхлын зөрчилтэй гэж харах учраас би ажлын хэсэгт орж ажиллахгүй. Мэдээлэлтэйгээ танилцаж, мэргэжлийн хүний хувьд байр сууриа илэрхийлэх, салбарынхаа төлөөлөл болсон хүний хувьд шаардлагаа тавиад явна. Гэхдээ манай компанийн үйл ажиллагааны чиглэл үүнтэй хамааралгүй. Манай хүргэж байгаа хиймэл дагуулууд олон улсад үйлчилгээ үзүүлдэг, мөн чиг үүрэг нь өөр зориулалттай учраас надад ашиг сонирхлын зөрчил огт байхгүй.
Ажлын хэсэгт мэргэжлийн хүмүүсийг оруулах санал гаргасан. Ганц манай компани биш үү дээ. Маш олон салбарын хүмүүс бий. Монгол Улсад шилэн кабель тавихаас өмнө хиймэл дагуулаар л орон нутгийн харилцаа холбоогоо шийдэж байсан. Тиймээс манайд энэ чиглэлийн маш олон инженерүүд бий.
-Хэрвээ Франц улстай энэ төслийг хэрэгжүүлээд явбал хэзээ ашиглалтад орох боломжтой вэ?
-Энэ бол сансарт Монгол үндэстэн гарах замыг тавьж байна гэж энгийнээр ойлгож болно. Тэгэхээр бид өөрсдийн байршлаа хадгалж, ул мөрөө тамгалах гэдэг нь маш зөв. 2027 онд ашиглалт оруулна гэж бидэнд мэдээлж байгаа.