Хөдөлмөрийн зах зээлийн талаар Intelligent.com сайтаас 1000 орчим бизнесийн удирдагчдыг хамруулан судалдсан шинэ тайланд дурдсанаар компаниуд Gen Z үеийнхнийг ажилд авахаас зайлсхийх болжээ. Тухайлбал: Зургаан бизнес эрхлэгч тутмын нэг нь Z үеийг харилцааны ур чадвар, зан төлөв болон мэргэжлийн ур чадвараас нь болж ажилд авахдаа эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.
10 ажил олгогч тутмын зургаа нь 2024 онд ажилд орсон төгсөгчдийг ажлаас нь халсан байна.
Долоон хүн тутмын нэг нь ирэх жил ч гэсэн шинэ төгсөгчдийг ажилд авахаас татгалзаж магадгүй гэж мэдэгджээ.
Gen Z буюу шинэ үеийнхэнтэй харилцан ойлголцож, хамтран ажиллах сорилт манай улсын хөдөлмөрийн зах зээлийн тулгамдаж буй асуудлуудын нэг болоод байна. Түүнчлэн, Монгол Улс 1990-ээд оны шилжилтийн үед төрөлт буурсан тул ажиллах хүчний тоо бусад үетэй харьцуулахад харьцангуй бага байгаа аж. Саяхан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан судалгаагаар Gen Z үеийнхэн буюу 2000 оноос хойш төрсөн залуучууд 2035 он гэхэд хөдөлмөрийн насны хүн амын 43 хувьтай тэнцэхээр байна. Энэ нь хүний нөөцийн бодлогыг эрс шинэчлэх шаардлага үүсэж байгааг харуулж байгаа юм. Иймд Монголын томоохон компаниудын шинэ үеийнхэнтэй ажиллах ямар сайн туршлага хэрэгжүүлж байгааг нь хуваалцлаа.
Онцлогийг нь мэдээд харилцан ярилцаж чадвал шинэ үеийнхэн маань харин ч илүү бүтээмжтэй ажиллаж чадна
ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба: Манай банкны нийт ажилтнуудын 15 хувийг 25-аас доош насны шинэ үеийнхэн эзэлж байна. Шинэ үеийнхний онцлогийг эхлээд ойлгох нь зүйтэй юм. Шинэ үеийнхэн маань бидний нүдээр шинэ технологи, программд маш амархан суралцдаг, ийм чадвартай төрсөн юм уу гэмээр. Хоёрдугаарт, шинэ үеийнхэн нийгмийн ажлууд буюу сайн дурын ажилд идэвхтэй. Өөрийн хийж чаддаг зүйлээрээ бусад хүмүүст туслах дуртай. Үүнийг бас түшиглэх нь зүйтэй гэж бодсон. Мөн шинэ үеийнхэн хувийн орон зай, эрх чөлөөг эрхэмлэдэг. Өөрийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлэх дуртай. Мөн ажлын орчинд уян хатан, гэрээсээ, зайнаас ажиллах боломжтой байх, бүх ажлыг ажлын цагтаа хийгээд гэртээ харих, ажил амьдралын тэнцвэрийг хадгалах сонирхолтой үе юм. Энэ онцлогийг нь ойлгочихвол удирдахад асуудал бага байна гэж харсан. Харин шинэ үеийнхэнтэй яаж харьцаж, ойлголцвол илүү сайн ажилтан болгох вэ гэдэг дээр удирдах ажилтнууд сурах зүйл их бий. Тийм ч учраас ХААН Банк удирдах ажилтнууддаа зориулаад “Шинэ үеийнхэнтэй яаж ажиллах вэ. Хэрхэн тэднийг үр дүнтэй удирдах вэ” гэдэг сургалтуудыг шат дараатайгаар авч эхэлж байгаа. Онцлогийг нь мэдээд харилцан ярилцаж чадвал шинэ үеийнхэн маань харин ч илүү бүтээмжтэй ажиллаж чадна гэж бодож байна.
Байгууллага бол зөвхөн цалин авдаг газар биш
Макс группийн хүний нөөцийн хэлтсийн захирал О.Солонго: Макс групп нь 4500 гаруй ажилтантай. Үүний 25 орчим хувь нь Gen Z буюу залуу үеийнхэн. Gen Z үеийнхний онцлог нь ажлын орчин нөхцөл, тав тухтай байдал, уян хатан цагийг илүүд үздэг. Бид ажлын орчноо сайжруулахад 4 тэрбум гаруй төгрөгөөр засвар, шинэчлэл хийж ажлын орчинд тав тухтай байх нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн ширээний хөл бөмбөг, теннис, дартс, заал авах зэрэг чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэх олон талын боломжуудыг олгож байгаа.
Gen Z үеийнхэн сэтгэл зүйн хувьд нэлээд тогтворгүй гэдэг юм уу ажлаас халшрах шинжтэй байдаг. Олон улсын судалгаанаас харахад нийт ажиллах хүчний 15 хувь нь сэтгэл зүйн асуудалтай байна. Энэ дундаа Gen Z үеийнхэн 30-40 хувь нь сэтгэл гутрал эсвэл стресст амархан өртдөг бүлэг. Энэ чиглэлд илүү анхаарах үүднээс манай байгууллага сэтгэл зүйч ажиллуулдаг. Gen Z үеийнхэн хамтран ажиллахад технологийн мэдлэг, дижитал чадамж сайтай, нээлттэй хандлагатай, бүтээлч, инновацилаг, нийгэмийн сайн сайханд чиглэсэн ажлуудад маш идэвхтэй, тусархуу байдаг давуу талуудтай тул бидний зүгээс хүний сайн сайханд чиглэсэн бодлогоор дамжуулан бие, сэтгэлзүйн, гэр бүлийн, санхүүгийн, хамт олны сонирхолд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, сургалт хөгжил, карьерын хувьд сонирхолтой, уян хатан, тав тухтай, олон төрлийн хөрвөн ажиллах боломжийг олгодог ба хамтран ажиллахад таатай Genz үеийнхнээсээ бас л суралцсаар байдаг.
Мөн манайх ажлын уян хатан цагийн хуваарийг баримталдаг. Тухайлбал, өглөө 7-10 цагийн хооронд ажилдаа ирэх боломжтой. Ажилдаа ирсэн цагаасаа хамаараад эрт тарах боломжийг хотын их түгжрэлээс сэргийлэх таатай нөхцөлийг бид бий болгохоор ажиллаж байна. Ажлын орчин нөхцөлийн хувьд дуртай газраа буюу гэртэйгээ ойрхон салбарын оффис дээр очиж ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнчлэн, группийн хэмжээнд фитнес, иог, бассейн зэрэг хөдөлгөөн, биеийг нь хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдгээрээ онцлогтой. Байгууллага бол зөвхөн цалин авдаг газар биш. Энд хүмүүс сурч, хөгжиж, ирээдүйгээ бүтээдэг, хамт олонтой болдог, танилын хүрээгээ тэлдэг газар. Тиймээс өөрийгөө хөгжүүлэх боломжийг нь байгууллага олгох хэрэгтэй. Иймдээ ч манайх дуртай ажлаа хийх, дуртай сургалтдаа хамрагдах боломжийг нээлттэй олгодог.
Интермед эмнэлгийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Цолмон: MCS групп нийт 13 мянган ажилтантай. Тэдгээрийн 40 хувь нь Gen Z үеийнхэн буюу залуу үеийнхэн түрэн орж ирж байна. Бид 2016 оны MCS группийн удирдах ажилтны зөвлөгөөн дээр шинэ үеийнхний асуудлыг ярьж эхэлсэн. Иймдээ ч бид ажилтнуудын үнэт зүйлүүдийг 2020 онд агуулгыг нь хэвээр үлдээж, хэлэх үгнүүдийг нь одоогийн залуучуудын хэв маягт тохируулсан. Жишээлбэл, ажлыг хашраана, бид ажлыг хашраадаг, хайр түгээгч, бид ажил мэргэжлээ өнгөлөн тордогчид, өндөрт өргөгчид гэх мэтчилэн өөрчилсөн. Түүнчлэн, манай компани залуу үеийнхэнд чиглэсэн олон ажил хийдгээс хамгийн сүүлд гэхэд “MCS benefit” сайтыг ажиллуулж эхэлсэн. MCS группийн ажилтан болгон “benefit” аппликейшн руугаа ороод MCS группийн охин компаниудын бүтээгдэхүүнүүдээс өөртөө хэрэгтэй байгаа худалдан авалт, үйлчилгээгээ хөнгөлөлттэй үнээр авч болно.
Зөвхөн Gen Z үеийнхэнд биш нас насны үечлэлийнхэнд давуу болон сул тал бий
Монос группийн хүний нөөц хариуцсан захирал Б.Мөнхцэцэг: Монос групп компани 2500 ажилтантай. Үүний 25-30 хувийг Gen Z үеийнхэн эзэлдэг. Gen Z үеийнхэн технологийн чадвар илүү сайн, өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, түүнээсээ кайф авдаг юм шиг санагддаг. Тухайлбал, цагийн юмыг цагтаа хийж, энэ байгууллагын зорилго нь миний зорилготой хэрхэн уялдаж байна вэ, миний оруулж байгаа хувь нэмэр ямар үнэ цэнийг бий болгож байгаа вэ гэх мэтчилэн онцлогтой. Иймээс үүнийг нь ойлгуулж, мэдрүүлж ажиллах нь чухал.
Монос группийн хүний нөөцийн бодлого чиглүүлгийн хувьд бид ажилтны сайн сайхан байдлыг дэмжих хөтөлбөрүүдээрээ дамжуулан сайжруулж, зорьж ажиллаж байгаа. Манай ажилтнууд дөрвөн насны үечлэлээр баг болоод ажиллаж байгаа. Зөвхөн Gen Z үеийнхэн онцлог талтай биш. Нас насны үечлэлийн онцлог нь харилцан адилгүй өөр байдаг. Тухайн насны ажилтны давуу болон сул тал гэж байгаа. Түүнийх нь онцлогт тохируулаад бид аливаа ажилтныхаа оролцоог хангах тал руу бодлогоо чиглүүлдэг.
Манайх ажлын байран дээр ч гэртээ байгаа юм шиг тухтай мэдрэмжийг төрүүлдэг
“UbCab Holding”-ийн хүний үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Хосчимэг: Манайх 140 ажилтантай. Эдгээр ажилтнуудын 60 гаруй хувь нь Gen Z үеийнхэн. Бид технологи суурьтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас залуу үеийнхэн түлхүү ажилладаг. Захирлууд 40-өөс доош насны залуу хүн бий. Манайх ойлголцох, нэгэнтэйгээ уусаж ажиллах, хайрлах гэх юм уу эдгээр зүйлүүдээр нэгдэж ажилладаг гэж боддог. Хамт олон дотроо уралдаан тэмцээн олныг зохион байгуулдаг. Ажилтан бүрийн сонирхолд нийцсэн сонирхлын клубуудыг ажиллуулдаг. Өөрийн хүслээр дуртай клуб үүсгээд ерөнхийлөгч нь болох боломжтой байдаг. Энэ нь өөрөө манай залуучуудыг идэвхжүүлж өгдөг. Сонирхлын клубууд тодорхой хэмжээний ивээн тэтгэлэгтэй бөгөөд сар, улирал, жилдээ тэмцээн зохион байгуулж, идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг.
Манай компанийн ажлаас гаралтын хувийг технологийн хэсэг дээр харвал 7 хувийг эзэлдэг. Зайлшгүй эргэлт буюу цэрэг татлага, өвчин, гадаад явах гэдэг ч юм уу ийм нөхцөлөөр гардаг. Бусад нөхцөлд гаралт, оролт байдаггүй. Манай Gen Z үеийнхэн хамгийн их ажилладаг "Mezorn" гээд it-гийн компани дээр жишээ аваад ярья. Нийт ажиллах хүчнийх нь 80 хувь нь залуу үеийнхэн. Цагийн уян хатан системтэй ажилладаг бөгөөд 14 хоногт нэг удаа үнэлгээг нь хийдэг. Амжилтаа тэмдэглэдэг гэх юм уу. Иймэрхүү зүйлүүд дээр бид холбогддог. Мөн баг болгоны ахлах өөрөө тухайн ажилтантайгаа маш сайн нийцэж ажилладаг. Ахлах нь тухайн насны онцлогт тохирч ажиллах хүний үйл ажиллагааны бодлоготой. Энэ нь тухайн ажилтан юуг хүсэж байна. Сэтгэл зүйн хувьд ямар нөхцөл байдалд байгаа, ер нь ямар түвшинд ажиллаж байна, ур чадварыг нь хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг нөхцөлүүдийг удирдлага нь тодорхойлдог.
Түүнчлэн, манайх Netflix, Amazon, Google-ийн стандартуудыг нэвтрүүлээд ажиллаж байгаа учраас үүнтэй холбоотой илүү шинэлэг байдаг болов уу. Энэ нь одоогийн залуучуудад яг тохирдог. Тухайлбал, манайх унтаж амардаг цэгтэй, усанд ордог өрөөтэй гэх мэтчилэн яг гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Мөн ажлын байранд ч гэсэн ажлын гэхээс илүү ах, эгчийн эсвэл role model дээр нь дөрөөлөөд хандаж ажилладаг.